Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Профессор Синг: Үндэсний брэндээс гадна ре-экспорт хийж болно

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Энэтхэгийн жижиг, дунд үйлдвэрлэл, ур чадварын яамны дэргэдэх Институтийн профессор Синг /H.P.Singh/-ийг урилаа.

–Та манай бизнес эрхлэгчдэд экспорт, импорт хийх арга замын талаар зөвлөгөө өгч, лекц уншлаа. Таныхаар манай бизнесийнхэнд тулгамдаж байгаа ямар бэрхшээл байна вэ?

-Би Монгол Улсад ирээд 27 хонож байна. Энэ хугацаанд танай улсын зарим үйлдвэр болон мэргэжил сургалтын төвүүдтэй танилцлаа.

Энэ үеэр экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломж байгаа эсэхийг судалсан. Монгол Улсын хувьд ноолуур болон арьсан бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж байна. Тухайлбал, “Говь” компанийн үйлдвэртэй танилцаж байхад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэж байгаа нь анзаарагдсан. Нөгөөтээгүүр, чанарын хувьд төдийлөн үнэлэгдэхгүй гэж үзэж байвал Африкийн болон бусад орон руу экспортлох боломжтой гэдгийг хэлмээр байна.

Түүнээс гадна аливаа улс орон өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнийг борлуулна гэдэг үзлээс татгалзах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнийг экспортолж болно. Энэтхэг улсын хувьд дэрний уутыг гадны улс орнуудад борлуулдаг. Тэр нь янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй байдаг юм. Мөн хуримын даашинзыг экспортолдог. Энэ нь дотооддоо борлуулснаас 200 дахин их ашгийг олдог бизнес.

Харин монголчууд хүмүүсийн энгийн хэрэглээнд тулгуурлахаас илүүтэй эх орныхоо нэрийн брэнд чацаргана, ноолуур, арьсан бүтээгдэхүүнийг гаргахыг илүүд үздэг юм байна. Энэ нь хэт өрөөсгөл болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр нэрийн бүтээгдэхүүнийг экспортолж болох ч улсын эдийн засагт гадаадаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд арга барилаа өөрчлөх хэрэгтэй.

Тухайлбал, гадны улс оронд ямар нэр төрлийн бүтээгдэхүүнийг сонирхож байгаа вэ гэдгийг судалж түүнийг үйлдвэрлэн экспортолж болно. Мөн Хятад улс монголчуудын хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлдэг юм байна. Тэгэхээр тэд танай улсад ямар бараа илүү борлуулагдах вэ гэдэг зах зээлийн судалгааг үндэслэн өөрийн үйлдвэрийн барааны борлуулалтыг өсгөж байгаа гэсэн үг.

–Манай улсын хувьд экспортод гаргах бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар муу байгаагаас бэрхшээл тулгарч байна гэдэг. Үйлдвэрлэгчидтэй уулзаж байх үеэр тэд юу хүсэж байсан бэ?

-Компаниудын хувьд улс төр, эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Учир нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадвал борлуулах зах зээл бий. Дэлхий дээр зургаан тэрбум хүн амьдарч байгаа учраас эрэлт байна гэсэн үг. Үүний тулд тухайн улс хоорондын харилцаа, эдийн засгийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаа бол экспортод асуудал үүсэхгүй гэж болно.

Харин монголчуудын хувьд бүтээгдэхүүнээ экспортлохын төлөө ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа нь анзаарагдсан. Би нэг жишээ хэлье, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны 25 жилийн ойн үеэр гарсан үзэсгэлэнг сонирхсон. Гэтэл тэнд оролцож байгаа үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлохыг хүсэж байгаагаа хэлж байсан ч юу хийх ёстой вэ гэдгээ огт мэдэхгүй гэж байгаа нь гайхшируулсан.

Тэгэхээр хэн нэгэн туслахыг хүлээхийн оронд өөрөө судалж ямар шугамаар гаргах вэ гэдгээ хөөцөлдөх хэрэгтэй. Миний хийж байгаа сургалт практикт суурилж явдаг. Ямар бүтээгдэхүүнийг, хэрхэн, хаашаа гаргах вэ. Экспортод гаргахын үр дүн хэрхэн илрэх вэ гэдгийг хэлж өгдөг. Дэлхий дээр 254 улс байгаа. Манай улс эдгээр улс руу 12 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн экспортолж байна.

–Та сургуулиудаар явж танилцсан гэж байсан?

-Коллеж болон гурван их сургуулиар орсон. Миний ажигласнаар сургууль төгсөж байгаа оюутнуудад ажлын талбарт гараад юу хийх вэ гэдгийг заадаггүй юм билээ. Тухайн оюутныг ажилтан болгоход чиглүүлэхээс илүүтэй ирээдүйд бизнес болон үйлдвэрлэл эрхлэхийн тулд юу хэрэгтэй вэ гэдгийг заахгүй байна.

Уг нь олон мянган оюутан бэлтгэх явцдаа ажилтан байхаас гадна үйлдвэрийн эзэн, бизнес эрхлэгч байх боломжийг нь харуулах хэрэгтэй. Арга барилыг нь тэнд зааж сургах ёстой. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой хөгжих боломж бүрдэх юм.

–Манай улсын үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа нэг асуудал нь өрсөлдөх чадвар. Тэгвэл үүнийг ахиулахын тулд юу хийх ёстой вэ?

-Экспортод бүтээгдэхүүн гаргана гэхээр зөвхөн үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гаргахыг хэлдэггүй. Дэлхий даяар ре-экспорт хүчтэй явж байгаа. Тухайлбал, гадны оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд бага зэргийн өөрчлөлт хийн бусад орон руу экспортолно гэсэн үг. Энэтхэг улсын хувьд энэ төрлийн бизнесээр нэлээдгүй мөнгө олдог. Тэгэхээр бүх зүйлийг өөрсдөө хийх шаардлагагүйгээр барааг экспортолж болно шүү дээ. 

Өөрөөр хэлбэл, ОХУ-д үйлдвэрлэсэн даавуун цамц бусад оронд эрэлт ихтэй байна гэж үзье.Тэгвэл тэр цамцыг худалдаж аваад бага зэрэг өөрчлөлт хийснийхээ дараа экспортолж болно. Тухайлбал, Хятад улс танайхаас худалдаж авсан арьсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байгаа нь ре-экспорт юм. Ер нь том гүрнүүд ийм маягаар ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн импортоор авсан бүтээгдэхүүнийг өөр улс руу экспортод гаргах боломж бас бий.

Хамгийн гол нь замаа зөв гаргахын тулд практикт суурилсан сургалтыг олон улсад хийж байгаа юм. Энэ удаагийн сургалтаа Монгол Улсад явуулж байгаа нь ч мөн ялгаагүй олон улсад экспорт, импорт хийх гарцыг гаргахыг зорьсон юм.

Зураг