Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гватемал улс АНУ-ыг дагаж, элчин сайдын яамаа Иерусалемд нүүлгэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалем хотыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель Авиваас нүүлгэхээр болсон нь дэлхийн олон улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Тэгвэл хоёр дахь улс элчин сайдын яамаа Тель Авиваас Иерусалемд нүүлгэхээр болжээ. Өчигдөр буюу Ням гарагт Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсныхаа дараа Төв Америкийн Гватемал улсын ерөнхийлөгч Жимми Моралес элчин сайдын яамаа Иерусалемд нүүлгэх шийдвэрээ зарласан байна.

Гватемал нь Пүрэв гарагт болсон НҮБ-ын ерөнхий ассемблейн тусгай чуулган дээр Вашингтоны шийдвэрийг дэмжсэн санал өгсөн есөн орны нэг байсан юм.

Санал хураалтад оролцсон НҮБ-ын гишүүн орнуудын 128 нь Америкчуудын шийдвэрийг эсэргүүцэж, 35 нь түдгэлзсэн. Вашингтоны шийдвэрийг дэмжсэн орнууд нь АНУ, Израйлаас гадна Гватемал, Гондурас, Палау, Маршаллын арлууд, Микронези, Науру, Того байсан юм.

Израйлийн эрх баригчид Америкийн жишээг дагаж, Иерусалемийг нийслэлээр зөвшөөрөхийг дэлхийн улс орнуудад уриалж байгаа. Баасан гарагт Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэд хэдэн улс Иерусалемд нийслэлээ шилжүүлэх талаар нухацтай бодож байгаа гэж мэдээлсэн байна.

Ямар ямар улсууд ийм бодолтой байгааг Нетаньяху дэлгээгүй ч Израйль улс олон улсад шинэ нийслэлээ хүлээн зөвшөөрүүүлэх дипломат ажиллагаа явуулна гэдгээ зарлажээ.

Арванхоёрдугаар сарын 6-нд Дональд Трамп шийдвэрээ зарласнаас хойш Израйль, Палестины зөрчил хурцдаж, 10 гаруй хүн амиа алдан, олон зуун хүн шархдаад байна.

 

Эх сурвалж: Russia Today