Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Чарли Чаплин: Хошин мэдрэмж бол зовлон шаналлыг даван туулах хэрэгсэл

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

Багадсан хүрэм, хэлхгэр өмд, бүрх малгай өмссөн жижигхэн эр таягаа эргүүлсээр дэлгэцийн өмнө гарч ирэхэд найман настай балчраас эхлээд наян настай буурлын нүүрэнд өөрийн эрхгүй мишээл тодорно.

Сайхан сэтгэлт бүтэлгүй тэнүүлч эр үзэгчид та бидний сэтгэлд гүн хоногшсон, кино урлагийн түүхэнд оргил болон мөнхөрсөн дүр яах аргагүй мөн билээ. Энэхүү дүрийг амилуулсан суутан бол Чарли Чаплин нэрээрээ алдаршсан Английн инээдмийн жүжигчин, кино найруулагч Эрхэм Чарльз Спенсер Чаплин (1889-1977). Нийгэм, цаг үеийн нөхцөл байдлыг хөгжилтэй, хүмүүст хүртээмжтэй байдлаар хүргэх төрөлхийн авьяастай төрсөн түүний амьдрал ч бас эгэл бус зам туулсан. Түүний 1966 онд нэрт сэтгүүлч Ричард Мэримэнтэй хийсэн “Алдагдсан ярилцлага"-ыг толилуулъя.

-Ричард Мэримэн: Энэ ярилцлагыг таны бүтээлүүд болон тэдэнд шингээхийг хүссэн урлагийн талаар хүмүүст хүргэхийн тулд хийж байгаа юм. Таныг яаж ажилладгийг сонирхох хүн цөөнгүй байгаа байх?

-Чарли Чаплин: Бүгдийг нь нэгтгээд дүгнэвэл би ажилдаа маш их сэтгэл гаргадаг.

Хийж байгаа бүх үйлдэлдээ анхааралтай ханддаг. Хэрвээ өөр ямар нэг зүйлийг илүү сайн хийдэг байсан бол тэр зүйлээ л хийх байсан биз. Гэхдээ үгүй юм даа.

-Дэлхийд алдартай тэнүүлч эрийн дүр чухам ямар хором мөчөөс урган гарав аа?

-Үнэхээр санаандгүй байдлаар гараад ирсэн юм байна. Зураглаач намайг хөгжилтэй байдлаар нүүрээ будаадах гэсэн юм. Гэтэл санаанд юу ч орж ирдэггүй шүү. Тэгээд ямартай ч хувцасны өрөөнд очъё гээд алхаж явлаа. Тэр үед бүгдийг нь эсрэгцүүлээд үзвэл ямар вэ гэсэн бодол орж ирсэн. Хэлхгэр өмд, бариу хүрэм, том толгой, жижиг малгай. Жентельмен шиг хэр нь ядруухан эр.

Хувцасны хувьд ингэж шийддэг юм байж, харин нүүр будалтаа яах вэ гэж бодлоо.

Нухацтай хэр нь гунигтай төрхийг нь хошин шогоор халхлахын тулд жижигхэн сахал олсон. Сахал үнэндээ тэнүүлч эрийн дүрд тийм ч чухал биш. Миний нүүрний илэрхийллийг нууж чадаагүй шүү дээ.

-Өөрийгөө толинд хараад ямар санагдаж байв?

-Энэ болно оо л гэж өөртөө хэлсэн. Намайг камерын өмнө гарч, жүжиглэж эхлэх хүртэл нүдэнд торохооргүй л хувцаслалт. Тайзан дээр гарлаа, би бэлэн байгаагаа мэдэрч байсан. Дотоод мэдрэмжээ чагналаа, би сэтгэл хангалуун байв. Тэгээд л дүр маань бий болчихсон.

Зочид буудалд тэнүүлч маань зочны дүрд тоглоод, багахан ч болов амрах гэдэг хэсэг бий. Хүн бүр түүнийг сэжиглэнгүй харах ч дүр маань зочдын нэг мэт аашилдаг. Хүлээн авах хэсэгт очоод тамхи асаангаа баярын жагсаал харж зогсоно. Тэгж байгаад бүдрээд уначихдаг юм даа. Яг тэр хоромд тэнүүлч эрийн дүр амилсан юм.

Тэнүүлч бол маш сайн дүр гэж би боддог. Түүний хувцаслалтыг хэвээр нь үлдээхээр шийдэхдээ би ядарч, хавдсан хөлийг нь онцгойлон үлдээсэн. Аз жаргалтай байсан ч, гунигтай байсан ч тэр л өөрчлөгдөхгүй. Би өөрөө маш жижигхэн хөлтэй болохоор том гутал олж өмсөхийн тулд багагүй эрэл болсон. Том гуталтай явбал инээдтэй алхана гэдгээ ч мэдэж байсан болохоор нэлээд талархалтай хүлээж авсан.

-Түүний дүр орчин үед амжилт олох болов уу?

-Одоо тиймэрхүү хүнд орон зай үлдсэн гэж бодохгүй байна. Дэлхий илүү эмх цэгцтэй, хатуу болоод байна гэх үү дээ. Одоо яаж ч бодсон өнгөрснөөс илүү аз жаргалтай байж таарахгүй. Урт үстэй, богино хувцастай хүүхдүүдийг харахаар тэнүүлч болохыг хүсэж байгаа юм байх даа гэж гайхдаг юм. Гэхдээ одоо тэр үеийнх шиг даруу төлөв зан байхгүй.

Тэд даруу төлөв зан, ичгүүр доромжлол алийг нь ч мэдэхгүй. Энэ бүхэн өөр эрин үед харьяалагдана. Тийм учраас л би одоо урьд нь хийж байсантайгаа ижил зүйл хийж чаддаггүй. Бас дуу хөгжмийг өөр нэг шалтгаан нь гэж ойлгож болно. Хэрвээ би ярих л юм бол дүрээ гаргаж чадахгүй. Би тэнүүлчийг ямар хоолойтойг мэдэхгүй шүү дээ. 

-Тэнүүлчийн хамгийн анхаарал татам шинж юу байсан бэ?

-Дөлгөөн тайван, амар амгалан ядуурал гэж байдаг. Ихэнх залуучууд сайхан хувцаслаж, гэдэс цатгалан явахыг хүсдэг шүү дээ. Гэтэл тэнүүлч бүх асуудалд ёсорхог, нэг төрлийн цамаан загнадаг нь надад тун их таалагддаг юм. Гэхдээ түүнийг гаднаас нь анзаарч байгаагүй юм байна. Тэр бол миний сэтгэлийн илэрхийлэл. Үзэгчид таатай хүлээж авсан нь мэдээж надад урам өгсөн. Гэхдээ би хэзээ ч үзэгчдээс хамааралтай байж үзээгүй.

 

Үзэгчид бол уран бүтээл дээр ажиллаж байх үөд байдаггүй, дууссаных нь дараа гарч ирдэг хүмүүс. Харин сэтгэлд минь байдаг инээдмийн мэдрэмжээс ихэнх зүйл хамаарна. Түүнийг мэдэрсэн л бол би илэрхийлэх ёстой.

-Хошин мэдрэмж танд яаж ирдэг гэсэн үг вэ. Оргүй хоосноос гэнэт гараад ирэх үү, эсвэл тодорхой үе шаттай байдаг юм уу?

-Үгүй ээ, ямар ч үе шат байхгүй.

Хамгийн шилдэг санаанууд тохиолдлоос урган гарч ирдэг. Маш сайн тохиолдол хамрах хүрээгээ тэлээд, үргэлжлээд л байдаг. Жишээ болгон дурдаж болохоор олон тохиолдол бий. Гэхдээ түүнээс илүүтэйгээр зовлон бэрхшээлийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Ажил бүтэхгүй, хичээл зүтгэл, оролдлого мухардсан, гутрал болон бухимдлаар дүүрэн өдрүүд хүний амьдралд ямар их билээ дээ. Хүмүүсийн инээх эсэх надаас хамаарах болчхоод байхад толгойгоо ажиллуулахаас өөр аргагүй. Харин хөгжилтэй зүйл тохиолдохгүй бол хөгжилтэй байж чадахгүй. Энэ үед би өөрөө хөгжилтэй тохиолдол болох шаардлагатай.

-Хошин шогийн цөмийг реализм бүрдүүлдэг үү?

-Яг тийм. Ямар ч утгагүй нөхцөл байдлыг бодит байдлаар бүрэн илэрхийлж чадвал үнэн бий болно. Үзэгчид үүнийг маш сайн мэддэг. Яагаад гэвэл тэд өөрсдөө нэвтрээд орчихдог. Үзэгчдэд үүн шиг бодит зүйл үгүй мэт санагдах хэр нь үүн шиг утгагүй зүйл үгүй. Энэ огтлолцлоос баяр хөөр, аэ жаргал бий болж байгаа юм.

-Зэрлэг балмад үйлдлийн тухайд юу хэлэх вэ. Хошиг шогт маш их харагддаг.

-Хамгийн энгийн элемент нь болохоор тэр. Энгийн харагдаж байгаа зүйлс эрүүл ухаанд багтахын аргагүй байх тохиолдол бий. Яг үүнийг хэрсүү олж, уран ашиглаж чадвал хүмүүст таалагдана. Үзэгчид уйлахгүйн тулд амьсгал авах завдалгүй инээнэ. Ний нуугүй нээлттэй байдал хэмээгч нууцлаг зүйл хүмүүст иймэрхүү байдлаар хүрдэг байна. Хөгшин хүн гадилын хальсан дээр халтирч уналаа гэхэд хүмүүс шоолж инээхгүй.

Харин эрхэмсэг бардам төрхтэй жентельмен халтираад уначихвал инээнэ. Ер нь бүх ичмээр тохиолдлууд хөгжилтэй байдаг. Хэрэв хошин шогийн мэдрэмжээр өнгөлчихвөл улам хөгжилтэй болно.

-Та киног дуутай эргэлт буцалтгүй нийлсэн явдлыг юу гэж бодож байна вэ. Санаа зовж байна уу?

-Үнэнээ хэлэхэд тийм ээ. Юуны түрүүнд надад туршлага байсан. Дээд боловсрол, дадлагаас эрс ялгаатай зүйл. Гэхдээ би өөрийгөө төрөлхийн жүжигчин болох авьяастай юм байна гэж мэдэрч байлаа. Ярьснаас шууд жүжиглэх нь надад хавьгүй хялбар байсан юм. Би бол уран бүтээлч. Харин яриад эхэлбэл миний ихэнх хэсэг замхарна гэдгийг маш сайн ойлгож байлаа. Сайхан хоолойтой, цэвэрхэн дуудлагатай хүмүүсээс онцгойрч харагдахгүй.

-Дуугүй киноны уран зөгнөлийг устгаж байгаа зүйл бол киног бодит байдалтай улам ойртуулсан нэмэлт орон зай гэсэн үг үү?

-Тийм ээ. Үггүй жүжиглэлт илүү уран яруу, сайн гүйцэтгэсэн тохиолдолд дэлхийн өнцөг булан бүрт ойлгогдоно гэж би байнга хэлдэг. Үг хүмүүсийг тодорхой утгаар хязгаарладаг шүү дээ. Дуу хоолой бол бүхнийг нээж өгдөг гайхалтай зүйл. Хэдийгээр тийм боловч би өөрийнхөө урлагийг ээлттэй байлгахыг хүсээгүй. Ямар нэг хэмжээ хязгаарт баригдуулахыг хүсээгүй.

Гүнзгий мэдрэмжид хүргэж чаддаг хоолойтой хүн ямар цөөн гээч. Эсрэгээрээ хөдөлгөөн бол байгальдаа нисэж байгаа шувуу шиг л зүйл. Нүдний илэрхийллийг үгээр яаж хэлэх вэ. Хүмүүсийн нууж чаддаггүй, цорын ганц нүүрний хувирлыг үгээр яаж илэрхийлэх вэ. Ярьж эхлэх үедээ сая хэлсэн бүхнээ дотроо дахин нэг тунгаах шаардлагатай болдог. 

-Танд дуртай кино бий юу?

-Хотын гэрэлд "City Lights"(1931) дуртай гэж бодож байна. Хий багатай, тун дажгүй бүтээгдсэн. Хотын гэрэл бол жинхэнэ инээдмийн кино.

-Гайхалтай кино шүү. Эмгэнэл, инээдэм хоёрыг зайгүй шахам ойрхон бүтээж чадсан нь гайхалтай. 

-Яг энэ талаар сонирхож байсангүй. Субьектив хандлага гэсэн мэдрэмж хүчтэй байдаг болохоор тэр юм болов уу. Би үргэлж дотроо ихдээ эсвэл багадаа хоёр төрлийн мөн чанар оршиж байгааг мэдэрдэг байсан. Орчноор их хамаардаг. Хүн хүндээ өршөөл нигүүлслээр хандахгүй бол хошигнол гэж байхгүй. 

-Таны сая хэлсэн зүйл эмгэнэлт явдлаас хүний авахыг хүсдэг тайвшрал мөн үү?

-Үгүй ээ, миний бодлоор амьдралд үүнээс илүү зүйл олон байгаа. Хэрвээ энэ шалтгаан нь байсан бол хүмүүс ямар их амиа хорлох бол. Хүмүүс амьдралаас зутгахыг хүснэ шүү дээ. Зовлон шаналал дунд өнгөрүүлсэн ч, ямар ч нөхцөлд байсан хамаагүй, амьдрал бол үнэхээр гайхалтай зүйл. Үхэл үү, амьдрал уу гэвэл би эргэлзэлгүй амьдралыг сонго.

Ямар ч тохиолдол туршлагыг илүүд үзнэ. Хошигнол хүний амьдралыг авардаг. Гай зовлон, эмгэнэлт явдал хүний амьдралын нэг хэсэг. Үүнийг даван туулах, үүнээс хамгаалах хэрэгсэл хүн бүрт өгөгдсөн байдаг нь хошигнол, хошин мэдрэмж. Гэхдээ гай зовлон хүний амьдралд амин чухал үүрэг гүйцэтгэдгийг мартаж болохгүй. 

-Та суут хүн байдаг гэж боддог уу?

-Үнэндээ суут гэж юу гэсэн утгатайг хэзээ ч мэдэж байгаагүй.

Магадгүй авьяасаа таньж мэдээд, хүсэл эрмэлзлээрээ чиглүүлж, арга барилаар чадваржиж, эзэмшсэн хүнийг хэлдэг юм болов уу. Хүн бүр ямар нэгэн авьяастай. Энгийн зүйл хийх чадамжаараа хүмүүс нэг их ялгараад байдаггүй шүү дээ. Гоц суут хүнд энгийн юм хий гэвэл энгийн л юм хийнэ. Олон юм хийж чаддаг хүнийг гоц гэвэл лав андуурал болох биз.

Зураг