Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

М.Төгсбаясгалан: MIT-д суралцахад "Сант" сургуулийн хөтөлбөр маш том ДАВУУ ТАЛ болсон

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Жил бүр дэлхийн шилдэг их сургуулиар нэрлэгддэг Массачусетсийн Технологийн Институт нь 1861 онд байгуулагдсан бөгөөд математик, физикийн хичээлээр онцгой амжилт гаргасан оюутнуудыг элсүүлдэг. Өргөдөл гаргасан сурагчдын 7 хувь нь  тэнцдэг гэхээр ямар өндөр босготой болох нь харагдана. Манай улсаас сүүлийн 4-5 жилийн хугацаанд жил бүр нэг сурагч MIT-д элсэж суралцаж байна. Түүний нэг нь М.Төгсбаясгалан юм.

Тэрбээр өвлийн амралтынхаа хэсэг хугацаанд Монголд ирээд байхад нь бид уулзаж ярилцлаа. 


-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Би МIT-ийн III курст суралцдаг. Үндсэн мэргэжил маань компьютерийн шинжлэх ухаан /computer science/ бөгөөд статистикийн мэргэжлээр давхар сурч байгаа.

-Монголд хэр удаан хугацаатай ирсэн бэ. Энд юу хийхээр төлөвлөж байна?

-14 хоногийн хугацаатай ирсэн. Шалгалтуудаа өгчихөөд шууд Монгол руу ниссэн. Удахгүй хичээл эхлэх учраас гэр бүлийнхэнтэй хамт цагийг өнгөрүүлж байгаад буцах төлөвлөгөөтэй байна.

-Босго өндөртэй MIT-д тэнцэхэд нөлөөлсөн гол давуу тал чинь юу байсан гэж боддог вэ?

-Би 2015 онд “Сант” сургуулийг төгссөн. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа физикийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж олон улсын олимпиадад ороод хүрэл медаль авсан нь том давуу тал болсон гэж боддог.  

Мөн манай сургуулийн захирал З.Энхмөнх өөрөө MIT төгссөн учраас бидэнд зөвлөн тусалж, энэ сургуульд сурахад ямар байдал талаар үргэлж мэдээлэл өгдөг байсан нь нөлөөлсөн. Дараа нь манай дээд ангид суралцдаг М.Баттүшиг MIT-д тэнцэж чадсан нь маш их урам зориг болж удалгүй би өөрөө тэнцэж чадсандаа их баяртай байдаг.

-Физикийн олимпиадын амжилтаас гадна хэлний мэдлэг чадвар хэр нөлөөлсөн бэ?

-“Сант” сургуульд англи хэлийг маш сайн заасан байсан учраас тодорхой хэмжээнд бэлдээд шалгалтууддаа орсон. Хэлнийхээ шаардлагыг бүрэн хангаж их сургуульдаа элссэн.

омпьютерийн шинжлэх ухааны чиглэлээр яагаад мэргэжил эзэмших болов?

-Компьютерийн шинжлэх ухааны чиглэл харьцангуй шинэ бас олон төрөлд хуваагддаг. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр хүссэн зүйлээ хийж, байнга өөрчлөн шинэчлэгдэх боломжтой. Энэ чиглэлээр хамгийн алдартай нээлтүүдийг хийсэн хүмүүс нь амьд, одоо хүртэл манай сургуульд бидэнд хичээл зааж байдаг нь маш гоё санагддаг.

-Компьютерийн шинжлэх ухаан гэхээр их өргөн хүрээний ойлголт. Яг ямар чиглэлээр нарийсч мэргэших вэ?

-Одоохондоо бүрэн шийдээгүй байгаа. Яваандаа Machine Learning, Artificial Intelligence буюу хиймэл оюун ухааны чиглэлээр суралцах бодолтой байдаг.

"Machine Learning, Artificial Intelligence буюу хиймэл оюун ухааны чиглэлээр суралцах бодолтой байдаг"

-Хиймэл оюун ухааны салбар хурдацтай хөгжиж байна. Энэ хөгжлөөс Монголчууд хоцорч болохгүй. Хоцрохгүйн тулд яах ёстой гэж боддог вэ?

-Монголоос АНУ-д компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд их байдаг. Тэд төгсөөд тодорхой хэмжээний ажлын туршлагатай болохоор Монголд энэ чиглэлийг хөгжүүлэх байх гэж боддог. Боловсон хүчин нь бэлтгэгдэж байгаа учраас Монгол салбарын хөгжлөөс ирээдүйд хоцрохгүй байх гэж найдаж байна.

Миний хувьд төгсөөд эндээ хэсэг хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулна. Монголд хэрэгтэй зүйл хийж чадах хэмжээнд очсоныхоо дараа ирж ажиллана.

-Анх MIT-д очсоны дараа хичээлүүд нь хэр хүнд санагдаж байсан бэ?

-“Сант” сургуульд байхдаа олимпиадад их орж, олон улсын Advanced Placement /AP/ хөтөлбөрт хамрагдсан учраас хичээлүүд нь тийм ч хүнд санагдаагүй. Мэдээж ачаалал ихтэй байсан ч бусад орны оюутнуудаас хоцрогдох асуудал гараагүй.

MIT-д ороход “АP” хөтөлбөрийн хичээлүүдийг үзчихсэн байвал зарим хичээлээ алгасаад шууд мэргэжлийнхээ хичээлүүдийг үзэх боломжтой байдаг. Ингэснээр америк оюутнуудтай зэрэгцээд сурч чадсан. Тэд ч бас их сургуульд орохоосоо өмнө уг хөтөлбөрт хамрагдсан байдаг.

“Сант” сургуульд байхдаа олимпиадад их орж, олон улсын Advanced Placement /AP/ хөтөлбөрт хамрагдсан учраас хичээлүүд нь тийм ч хүнд санагдаагүй

-Монголд төгссөн хэрнээ америк оюутнуудаас хоцрогдоогүй байна гэдэг их сайн хэрэг шүү.

-Тийм ээ. “Сант” сургуулиас миний дараа элссэн Х.Цэрэнчимэг, Л.Оюунтөгс нар ч бас “AP” хөтөлбөрийн хичээл авчихсан байсан учраас зарим хичээлүүдээ алгасаад шууд мэргэжлийн хичээлүүдээ үзэж байгаа.

-Бакалаврт суралцаж буй оюутнуудын дийлэнх нь “Сант” сургуулийг төгсөгчид байдаг уу?

-Бакалаврт Монголоос 5 оюутан суралцаж байна. Үүний 3 нь “Сант” сургуулийнх, нөгөө хоёр нь “Орчлон”, “Мон-Турк” сургуулийн төгсөгчид байгаа. Харин магистрт суралцаж байгаа хоёр оюутны нэг нь “Сант” сургуулийн төгсөгч бол нөгөө нь Нэгдүгээр сургуулийн төгсөгч байдаг.

"тэтгэлэгт хамрагдсан учраас амьдрах зардал, сургалтын төлбөртөө санаа зоволгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулж чаддаг"
 
Гэрэл зургийг MPA.mn

-MIT их өндөр төлбөртэй сургууль. Тэтгэлэгт хамрагдсан уу, одоо хаана амьдарч байна вэ?

-Одоо Кэмбрижд байрлах сургуулийнхаа дотуур байранд амьдарч байгаа. Өрхийн орлого нь жилийн 65 мянган ам.доллараас доош оюутнууддаа манай сургууль 100 хувийн тэтгэлэг олгодог. Би тэтгэлэгт хамрагдсан учраас амьдрах зардал, сургалтын төлбөртөө санаа зоволгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулж чаддаг.

MIT шиг том сургуулиудад төгсөгчид болон хувь хүмүүс, компаниуд их хэмжээний хандив өгдөг учраас оюутнууд төлбөрийн боломжгүй бол тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.

-Өнгөрсөн 3 жилийн хугацаанд суралцахдаа хийж байсан сонирхолтой зүйлсээсээ хуваалцаач?

-Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог. Тухайлбал төрөл бүрийн програм бичих клубт орж, ази бүжгийн багт элссэн байгаа. Мөн сонирхолтой судалгаанууд хийх боломж байдаг. Тухайлбал би нэгдүгээр курсийнхээ зун Сингапур явж цахилгааны чиглэлийн судалгаа хийж байсан. Ер нь олон боломж байдаг учраас тэр бүрийг ашиглахыг хичээдэг.

-MIT-д элсэн суралцахыг хүсч буй сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай сургуулийн оюутнуудын онцлог бол өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл суралцах сонирхол ихтэй байдаг. Тиймээс сургуульд элсэх өргөдөл гаргахдаа өөрийгөө сорих, хөгжүүлэх сонирхолтой гэдгээ маш сайн илэрхийлэх хэрэгтэй.

Мөн суурь хичээлүүддээ сайн байх ёстой. Хэлээ сайн үзэж, тууштай байгаарай. MIT гэхээр хүүхдүүд их айдаг. Гэхдээ оролдож үзэхгүй бол тэнцэх магадлал 0 учраас боломжуудаа ашиглах л хэрэгтэй.  

"MIT гэхээр хүүхдүүд их айдаг. Гэхдээ оролдож үзэхгүй бол тэнцэх магадлал 0 учраас боломжуудаа ашиглах л хэрэгтэй"

-Монголоос яагаад жилд нэг оюутан элсүүлдэг юм бол?

-Ганцхан Монголоос цөөн оюутан элсүүлдэг гэж ойлгож болохгүй. Манай сургуулийн бакалаврт 4,000 гаруй оюутан байдаг. Жилдээ гадаадын улс орнуудаас 100 оюутан л авдаг учраас Монголоос 1-2 оюутан авдаг байх. Энэ нь бусад улсуудынхаас цөөн гэсэн үг биш.

Харин АНУ-аас 1,000 орчим оюутан элсүүдэг.

-MIT-ийн оюутны хотхон амьдардаг гэсэн. Танай сургуулийн оюутнууд хоорондоо юу ярьж, юу сонирхож байна вэ?

-Олон төрлийн сонирхолтой оюутнууд байна. АНУ, дэлхийн улс төрийг сонирхож ярилцдаг оюутнууд ч бий. Мөн философид дуртай, философийн сэдвээр гүн гүнзгий ярилцах дуртай оюутнууд байна. Ерөнхийдөө өөрсдийнхөө сонирхлоор мэдлэг, үзэл бодлоо хуваалцдаг.

-MIT-ын багш нар ямар хүмүүс байдаг вэ?

-Салбартаа л хамгийн шилдэг эрдэмтэд байдаг. Тэд олон судалгааны ажил хэвлүүлж, гайхалтай нээлтүүд хийсэн ч маш энгийн хүмүүс байдаг нь сайхан. Оюутнууд мэдэхгүй зүйлээ асуухад хэзээ ч цааргалдаггүй, уриалгахан хандаж, бидэнд тусалдаг.

-Багш нараасаа авч байсан хамгийн чухал зөвлөгөөнөөс хуваалцаач?

-Анх нэг, хоёрдугаар курст байхад миний хичээлийн зөвлөгч надад “Олон хичээл үзэх гэж битгий яар. Түүний оронд хийж байгаа зүйлдээ тууштай, сурч байгаадаа баяр баясгалантай байх нь илүү чухал” гэж хэлж байсан нь үргэлж бодогддог.

Ер нь гадаад хүмүүс хийж байгаа зүйлдээ дуртай, сэтгэл ханамжтай байхыг илүүд үздэг. Дургүй зүйлээ хүчээр хийвэл яагаад ч амжилт гаргахгүй.

-Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.