Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын бөмбөрцөг

ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
 

Монголчууд бид их азтай хүмүүс. Бид дэлхийн түүхэнд өөрийн ул мөрийг үлдээж  явсан дайчин гүрний үр хойч, соёлын хосгүй үнэт өвийг өвлөн авсан баялаг түүхтэй ард түмэн. Гэхдээ зөвхөн өөрийн түүх соёлыг ярихаас илүүтэйгээр бусад үндэстний түүх, ололт амжилтаас суралцах, хүртэх өргөн боломжтой  даяаршлын эрин үед бид өнөөдөр амьдарч байна.

Улс үндэстэн бүрт түүхийн, соёл урлагийн, байгалийн гэсэн дахин давтагдашгүй гурван үнэт зүйл байдаг. Эдгээр үнэт зүйлс болон тухайн улсын хөгжил болоод хэтийн зорилгын тухай мэдээллийг дэлхийн физик газар зүйн зураг, улс төрийн газрын зураг, эдийн засгийн, шашны газрын зураг зэргээс харж болдог. Тэгвэл та бидний мэдэх эдгээр газрын зургуудын эх үндэс нь дэлхийн “соёлын бөмбөрцөг” байх магадлалыг таавар болгон тантай хуваалцая. Өөрөөр хэлбэл улс үндэстэн болгонд соёл урлаг хэрхэн хөгжсөнийг илэрхийлэх газар зүйн зураг юм. Харин өөрийн гэсэн уламжлал ба шинэчлэлтэй Монгол улсын соёл урлаг дэлхийн “соёлын бөмбөрцөг”-ийн аль хэсэгт нь ямар өнгө будаг, утга өгүүлэмжтэйгээр дүрслэгдэн үлдэхийг одоогоор тааварлашгүй ч таамаг дэвшүүлж болох юм.  

 

Соёл урлагийг хүн бүр өөрөөр хүлээн авдаг. Дэлхий дээр хичнээн төрлийн хүмүүс, соёл иргэншил байна, төдий чинээ соёлын олон ургальч үзэл байдаг болохоор хүн бүрт соёл урлагийг хүртэх эрх чөлөө, боломж нь адил тэгш, соёлд хандах хандлага нь ч өөр өөр байдаг. Харин улс орнуудын хувьд соёл урлагтаа хэрхэн хандаж, бусад улс, тив, дэлхий рүү өөрийн соёлыг хэрхэн бодлоготойгоор түгээж, нэвтрүүлж байгааг Америк, Солонгосын кино бүтээл, хөгжмийн урсгал төрлүүдийн уусал гэх мэтээс бид анзаарч эхэлсэн. Энэ бол хүчирхэг улс гүрний соёлоороо  дамжуулан бусдыг эзлэн түрэмгийлэх зөөлөн бодлого бөгөөд дэлхийн “соёлын бөмбөрцөгт” эзлэх орон зай, бусад улсыг өөртөө уусган  шингээх оролдлого юм. Тэгвэл Монгол улс маань энэхүү соёлын бөмбөрцөгийн "аль бөөрөнд” хэрхэн дүрслэгдэхийг төсөөлж болох сонирхолтой аялалд гарцгаая.

Үндэсний өв соёлын эх ундрагаас бидний төсөөллийн аялал эхлэх болно. Дэлхийн талыг сөхрүүлсэн Их Монгол улс хүн төрлөхтний соёлын ололтонд асар их үнэ цэнийг үлдээж, Монгол хүний гишгэсэн газар бүрт Монгол үндэстний соёл уламжлал, зан заншил тархан суурьшсан, эдүгээ эх дэлхийнхээ зүрхэн орчилд орших Монгол улс 1 сая 566 мянган км2 газар нутагтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 19-т жагсдаг нүүдлийн соёлын арвин нөөц баялагтай орон. Өглөөн нарнаас үдшийн сарны хооронд цаг хугацааг баримжаалан тэнгэр газрынхаа аясаар ардын урлаг, малч ухаан, бэр гуйх ёсон, газар тахих ёсон, хуримлах ёсон зэрэг үндэсний язгуур зан үйлийг чандлан сахидаг, уран цэцэн үг хэллэгийг ахуй амьдралдаа тогтмол хэрэглэж ирсэн соёл, урлагийн тоочоод үл барам шавхагдашгүй нөөц, үнэт өвийг тээж яваа соёлын хосгүй дархлаатай үндэстэн. Өнө эртнээс эдүгээг хүртэл тээсэн нүүдлийн сэтгэлгээ, арга барил, ахуй байдал зэрэг соёл урлагийн арвин их өв сан нь хүн төрөлхтний соёлын төрөлд зүйлд өөрийн тод мөрөө үлдээсэн байдаг.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шиг өнөөдрийн Монголын соёл урлагийн нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Соёл урлагийг түүхийн, байгалийн үнэт зүйлстэй эн тэнцэхүйц гэдэгтээ тодорхой хүмүүс санал нийлэх ч хүлээн зөвшөөрч, түгээн дэлгэрүүлэх хандлага тун ховордсон. Эртнээс юмсын уялдаа холбоонд итгэдэг, ямар нэгэн дүрэм журам, зохицуулалтанд дургүй, жилийн дөрвөн улиралд дураараа нүүх нутагтай нүүдэлчин ард түмэн төвлөрөн суурьшиж эхэлсэн үеэс өнөөгийн соёлын үл ойлголцол үүдэлтэй.

Монгол орон ардчилсан нийгэмд шилжин орсноор боловсролын чанар, эрүүл мэндийн баталгаа, ажилгүйдэл, ядуурал, хөдөөгөөс хотруу шилжих хөдөлгөөн зэрэг асуудлууд үүссэн. Үүнтэй зэрэгцээд зөвхөн газрын баялад дулдуйдсан хөгжлийн чиг хандлагаас хүний хөгжил, мэдлэг чадварт суурилсан хөгжлийн загварыг тодорхойлох эгзэгтэй мөч тулгарсан. Чухам энэ үеэс Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нэртэй төрийн бус байгууллага 2002 онд байгуулдагсан юм. МУЗ нь байгуулагдсан цагаасаа соёл урлагийг хүн, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбон өөрийн үйл ажиллагаатай уялдуулан төсөл хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж, олон улсын болон дотоодын эх үүсвэрээс сан бүрдүүлэн, Монголын соёл урлагийн үндэсний хөгжилд хувь нэмэрээ оруулж ирсэн байна.

МУЗ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрээ “Хариуцлагатай, Бүтээлч, Олон талт хамтын ажиллагааны 15 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

МУЗ-ийн ХАРИУЦЛАГТАЙ хамтын ажиллагааны 15 жил

Хариуцлагыг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлана. Хувь хүний хувьд ажилдаа хариуцлагатай байх, ар гэртээ, ах дүүдээ, амраг хайртдаа гэх мэтээр олон төрлийн хариуцлага бий. Хүн төрлөхтөн хөгжлийнхөө явцад үргэлж аз жаргалын төлөө л тэмцэж, сэтгэл зовниж ирсэн байдаг. Өнөөдөр хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил, аз жаргалын төлөөх тэмцэл нэг л өглөө сэрэхэд өөрчлөгдөж мэдэхээр баримжаагүй, тодорхойгүй, хаашаа ч хуйларч болох цаг үе учраас өдрөөс өдөрт хариуцлагатай иргэн, хариуцлагатай нийгэм тогтворжин бэхжих нь нилээн ярвигтай асуудал болоод байна. Харин уншигч Та “урлаг үүнд ямар хамаатай юм бэ” гэж бодон суугаа байх. Мэдээж урлаг нь шууд утгаар амьдралд хэрэг болдоггүй ч урлагийн боловсрол хувь хүний бүтээлч чанар, урлагийг ойлгох гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлж, амьдрах ухааны ур чадвар олгон, соёл, хүмүүжил, амьдралын чанарыг дээшлүүлдэг гэдэгт санал нийлэх бизээ. Иймээс соёл урлагаар дамжуулан ирээдүйн өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын салбар, тэр дундаа урлагийн боловсролын гүйцэтгэх үүрэг асар их билээ.

 

“МУЗ нь соёл урлагийн нэг туйлт бодлогоос олон туйлт соёл урлагийн бодлого руу шилжихэд Монголын соёл урлагт оюуны том хөрөнгө оруулалт хийсэн” гэж МУЗ- ийн тэргүүн Н.Жанцанноров дүгнэсэн байна. Тиймдээ ч МУЗ өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монголын соёл урлагийн салбарын хөгжилд 6,5 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Эдгээр санхүүжилтыг бий болгоход нийгэмд чиглэсэн, дэлхийн Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилго бүхий 600 гаруй төслийг санаачлан хэрэгжүүлж, 847 ивээн тэтгэгч санхүүжүүлэгчтэй хамтран ажиллаж, 1120 ажлын байрыг бий болгон, 472,000 ам долларын албан татварыг нийгмийн хариуцлагийн хүрээнд улсад төвлөрүүлэн тушааж, нийгмийн хариуцлагаа биелүүлжээ. Хувь хүн ч бай, байгууллага ч бай нийгмийн хариуцлагатай байх нь ирээдүйн дэлхийн “соёлын бөмбөрцөгт” Монгол улсыг төлөөлөх тулгын гурван үндэслэлийн нэгэн суурь болох юм.

 
 

МУЗ-ийн БҮТЭЭЛЧ хамтын ажиллагааны 15 жил

Хүний бүтээхүйн хурд хэзээд ч цаг хугацаанаас түрүүлж явдаг. Бүтээлч байх хандлага зөвхөн соёл урлаг биш хувь хүн болоод нийгмийн хөгжилд ч хэрэгцээтэй байгаа. Гэтэл хүмүүс өдрөөс өдөрт юу ч сонирхохоо байж, юуг ч шинээр  харахыг хүсэхгүй болж байгаа нь техник технологийн хөгжилтэй холбоотой. Хүний бүтээлч оюун санааны үр дүнд бий болсон техник хэрэгсэлүүд өөрөө өөрсдийгөө хөгжүүлэн бодож, алдаагаа засаж, шийдвэр гаргадаг болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл техникийн хөгжил хүн төрөлхтний оюун ухаантай өрсөлдөх болсон. Бүтээх гэдэг зөвхөн хүний оюун бодлоос гарах ойлголтоор хэмжигдэхгүй болж байгааг дараагийн хөгжлийн эрин сануулаад эхэлчихсэн. Харуусмаар боловч хамгийн үнэн нь роботон хүн. Тэрээр хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд өөр нэгэн хувьсалын эзэд гэж бичигдэнэ. Удахгүй тэд хүний ажлын байрыг булааж эхлэнэ. BBC агентлаг дараагийн 20 жилд инженерүүдийн ажлын байрны 0.41-99 хувийг хиймэл оюун ухаан эзлэх боломжтой хэмээн дүгнэжээ. Хиймэл оюун ухааны үед хамгийн эрсдэл багатай ажлын байр нь зохиолч, судлаач, эрдэмтэд, театрын уран бүтээлчид, бүжигчид, жүжигчид, зураач барималчид, киноны уран бүтээлчид багтсан буюу өөрөөр хэлбэл хүний дахин давтагдашгүй оюун санааны үр дүнд бүрдсэн бүтээлч салбар орсон байна. Тиймээс уран бүтээлчид улам их бүтээлч байж бүтээлийн агуулга нь үзэгч, сонсогч, уншигчийн оюун бодолд үнэтэй хувь нэмэр болохуйц чанартай туурвил байхыг соёлын хөгжлийн хурд биднээс шаардаж буй.   

Харин МУЗ нь бүтээлч хамтын ажиллагааны 15 жилийн хүгацаандаа уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, нийт 5183 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1163 урлагийн менежерийг мэргэжлийн сургалт болон төсөл хөтөлбөрт хамруулан ур чадавхийг нь дээшлүүлсэн байна. Мөн үндэсний болон олон улсын тэтгэлэгийг 373 залуу авьяаслаг уран бүтээлчдэд олгон, сургалт хөтөлбөрт 1207 багш, 7488 хүүхэд залуучуудыг хамруулж, нийтдээ 4,966,610 үзэгчдэд хүрч ажилласан байна.

Уран бүтээлчдийн бүтээн туурвих санаачлагыг дэмжих үйл явц нь  урлагт санаа бодол давтагдаж болох ч бүтээхүйн ур зүй хэзээ ч давтагдах боломжгүй юм гэдгийг дэлхийн “соёлын бөмбөрцөг” таниулж, соёлын даяарчлалтай хөл нийлүүлэн хөгжихөд тустай.   

 
 

МУЗ-ийн ОЛОН ТАЛТ хамтын ажиллагааны 15 жил

Соёл урлагийн салбар нь нийгэм, эдийн засгийн болон хувь хүний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадах салбар мөн боловч нийгмийн бүхий л түвшинд соёл урлагийн талаарх ойлголт нь зөвхөн мэргэжлийн уран бүтээл туурвих төдий ойлголтоор хязгаарлагдаж байгаа юм. Харин соёл урлагийн салбар нь хувь хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэг боловсрол эзэмших, ур чадварыг дээшлүүлэх замаар гар урлал, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр бий болгох, ашиг орлогыг нэмэгдүүлэх, улмаар ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж чадна. XXl зуунд улс орнуудын хөгжлийн амжилт, уналт нь соёлын үйлдвэрлэлийн хөгжлөөс хамаарах бөгөөд эцсийн дүндээ соёлын үйлдвэрлэл бол хөгжлийн болон тэмцлийн талбар болох юм. Иймээс салбар хоорондын уялдаа холбоог хөгжүүлж, төр, нийгэм, хувь хүний оролцоог нэмэгдүүлснээр олон талт хамтын ажиллагааг бий болгож, Монгол орныг гадаадад таниулан сурталчилж, олон улсын хамтыг ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

МУЗ нь олон талт хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын соёлын солилцоогоор дамжуулан Монголын уран бүтээлчдийг олон улсын урлагийн наадам, аялан тоглолт, үзэсгэлэн, урт болон богино хугацааны сургалт, туршлага солилцох хөтөлбөрт оролцуулж, гадаадаас олон орны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр нийт 500 гаруй хүнийг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулжээ. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан 158 олон улсын хамтрагч, 135 олон улсын хандивлагчдийг бий болгож, дотоодын 554 хамтрагч байгууллага, 98 хандивлагч байгууллагатай хамтран Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан байна.

 
 
 
 

Хүний өдөр тутмын амьдралыг урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нийтлэлийн эхэнд дурьдсан дэлхийн “соёлын бөмбөрцөгт” эзлэх Монголын орон зай ямар дүр төрх, өнгө будаг, утга өгүүлэмжтэйгээр дүрслэгдэхийг төсөөлж болох аялалаа үүгээр түр өндөрлөж байна. Нийтлэл эхлэхэд тааварлашгүй байсан соёлын бөмбөрцөгт Монголын соёл урлагийн хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагаа хэмээх ойлголт тулгын гурван чулуу болон гал голомтоо асаасан буйг одоо Та бүхэн төсөөлөх биш бодитоор харж байгаа байх. Монгол бол байгалийн асар их баялагтай орон. Харин байгалийн баялагтай эн тэнцэхүйц Монгол баялаг бол Монгол хүн билээ. Газрын баялаг нэг л өглөө дуусч мэднэ, харин хүн төрөлхтөний түүх, соёлын талаар өргөн мэдлэг, урлаг гоо сайхны өндөр мэдрэмжтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг төлөвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой. Үүний тулд олон улсын урлаг, соёлын наадам, үзэсгэлэн, тоглолтыг эх орондоо зохион явуулах идэвх санаачлагыг өргөнөөр сурталчлах үйл ажиллагааг Монгол улсын гадаад бодлогын чухал хэсэг болгон авч үзэх шаардлагатай. Ийнхүү Монгол хүний авьяас чадавхи, мэдлэг боловсролыг дэлхийн түвшинд хүргэж, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр дэлхийн “соёлын бөмбөрцөгт” Монгол улсын нэр хүндийг нэмэгдүүлэх боломжтой юм.