Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ингушуудын дараа Халимагууд ТНТ сувгаас уучлал гуйхыг шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан Оросын ТНТ сувгаар цацагдсан “Улица” цуврал киноны нэг хэсэгт залуус Буддагийн дүрийг нүцгэн эмэгтэйтэй зүйрлэн хошигнож байгаа нь гарсан юм.

Үүний дараа Халимагийн БНУ-д суух ОХУ-ын ерөнхийлөгчийн төлөөлөгчийн орлогч Баатар Лижиев ТНТ сувгийн захиргаанд албан бичиг хүргүүлжээ. Тэр кинонд дүрслэгдсэн үзэгдэл нь Халимагийн ард иргэдийн шүтээнийг доромжлон гутаасан агуулгатай тул уг хэсгийг хасаж, Буддын шашинтнуудаас уучлал гуйхыг шаардсан байна. Бусдын шашин шүтлэгийг доромжлох нь Орос улсын хуулинд харшилж байгаа тул уучлал гуйхгүй өнгөрвөл хуулийн байгууллагад хандана гэжээ.

Энэ явдлаас өмнө арванхоёрдугаар сарын 8-нд ТНТ сувгаар цацагдсан “Comedy Woman” шоуны нэг хэсэгт Ингуш үндэстэн эмэгтэйг биеэ үнэлэгч байдлаар харуулсан нь мөн Кавказын энэхүү үндэстний эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Ингуш эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаасан гэж үзсэн уулын иргэд ТНТ сувгаас тайлбар шаардаж, удалгүй телевизийн компаниас албан ёсоор уучлалт гуйжээ.

Үүнээс хэд хоногийн дараа Comedy Club Production компанийн ерөнхий захирал Андрей Левин өөрийн биеэр Кавказчуудаас уучлал гуйсан юм.

Энэ үед ТНТ сувгийн байрны гадна кавказчууд цуглаж, тайлбар шаардаж байжээ. Мөн хэд хоногийн дараа ТНТ сувгаар тус сувгийн жүжигчдийн уучлал гуйж буй дүрс бичлэгийг цацсанаар асуудал намжиж байв.

 

Эх сурвалж: Lenta.Ru