Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд Америкчуудын очихоос зайлсхийх 10 газрыг нэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Америкчуудын аялал жуулчлалын гарын авлага, зөвлөмжийг хэвлэгч Fodor’s компани 2018 онд зорчихоос зайлсхийх 10 газрыг нэрлэжээ.

Хар жагсаалтад орсон газруудыг жуулчдын хэт ачаалал, байгаль орчны бохирдол, аюулгүй байдал зэрэг шалгууруудаар үнэлсэн байна.

Тэдгээрийг товч танилцуулбал:

  • Бээжин хот ба Цагаан хэрэм

Дэлхийн гайхамшгуудын нэг Цагаан хэрмийн бүтцийн доройтол нь нурах аюул үүсгэж байгаа тул Америкчуудад хол байхыг зөвлөжээ. Бээжингийн агаарын бохирдол мөн тус хотыг очих хэрэггүй газрын нэгэнд багтаасан байна.

  • АНУ-ын Миссури муж

Арьс өнгөний үзэл өндөр, хар арьстнуудыг хууль хүчнийхэн хэт хянаж цагддаг нь тоо баримтаар батлагдсан тул очихгүй байх хэрэгтэй гэжээ.

  • Галапагосын арлууд

Эквадорын энэхүү үзэсгэлэнт арал жуулчдын хөлд хэт дарагдаж, экосистем нь туйлын эмзэг болсон тул сайн санааны үүднээс очихгүй байхыг зөвлөжээ.

  • Таж Махал

2018 онд Энэтхэгийн засгийн газар Таж Махалын бөмбөгөр оройг 369 жилийн түүхэнд нь анх удаа цэвэрлэхээр төлөвлөжээ. Тиймээс засвартай, бүтээлгэтэй байгаа ертөнцийн нэгэн гайхамшгийн өмнө зургаа татуулахгүйн тулд энэ жилдээ очихгүй байхыг зөвлөжээ.

  • Тайландын Пан Нга хүрээлэн (Phang Nga park)

Тайландын энэхүү үзэсгэлэнт наран шарлагын газар бохирдож, ачааллаа дийлэхгүй болсон тул сэргээн засварлах ажил эхэлсэн байна. Тиймээс 2018 онд ийшээ зүглэхгүй байх нь дээр гэнэ.

  • Мьянмар

Хэдхэн жилийн өмнө аялагчдын тэргүүн чиглэлд бичигддэг байсан Мьянмар улс өнөөдөр дотоодын хүчирхийлэлд нэрвэгдээд байгаа тул очихгүй байх нь дээр гэжээ. Энд нутгийн муслим хүн амын эсрэг цэвэрлэгээ хийгдсэнийг НҮБ тогтоогоод байгаа билээ.

  • Эверест уул

Дэлхийн дээвэр болох Эверест уул аюулгүй байдал болон зардлын хувьд очихоос зайлсхийх газрын тоонд орж байна. 2017 онд энд 6 авирагч амиа алдсан бол ууланд авирах зардал $25,000-$45,000 болсон байгаа гэнэ.

  • Гондурас

Төв Америкийн энэ улсад аллагын хувь хэмжээ хамгийн өндөр байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хүн амины гэмт хэрэг буурч байгаа ч очиход аюултай газар хэвээр байгаа гэжээ.

  • Куба

Эрх чөлөөний аралд саяхнаас Америкчууд зорчих эрхтэй болсон. Гэвч АНУ-ын элчингийн ажилтнуудад тохиолдсон нууцлаг өвчин эмгэг энэ улсыг Америкчуудын хувьд аюултай газар болгож байна. Трампын засаг захиргаа ч Гаванад таагүй хандаж байгаа.

  • Венец ба Амстердам

Европын эдгээр хотуудыг зорих жуулчдын тоо хэт нэмэгдсэн тул оршин суугчид нь гадны зочдод таагүй хандах болсон байна. Тиймээс 2018 онд эдгээрт очилгүй азнахыг зөвлөжээ

 

Эх сурвалж: Associated Press