Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын Оттава дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн титмийг Улаанбаатараас түр хугацаанд булаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Парламентийн ордны гадна бэлдэж буй мөсөн талбай

Ойрын өдрүүдэд Канадын нийслэл Оттава хотод хүйтний эрч чангарснаас дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр хэсэг хугацаанд өргөмжлөгдөөд байна.

Тухайлбал өнгөрсөн Лхагва гарагийн шөнө Оттавад -29 хэм хүрсэн нь олон жил болоогүй хүйтрэлт ажээ. Жилийн дунджаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог Улаанбаатарт энэ шөнө -26 хэм хүрч байсан гэнэ. World Atlas байгууллагын тогтоосноор жилийн дундаж агаарын хэмээр Монгол улсын нийслэл Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог бол Канадын Оттава жагсаалтын долдугаарт ордог байна.

Дэлхийн бусад хүйтэн нийслэл хотууд болох Москвад энэ шөнө +2, Астанад -13, Хельсинкид +1, Рэйкявикт -4, Таллинд 0, Гринландын Нүкт -6 хэм тус тус байсан гэнэ.

Хүйтний эрч сулрахгүй байгаа тул шинэ он солигдох мөчид зохион байгуулдаг концертоо Оттава хотын захиргаа цуцалсан байна.

Ням гарагийн шөнө Оттавагийн агаарын хэм -29 хэм байхаар байгаа нь жилийн дунджаас 20 орчим хэмээр доогуур байгаа ажээ.

Мөн шинэ оныг угтан зохион байгуулдаг хоккейн тэмцээнийг гадаа талбайд зохион байгуулахаа больж, дотор танхимд явуулахаар болсон байна. Уг нь хотын төвд уг тэмцээнд зориулж 5.6 сая канад долларын өртгөөр мөсөн талбай байгуулаад байсан юм.

Нийт Канад даяар энэ өдрүүдэд онцгой хүйтэрч байна.

Тухайлбал Пүрэв гарагт Торонто хотод сүүлийн 57 жилд тохиогоогүй хүйтэн болж, агаарын хэм нь -22 хүрчээ.

Тус улсын зарим бүс нутгуудад -40 хэм хүртэл хүйтэрч байгааг цаг уурын мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian