Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа элэгний хорт хавдрыг эрт үед нь оношилж эхэллээ

ikon.mn
2017 оны 12 сарын 27
Сурталчилгаа

Сүүлийн үед элэгний хорт хавдрын эрт үеийн оношилгоо шинжилгээг анх удаа Бонавита эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори хийж эхэлсэн тухай их яригдах болсон. Энэ асуудлаар тус лабораторийн эрхлэгч Б.Батнасан эмчээс тодруулга авлаа.

 

- Ярилцлагаа шууд танай лабораторийн давуу талуудаас ярьж эхлэх үү? Монголд 24 цагаар ажилладаг танайхаас өөр лаборатори бараг байхгүй байна. Бона Вита өөр ямар үйлчилгээгээрээ бусад лабораториос ялгардаг вэ?

- Бонавита эмнэлзүйн нэгдсэн лаборатори бол олон улсын стандартад нийцсэн, цус судлал, эмнэлзүйн хими, цус бүлэгнэлт, биохими, иммунологи, молекул биологи, генетик, нян судлал, эд эс судлал гээд бүх төрлийн лабораторийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд цогц байдлаар үзүүлдэг үндэсний хэмжээний анхны цахим лаборатори.

Манай лабораторийн хамгийн том давуу тал бол чанар. Бонавита лаборатори дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн дэвшилтэт технологи бүхий, шинжилгээний бүх үе шатууд бүрэн автоматажсан тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй шинжилгээнд ашиглаж буй бүх урвалж бодисууд маань ДЭМБ-ын хүлээн зөвшөөрдөг IVD сертификаттай. Энэ бол чанарыг илтгэх баттай зүйлсийн нэг. Нөгөөтээгүүр бид байгуулагдсан цагаасаа эхлэн олон улсын чанарын хяналтанд тогтмол хамрагдаж байгаа нь бидний хамгийн том давуу тал юм. Тиймээс ч манайд хийгддэг шинжилгээний хариуг дэлхийн 80 гаруй улсад хүлээн авах боломжтой байгаа юм.

Бид өөрсдийн хөрөнгөөр Улаанбаатар хот төдийгүй 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт сорьц цуглуулах нийт 50 орчим нэгжийг байгуулснаар хөдөө орон нутгийн иргэд оршин суугаа газраасаа хүссэн шинжилгээгээ өгч, цаг алдахгүй хариугаа цахим хэлбэрээр маш ойлгомжтой тайлбартайгаар авах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд шинжилгээ өгөх гэж алслагдсан аймаг орон нутгаас Улаанбаатарыг зорих, хариугаа авах гэж хэдэн цаг, өдөр хоногоор хүлээх шаардлагагүй болсон. Мөн Бона Вита лаборатори нь Монгол Улсад хийгдэх боломжгүй болон өндөр өртөгтэй ховор шинжилгээнүүдийг дэлхийд тэргүүлэгч орчин үеийн цоо шинэ арга технологи, техникийн тусламжтай шинжилж, оношийг баталгаажуулж байгаагаараа онцлог.

- Монголчууд зөвхөн гадаадад л очиж өгөх боломжтой байсан ховор шинжилгээнүүдийг танайх хийдэг болсон гэлээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Бид өндөр технологи шаардсан, Монголд хийгддэггүй хэд хэдэн төрлийн шинжилгээг хийж байна.

Тухайлбал, нэгд, бид саяхнаас элэгний хорт хавдрыг эрт үед буюу дөнгөж үүсч эхэлж байх үед нь илрүүлэх боломжтой PIVKA II (AFP-L3) шинжилгээ хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хавдрыг ЭХО, компьютер томографаар ч харагдах боломжгүй маш өчүүхэн эс байх үед нь илрүүлэх боломж Монголд бий болж байна гэсэн үг. Энэ нь В, С, D вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатууралтай өвчтөнүүд зургаан сар тутамд уг шинжилгээг өгч байвал элэгний хавдар үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой шинжилгээ юм.

Хоёрт, ходоодны хорт хавдрыг эрт үед илрүүлэх BCL2, CDX2 шинжилгээ манайд хийгдэж байгаа. Энэ нь урьдчилан сэргийлэх, эсвэл дурандуулах заалттай өвчтөнүүдэд сэжигтэй тохиолдолд ходоодноос авсан эдэд хийгдэх бөгөөд CDX2 нь булчирхайлаг хэлбэрийн гэдэсний хавдрыг, BCL2 нь ходоодны тунгалгийн эсээс гаралтай хавдрыг эрт үед илрүүлэх ач холбогдолтой юм.

Гуравт, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг гол хүчин зүйл болох хүний хөхөнцөр вирусийн хамгийн өндөр эрсдэлтэй 14 хэлбэрийг бид Монголд анх удаа шингэн цитологийн орчинд сорьцыг цуглуулан авч, молекул биологийн аргаар тодорхойлж байна. Монголд жил бүр элэг, умайн хүзүүний хавдрын тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд харамсалтай нь ихэвчлэн хожуу үедээ оношлогдож байна. Тиймээс бид дэлхийн стандартын, маш мэдрэг төхөөрөмжүүдийг суурилуулан, урьдчилан сэргийлэх зорилготой буюу нэн ач холбогдолтой шинжилгээнүүдийг нэвтрүүлж байгаа юм. Мөн удахгүй бид жирэмсэн эхийн цуснаас ургийн хромосомын гажгийг тодорхойлох, хүн ирээдүйд ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэйг генийн код унших замаар тодорхойлох шинжилгээнүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна.

 

-Агаарын бохирдол, стресс зэрэг гадны хүчин зүйлээс үүдэлтэйгээр өнөө үед ээжүүд хэвлий дэх үрээ төрөн төртөл сэтгэл зовинож явах болсон. Энэ шинжилгээг хийлгэснээр жирэмсэн ээжүүд одоо сэтгэл амар байж болох нь ээ?

Тийм шүү. Манай улсад ургийн гажгийг эрт үед нь илрүүлэхийн тулд ургийн шингэнээс шинжилгээ авдаг. Гэвч ургийн ус авах нь эх болон урагт маш эрсдэлтэй. Харин манай лаборатори эх, урагт ямар нэгэн эрсдэлгүйгээр эхийн судаснаас цус аваад л урагт тохиолддог бүх төрлийн хромосомын гажгийг шууд тодорхойлох генетикийн шинжилгээг Монголдоо анхлан хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.


ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗӨВ ГАРСАН ЭСЭХИЙГ ХЯНАХ ЗҮЙЛ БОЛ ЧАНАРЫН ГАДААД ХЯНАЛТ

- Удахгүй Улаанбаатар хотноо Чанарын Гадаад Хяналтын томоохон сургалтыг танай лаборатори зохион байгуулах гэж байгаа гэсэн. Сургалтын зорилго, ач холбогдол нь юу вэ?

 Бид энэ сарын 27-28ны өдрүүдэд “Эрүүл мэндийн лабораторийн чанарын гадаад хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна.

Манай лаборатори байгуулагдсан цагаасаа эхлэн шинжилгээний чанарт анхаарч ирсэн бөгөөд нэлээд судалсны үндсэн дээр Австралийн Рояал Коллежийн лабораторийн чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт хандаж хамрагдаж эхэлсэн. Энэ хөтөлбөрт сүүлийн 2 жил хамрагдаж байгаа бөгөөд манайд хийгдэж буй шинжилгээний бүх төрлөөр оролцож байгаагаар бид бусад лабораториос ялгарч байгаа болов уу.

Чанарын гадаад хяналтын ач холбогдлыг бид өөрсдөө дээд зэргээр ойлгодог тул Монголын бусад лабораториуд ч ийн олон улсын чанарын гадаад хяналтад хамрагдаж байгаасай гэж хүсдэг юм. Тиймээс ч 2016 оноос эхлэн бид бүх зардлыг нь дааж дотоодын 40 лабораторийг уг хөтөлбөрт шинжилгээний 5 төрлөөр хамруулж эхэлсэн. Удахгүй зохиогдох сургалт нь ч бидний энэ үйл ажиллагааны үргэлжлэл юм.

Өөрөөр хэлбэл, сургалтын маань гол зорилго бол 2016 оноос хойш Австралийн олон улсын чанарын гадаад хяналтын хөтөлбөрт хамрагдаж байгаа улсын бүх эмнэлгүүд, мөн хувийн хэвшлийн 3 эмнэлгийн лабораториудын үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах зүйлс, үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх явдал юм. Сургалтанд урилгаар Австралийн олон улсын чанарын гадаад хяналтын хөтөлбөрийн захирал доктор Тону Бадрик ирж байгаа бөгөөд манай лабораторийн мэргэжилтнүүдэд маш хэрэгтэй лекци ярилцлага хийнэ гэдэгт итгэлтэй байна.

- Чанарын гадаад хяналт гэж яг юу болох, энэ нь үйлчлүүлэгчдэд ямар ач тустай болох талаар тайлбарлана уу?

- Лабораторийн чанарын гадаад хяналт гэж тухайн лаборатори өөрийн үйл ажиллагаагаа, тэр дундаа шинжилгээний хариуг хэр үнэн зөв, найдвартай гаргаж байгааг, лабораторийн дотоод үйл ажиллагаа хэр сайн явагдаж байгааг хөндлөнгийн бие даасан мэргэшлийн байгууллагаар хянуулж үнэлүүлэх үйл явцыг хэлдэг. Манай улсад чанарын гадаад хяналт гээд л яригдаад байдаг боловч харамсалтай нь жинхэнэ утгаараа хэрэгжиж ирээгүй. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хяналт гэж бараг байхгүй байна. Манай лабораториудын шинжилгээний хариу олон улсад хүлээн зөвшөөрөгддөггүй нь үүнтэй холбоотой.

- Австралийн олон улсын чанарын гадаад хяналтын давуу тал нь юу вэ? Яагаад эдний чанарын гадаад хяналтыг оруулж ирж, хэрэгжүүлэх болсон бэ?

- Австралийн Рояал Коллежийн чанарын гадаад хяналтын гол давуу тал бол олон улсад хүлээн зөвшөөрөгддөг явдал юм.

Монголын лабораториуд энэ хөтөлбөрт хамрагдсанаар сар бүр маш олон төрлийн шинжилгээний үзүүлэлтүүдээр оролцож үнэлүүлэх боломжтой. Дүн үнэлгээ нь 80 гаруй улс оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Нөгөөтээгүүр, манай лабораториуд 100 гаруй улсын лабораториудтай шинжилгээний үзүүлэлтүүдээ харьцуулах боломж нээгдэж байгаа нь маш өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэр лабораториуд хийж байгаа шинжилгээнүүдээ дэлхийн түвшинтэй харьцуулж, ямар түвшинд явааг мэдэх боломжтой болж байгаа гэсэн үг.

Жишээ болгож өөрийн лабораторийн нэг жишээ татъя л даа. 2016 онд Бонавита лаборатори С вирус тоолох шинжилгээгээр Австралийн чанарын гадаад хяналтын хөтөлбөрийн үзүүлэлтээр олон улсын 22 лаборатори дундаас хоёрдугаарт үнэлэгдсэн байдаг. Энэ нь манай шинжилгээний хариу үнэн зөв гарч байгааг нотолж байгаа хэрэг юм.

- Танайх аймаг бүрт өөрийн сорьц авах нэгж салбартай. Ингэхэд, танай лаборатори 21 аймгаас шинжилгээний сорьцоо яаж аюулгүйгээр, чанарын ямар нэгэн өөрчлөлтгүйгээр зөөвөрлөдөг юм бэ?

- Салбарын сувилагч сорьцоо цуглуулсан даруйдаа тээвэрлэлтэнд бэлтгэн зориулалтын саванд хийж гэрээт ложистикийн компаниар төв лабораторид илгээдэг. Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг холын аймгаас бол онгоцоор тээвэрлэгдэн ирдэг. Гэхдээ, зарим нэг онцлог буюу дөрвөн цагийн дотор уншуулах шаардлагатай шинжилгээг хоёр цагаас дээш хугацааны тээвэрлэлт шаарддаг хөдөө орон нутагт авах боломжгүй байгаа.

Сорьцын тээврийн сав баглаа боодлын хувьд, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн чанарын гэрчилгээтэй Герман улсын Дельта фирмийн цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын, гурвалсан савлагаа бүхий цэнхэр хайрцаг буюу blue box-оор сорьцоо тээвэрлэдэг. Blue box бүрт дотор нь тусгай электрон термометр байх ба тэр нь 15 минут тутамд температурыг автоматаар хэмжиж байдаг.

Хөдөө орон нутгаас сорьц ирсэн даруйд манай ажилтнууд сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, термометр дээрх заалтуудыг компьютерт оруулж хянан архив үүсгэдэг. Тухайн сорьц тээвэрлэгдэх замдаа температурын өөрчлөлтөд орсон эсэхийг хянаж ажилладаг гэсэн үг.

Бона Вита лабораторийн 360 зураг. Гүйлгэж үзнэ үү...

- Ийм уужим тохилог, цэвэр цэмцгэр орчинд дээд зэргийн үйлчилгээ явуулж буй лабораторийн хувьд үнэ тариф нь нэлээд өндөр байх даа. Ер нь танайхаар ямар түвшний хүмүүс үйлчлүүлдэг вэ?

- Манай үүд хаалга хүн бүрийн өмнө нээлттэй. Бид хүний төлөө л үйлчлэхийг зорилгоо болгодог. Тиймээс ч манай лабораторийн үйлчилгээний үнэ харьцангуй хямд, улсын төв эмнэлгүүдийн гаргасан стандарт, үнийн дүнтэй ижил, түүнээс хямд ч бий.

Бона Вита лаборатори нь ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран зохион байгуулдаг элэгний С вирусийн нуклейн хүчлийг тоолох молекул биологийн хөндлөнгийн хяналтын хөтөлбөрт тэнцэж, С вирусийн эмчилгээнд хамрагдах иргэдэд шинжилгээ хийх батламж эрх авсан цөөн лабораторийн нэг.

Манайх элэгний үйл ажиллагааны шинжилгээг 9 үзүүлэлтээр 16600 төгрөгөөр буюу 1 үзүүлэлт нь 1500-2000 төгрөг, цус бүлэгнэлтийн шинжилгээг 11300 төгрөгөөр буюу 1 үзүүлэлтийг 2500-3200 төгрөгийн үнээр хийдэг. Монголд үүнээс хямд өртгөөр шинжилгээ авч байгаа газар үгүй л болов уу.

Одоо бид элэгний хорт хавдрыг эрт үед нь оношлох шинжилгээ хийж эхэллээ. Мөн бид зонхилон тохиолдох хавдрын илрүүлэг шинжилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалд оруулахаар саналаа өгсөн байгаа. Бид даатгалаар үйлчлэх тэрхүү өдрийг үйлчлүүлэгчдийнхээ нэгэн адил тэсч ядан хүлээж байна.

- Танд сүүлийн үгийг үлдээе?

- Олон улсад лабораторийн гол шалгуур үзүүлэлт нь чанарын гадаад хяналт байдаг. Монгол улсад ч гэсэн ийм стандарт удахгүй тогтоно гэдэгт бид итгэлтэй байна.

Лабораторийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үүнд анхаарахаас гадна манай иргэд ч ийм хандлагатай болоосой гэж бид их хүсдэг. Өөрөөр хэлбэл, лабораторид ирж үйлчлүүлэхдээ, тухайн лаборатори чанарын гадаад хяналтанд хамрагддаг эсэх, бүрэн автомат тоног төхөөрөмжтэй эсэх, чанарын шаардлага хангасан шинжилгээнд хэрэглэгдэхийг зөвшөөрсөн IVD сертификат бүхий тоног төхөөрөмж, урвалж ашигладаг эсэхийг асууж тодруулдаг байгаасай гэж хүсэх байна.

Учир нь энэ гурван зүйлээс шинжилгээний хариу хамаардаг. Энэ гурван шалгуурыг хангаж байж лабораторийн чанар яригдана, шинжилгээний хариу олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө.

Чанар бол бидний баталгаа. Чанартай хариу зөв оношийн эхлэл.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Бонавита лабораторийн цаашдын ажилд амжилт хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.