Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн иргэд хоосон ширээтэй шинэ оныг угтаж байгаадаа бухимдан жагсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зул сарын баяраар гахайн махаар ширээгээ засдаг уламжлалтай Венесуэльчууд энэ жил баяраа ном ёсоор нь тэмдэглэж чадаагүйдээ бухимдан нийслэл Каракасын гудамжинд жагсжээ.

Энэ сарын эхээр тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро гадаадаас хямд үнээр гахайн мах импортлож, хоол хүнсний хомсдолтой байгаа иргэдээ хангана гэж амласан юм.

Гэвч ерөнхийлөгчийн амлалт биелээгүйн улмаас иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ.

Тэдний дотор Мадурогийн засгийн газрыг хүчтэй дэмждэг Чавистууд хүртэл байгаа нь нөхцөл байдлыг ноцтой болгож байна.

Энэ долоо хоногт телевизийн сувгаар мэдэгдэл хийхдээ Мадуро гахайн мах нийлүүлэх ёстой байсан Португалийн эрх баригчдыг үүнд буруутгажээ.

“Тэд биднийг санаатайгаар хорлолоо” хэмээн Мадуро ард иргэддээ хэлсэн байна.

Гэвч Португалийн гадаад хэргийн сайд Августо Сантос Силва гахайн махыг нийлүүлэх байсан тус улсын хувийн компанийн хэрэгт засгийн газар оролцоогүй гэж мэдэгдсэн юм.

“Үүнд улс төрийн ямар ч нөлөө ороогүй” гэж тэр мэдэгджээ.

Португалийн мах бэлтгэлийн Рапорал компани засгийн газрынхаа байр суурийг дэмжиж, Венесуэлийн засгийн газар махны мөнгийг төлөөгүй тул нийлүүлэлтийг хийгээгүй гэж тайлбарласан юм.

Бас 2016 онд нийлүүлсэн 14,000 тонн гахайн махны төлбөр 40 сая еврог одоо болтол төлөөгүй байгааг мэдэгдсэн байна.

Гэвч Венесуэлийн эрх баригчид бусад руу буруугаа чихсээр байгаа юм. Пүрэв гарагт тус улсын хүнсний хангамж хариуцсан сайд Фрэдди Бернал хөрш Колумб улсад ирээд байсан 2,200 тонн махыг АНУ-ын эдийн засгийн хоригийн улмаас авч чадахгүй байгаагаа твиттер хуудсандаа мэдээлжээ.

Хэдийгээр АНУ нь Венесуэлийн эсрэг хүнсний хориг тавиагүй ч эдийн засгийн ерөнхий хоригт нь хүнсний импорт хамрагдаж байгааг тэр тайлбарласан байна.

Ийнхүү уламжлалт баяраа тэмдэглэж чадаагүй Венесуэльчууд “гахайн махны хувьсгал” дэгдээж болзошгүй болжээ.

 

Эх сурвалж: Quartz