Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гантамир: АТГ-т УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулах хүсэлт өгсөн

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Их хурлын гишүүн О.Баасанхүү арванхоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд МАХН-ын II их чуулганыг хуралдуулсан. Энэхүү хурлыг хууль зөрчсөн гэж МАХН-ын удирдлагууд удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Монголын залуу хуульчдын "Хос дэнс" ТББ-ын тэргүүн A.Гантамир мэдээлэл хийлээ.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хандсан байна. Учир нь Улсын Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүн нь гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглодог байна. 

Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглан МАХН-ын дарга болж, төрийн ордонд хууль зөрчин намын хурлыг зохион байгуулсан гэж иргэн А.Гантамир үзэж байгаа аж. 

Мөн тэрээр "Улс төрийн намын тухай хуульд аливаа иргэн намд 1 сая төгрөгийн мөнгөн хандив дээд тал нь өгөх боломжтой бөгөөд энэхүү хандивын хэмжээг хэтрүүлж нэг хүнээс их хэмжээний мөнгөн хандив авч хурал зохион байгуулсан нь авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна.

Тиймээс АТГ-т УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулах хүсэлт өгсөн. Шалгалтыг явуулахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой гэж үзэж байна. 

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн нь жирийн иргэний адил аливаа хэрэг маргаанд холбогдвол бүрэн эрхийг түдгэлзүүлж энгийн иргэний адил шалгах боломжтой шийдвэр гаргасан учир энэхүү шийдвэрийн биелэлт УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээр хэрэгжих эсэхийг харах л үлдлээ" гэв.