Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ онд чуулганы хуралдааны ирцийг сайжруулах асуудалд гишүүд анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байна"

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы энэ оны отгон чуулганы нэгдсэн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ.

Тэрбээр "Байгууллага бүр тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо зорилт, хийх ажлыг төлөвлөж байгаа энэ цаг үед 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг товч дүгнэх нь зүйтэй юм.

Шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 1 жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 525 хууль баталснаас бие даасан хууль 56-г баталсан байна. Мөн Улсын Их Хурлын 162 тогтоол баталжээ.

Өмнөх Улсын Их Хуралтай харьцуулахад 1 жил 5 сарын хугацаанд баталсан хуулийн тоогоор 93.7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 19-өөр буюу 53.5 хувиар, баталсан тогтоол 20-иор буюу 14.1 хувь өндөр байна. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.

Түүнчлэн өмнөх парламент хуулийн хугацаанд хэлэлцэн батлаагүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нөхөн баталж, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд баталж ирлээ.

Улсын Их Хурлаас баталсан хууль, бодлогын шийдвэрүүд зохих үр дүнгээ өгч байгаа нэгээхэн жишээ бол эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5.8 хувьд хүрсэн явдал юм. 

Тэрбээр цааш хэлэхдээ, өнгөрч буй онд Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд байгуулагдсан 13 ажлын хэсэгт давхардсан тоогоор 83 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, танилцах ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн хяналт шалгалтын мөрөөр Улсын Их Хурлын 2 тогтоол, Байнгын хорооны 6 тогтоол гарч, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна.

Ерөнхий сайд, Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад хандан Улсын Их Хурлын 17 гишүүнээс 18 асуулга тавьж, 13 гишүүний 11 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг сонсож, улс орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.

Нэгтгэн дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зохих ёсоор, амжилттай хэрэгжүүлсэн дүнтэйгээр 2018 онтой золгож байна.

Шинэ онд амжилтаа улам бататгаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцэх, олон түмнээс гарч байгаа бодит шүүмжлэлийг хүлээн авч нэгдсэн болон чуулганы хуралдааны ирцийг сайжруулах асуудалд гишүүд, Байнгын хороодын дарга нар илүү анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурлын гишүүд, нийт ард иргэддээ маргааш тохиох Монголын ард түмний бахархан дурсвал зохих түүхт үйл явдал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе" гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.