Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнгөрсөн шөнийн 00:00 цагаас хойш нийслэлийн гурван амаржих газарт 20 гаруй эх төрсөн байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн “Амгалан” амаржих газарт 2018 онд буюу дөнгөж төрсөн  ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс  үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэдэд гарын бэлэг гардуулж байна. Шинэ хүн төрнө өө гэдэг айл гэрт аз жаргал авчирж, улс орны хөгжилд ч гэсэн хувь нэмэртэй явдал.

Энэ жилийн хувьд нийслэлийн гурван амаржих газраар  явж дөнгөж мэндэлсэн хүүхдүүддээ өлгийний аж бүрдэл, өргөмжлөл зэрэг гарын бэлэг гардуулж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн шөнийн 00:00 цагаас хойш өнөө өглөөний байдлаар нийслэлийн гурван амаржих газарт нийтдээ 20 гаруй эх төрсөн юм байна. Дөнгөж төрсөн ээжүүдийн царайнаас аз жаргал, баяр баясал мэдрэгдэж  байна. Эдгээр ээжүүд болон баяцхан үрсэд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.

Мөн бидний саналыг дэмжин хамтарч ажилласан үндэсний үйлдвэрлэгчиддээ баярлалаа. Цаашид жил бүр энэхүү ажлыг  уламжлал болгон зохион байгуулах болно” хэмээн онцоллоо.

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ –ын тэргүүн Г.Майцэцэг “Нийслэлийн ЗДТГ-аас “2018 оны эхний өдөр мэндэлсэн нярайд бэлэг гардуулна. Тиймээс энэ гарын бэлгийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлээч ээ” гэсэн санал ирүүлсэн.

Бид энэхүү саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Энэхүү багцад нярай хүүхдэд хамгийн их хэрэгцээтэй байдаг цүнх буюу өлгий багтсан байгаа. Цүнх нь дэлгэгдэж өлгий болдог. Нярай болон ээжид маш их хэрэгцээтэй зүйл багтсан бэлгийн багцыг бид бүхэн ийнхүү үйлдвэрлэлээ.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин гэдэг нь ердөө л энэ үйл явдал юм. Энэхүү захиалгыг үндэсний үйлдвэрлэгчид хүлээн авсандаа маш их баяртай байгаа гэдгийг энэ дашрамд хэлье” гэв.

“Амгалан амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 00:00 цагаас хойш 11 эх амаржсан байна. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ий 09.00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 09.00 цаг хүртэл 28 эх амаржжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн гарын бэлгийг гардуулж байгаа билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.