Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Энхбат: Хөгжлийн банкны хуулийн шаардлага өндөрссөн тул тэнцэх компани бага байна

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг

Хөгжлийн банк Монгол Улсын стратегийн чухал тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад гол нөлөө үзүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдаж байв.

Гэвч Хөгжлийн банкны хуулийн цоорхой нь ашигтай ажиллах боломжийг бууруулж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлснийг бүгд мэднэ. Тиймээс Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Мөн Засгийн газар Хөгжлийн банкны дүрмийн санг нэг триллион төгрөгөөр нэмсэн нь олон улсад томоохон санхүүгийн байгууллага болохоо баталсан юм. Тэгвэл өнөөдөр тус банкны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай ярилцлаа.

-Хөгжлийн банк хуулиа шинэчилсэн. Мөн дүрмийн сангаа нэг их триллион төгрөгөөр нэмэгдүүллээ. Удирдлага нь ч бас өөрчлөгдсөн шүү дээ. Одоо үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байна. Шинэчлэгдэж чадаж байгаа юу?

-Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдаад 6-7 жилийн нүүрийг үзэж байна. Хөгжлийн банк өнгөрсөн жилүүдэд багагүй сорилтуудтай тулгарсан. Нийгэмд янз бүрийн хэл ам таталсан асуудал үүсэж байлаа. Тиймээс 2016 онд байгуулагдсан шинэ Засгийн газар гарч ирээд Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Мөн шинэ баг томилогдоод ажиллаж байна. Биднийг ажил авахад банкны зохистой харьцаа, үзүүлэлтүүд алдагдсан, эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө татагдах эрсдэл үүссэн, хууль эрх зүйн хувьд биеэ дааж хараат бус үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон байсан. Бид эхний ээлжинд банкны үзүүлэлтүүдийг сайжруулах болон хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэдэг зорилтыг тавьсан.

Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх зорилгоор санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлж, өөрийнх нь хөрөнгийг нэмэгдүүлье гэдэг шийдвэр гарсан.

Үүний дагуу 2017 оны эхний улиралд Хөгжлийн банканд байсан 350 гаруй төсөл, мөнгөн дүнгээр 3.2 их наяд төгрөгийн төслийг Засгийн газарт шилжүүлсэн. Одоо улсын төсвөөс эргэн төлөгдөх .нөхцөлтэй ганц ч төсөл үлдээгүй. Энэ оны хоёрдугаар сард Хөгжлийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль шинэчлэгдсэнээс хойш бид Засгийн газраас ямар нэгэн хараат байдлаар ажиллахгүй биеэ дааж, төслөө санхүүжүүлэх шийдвэрийг өөрсдөө гаргаж байгаа. Мөн хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлж, сайн засаглалын зарчмуудыг хуульдаа тусгасан.

-Өмнө нь Хөгжлийн банкаар дамжуулж “Чингис”, “Хуралдай” зэрэг хэд, хэдэн гаднын эх үүсвэрийг татаж, төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Гэвч эдгээр нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн шүүдээ. Одоо тийм зүйл гарахгүй гэж баттай хэлж чадах уу?

-2011 онд Монгол Улсын эдийн засаг түүхэндээ 17 хувиар өсөж, монголчуудад өгөөжтэй жил болсон. Гаднынхан тухайн үед манай улсыг ирээдүйн Катар, Кувейт болно гэж харж байлаа. Харамсалтай нь тухайн үед эрх барьж байсан улс төрийн хүчнүүдийн төсөв, мөнгөний алдаатай бодлого, экспортын гол түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүнээс үүдэн хөрөнгө оруулалт гадагшлах, экспортын орлого буурах, улсын валютын нөөц буурах, төгрөгийн ханш сулрах зэрэг сөрөг нөлөө эдийн засагт бий болсон.

Эдийн засаг харьцангуй сайн үед тухайн үеийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгосон. Үүгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Гэвч дээрх бондын зарцуулалт төдийлөн үр дүнтэй байж чадаагүй. Тухайн үеийн хуулинд Хөгжлийн банк УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж тусгасан байсан. Гэтэл тэр үеийн Засгийн газар УИХ-аар батлуулалгүй, бондын мөнгөний дийлэнхийг гудамж талбай засах, дэд бүтэц, замын төсөлд зарцуулсан. Үүнээс болж Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн багцын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн.

Мөн банкны дотоод хяналтгүй, дүрэм журмаа зөрчиж олгосон зээлүүд нэлээд бий. Энэ бүх алдаа, дутагдлыг цаашид гаргуулахгүй байх үүднээс бид хуулийн шинэчилсэн найруулга, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, хяналт, хариуцлагын механизмыг, нарийн тусгасан.

Нөгөөтээгүүр банкны бодлого, дүрэм журмуудыг хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж илүү хяналттай, хариуцлагатай, төсөл хөтөлбөр хүлээн авах, сонгох, санхүүжүүлэх явцыг ил тод, хүнд сурталгүй байхаар эрх зүйн орчныг бүрдүүллээ. Ийнхүү шинэчилсэн хууль эрх зүйн орчинд явуулж буй бидний үйл ажиллагаа богино хугацаанд маш бодитой эерэг үр дүн авчрах нь дамжиггүй.

-Түүнээс гадна Хөгжлийн банк дүрмийн сангаа нэг триллион төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэснээс ямар ач холбогдолтой вэ. Ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу?

-Мэдээж дүрмийн санг нэмэгдүүлснээр гадна талаас эх үүсвэр татах боломж илүү нэмэгдэнэ. Нөгөө талаас томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох боломж нь нэмэгдэж байгаа юм.

-Хөгжлийн банкны гол зорилго нь эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх шүү дээ. Гол зорилгоо хэрхэн биелүүлж байна. Ирэх жилүүдэд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хөгжлийн банк ямар төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлж, ямар шаардлага тавих вэ гэдгийг хуулинд тодорхой заасан. Хөгжлийн банкны хуулийн аравдугаар зүйл дээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, тавигдах шаардлагуудыг хуульчилсан. Хамгийн түрүүнд “Монгол Улсын тогтвортой хөгжил 2030 он” хөтөлбөр, дунд хугацааны хөтөлбөрүүд бий.

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Эдгээр хөтөлбөрүүдэд туссан “экспорт руу чиглэсэн, импортыг орлосон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэж хуульчилсан. Өмнөх хуулиар яадаг байсан бэ гэхээр УИХ-аас жагсаалтыг нь баталдаг байсан. Харамсалтай нь тэр заалт огт хэрэгжээгүй.

-Хуулийн цоорхойг ашиглаж их хэмжээний мөнгө үргүй зарлагдсан гэдэг шүүмжлэл байдаг. Яг ямар заалт нь хэрэгжээгүй юм бэ. Тодорхой тайлбарлаач?

-Хуулийн цоорхой гэхээсээ илүү, хуулиа хэрэгжүүлж чадаагүй. Хөгжлийн банк ашигтай ч бай, ашиггүй ч бай УИХ-аар хууль баталсан л бол төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх үүрэгтэй болчихдог. Энэ нь эргээд банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан. Одоо шинэ хуулиар дээрх зүйлүүдэд нийцсэн, гэхдээ эргээд өөрсдөө төлөх чадвартай, эдийн засаг, санхүүгийн хувьд үр ашигтай тийм төслүүдийг санхүүжүүлэх юм.

Өмнөх жилүүдийн алдаа юу вэ гэхээр богино, дунд хугацаатай арилжааны зээлээр баахан зам засаад тавьчихсан. Бондынхоо зээлийг таван жилийн хугацаанд төлөх байтал бид урт хугацаатай төслүүд рүү мөнгөө хийчихсэн байдаг. Энэ эргээд банкны ашигт ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн. Тэгэхээр дахин ийм алдаа гаргахгүй тулд хуулин дээр “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төслийн 60-аас доошгүй хувь нь экспорт руу чиглэсэн байна” гэж заасан.

Нөгөөтээгүүр хуучин Хөгжлийн банк зөвхөн дангаараа 100 хувь бүх төсөл, хөтөлбөрүүд рүү орж байсан. Харин одоо “Хөгжлийн банк аливаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ хөрөнгө оруулагч бусад байгууллагуудтай хамтарч санхүүжүүлнэ” гэсэн заалт байгаа. Энэ нь эргээд төслийг амжилттай болгох, эрсдлийг хуваалцах асуудлыг тодорхой болгож өгсөн.

-Хөгжлийн банкны хууль шинэчлэгдсэнээс хойш хэчнээн төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн бэ?

-Одоо хуулийн дагуу бүх санхүүжилт явагдаж байна. Тоогоор бол 20 гаруй төслийг санхүүжүүлсэн.

-Хэчнээн хөрөнгөөр?

-Нийт дүнгээрээ 2017 онд 270 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.

-Тухайлбал?

-Хамгийн том нь гэвэл “Говь” компанид санхүүжилт олгосон. Ер нь ноолуурын чиглэлийн компаниуд, гэр хорооллын барилгажилтад, түүхий эдийг боловсруулж, экспортод гаргах төслүүдийг санхүүжүүлсэн. Ашиг харахаасаа илүү нийгмийн ач холбогдлыг нь харж санхүүжүүлдэг. Засгийн газрын “Алт 2” хөтөлбөрт мөн оролцсон. Энэ хүрээнд арав гаруй аж ахуйн нэгжид 20 гаруй тэрбум төгрөгийг олгосон. Манай хуулийн шаардлага өндөрссөн учраас босго давж гарах компаниуд бага байна.

-Төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлэх зорилготой аж ахуйн нэгжид нөгөө л арилжааны банкууд шиг хэт өндөр шаардлага тавиад байгаа юм биш биз. Үр дүнтэй санаачилга гаргаад ажиллаж байгаа компаниудад танай банкны санхүүжилт хүрч чадахгүй бол яах вэ?

-Санхүүжилт хүсэж байгаа аж ахуйн нэгжид 40 асуулт тавьж байгаа. Аль болох бид бүрэн гүйцэт материал авахыг зорьдог. Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэгдсэнээс олон аж ахуйн нэгж санхүүжилт хүсэж байгаа. Ямар асуудал тулгарч байна вэ гэхээр нэгдүгээрт, шаардлага хангаагүй, дутуу материал егдөг. Зүгээр нэг ТЭЗҮ боловсруулаад албан бичгээ өгчихдөг. Ингээд болчихно гэж боддог. Харин бид хэрхэн үр ашигтай байх, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг маш олон шаардлагуудыг тавьсан байдаг.

Үүнд нийцэхгүй компаниуд “Манай материалыг удаагаад байна” гэдэг асуудал ярьдаг. Энэ нь эргээд банкны нэр хүндэд муу, нөгөө талдаа хөрөнгө оруулалт авах гэж байгаа хүмүүст хүлээлт үүсгэдэг. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд илүү нээлттэй ил тод байх үүднээс бид зээлийн хүсэлтийг цахим системээр авах ажлыг эхлүүлж байгаа. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр төсөл санаачлан аж ахуйн нэгжүүд банкин дээр ирээд бичиг цаас бариад гүйгээд байхгүй, онлайнаар хаанаас ч хамаагүй хүсэлтүүдээ оруулах боломжтой болсон.

Нөгөө талаар төслийн үе шат нь хэрхэн явж байгааг онлайнаар хараад байх боломжтой. Гэхдээ бид харилцагчдынхаа тодорхой нууцлалыг хадгалж байгаа. Энэ нь эргээд янз бүрийн хэл ам гарахгүй. Манай банкны хуульд нийцэхгүй, болсон болоогүй төсөл орж ирэхээс болгоомжилж байгаа юм.

Хөгжлийн банкнаас урт хугацаатай хүү багатай санхүүжилтийг хийж байна. Монголд бэлэн төсөл хөтөлбөр байна уу, гэдэгт холбогдох яамд, MYXAYT, Үндэсний шинэтгэлийн хороотой нягт хамтран ажиллаж улсын хэмжээнд судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд мянга орчим төслийг шүүн хуульд нийцсэн шаардлагуудыг үндэслэн 40 орчим төслийг шалгаруулсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хуулийн шаардлага хангасан, экспортод чиглэсэн, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай төслүүдийг судалж шаардлага хангасан төслүүдийн санхүүжилтийг нь шийдвэрлэн ажиллаж байна.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хөгжлийн банкны хүлээх үүрэг, чиглэлд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-ОУВС-аас тавьж буй гол шаардлага бол Хөгжлийн банк Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулах, төсвийн шинжтэй санхүүжилт хийхгүй байх. өөрсдөө эх үүсвэрээ Засгийн газрын баталгаагүй татаж ажиллахыг зөвлөж байгаа. Түүнчлэн гурван жил үргэлжлэх ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбогдуулан төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах зорилгоор Хөгжлийн банкнаас хийх санхүүжилтэд тодорхой хязгаарлалтууд тавих магадлалтай.

-Хөгжлийн банк олон улсын зах зээл дээрээс ямар санхүүжилт босгохоор төлөвлөж байна вэ?

-ОХУ, БНХАУ, Ази Номхон Далайн бүс нутаг, Европын холбооны улсуудын Хөгжлийн банкуудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж байна. Улсын зээлжих зэрэглэл, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаад зах зээлээс эх үүсвэр татах, бонд гаргахад хүүний хувьд өндөр байгаа учраас аж ахуйн нэгжид очих ашигт хувилбар нь бага байгаа. Өнгөрсөн гуравдугаар дугаар сард Засгийн газраас “Хуралдай” бондыг жилийн 8.75 хувийн хүүтэй гаргасан.

Жишээ нь есөн хувьтай бонд гаргахад үүн дээр зардлаа нэмэхээр аж ахуйн нэгж урт хугацаатай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад хүү нь өндөр тусна. Тэгэхээр бонд босгохоос илүүтэй тухайлсан төсөл дээр гадны санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллавал хүү нь бага буюу 4-5 хувьтай байх боломжтой. Энэ утгаараа шаардлагагүй их мөнгө татахаас илүүтэй тухайлсан төслүүдэд хөрөнгө авах нь зээлдэгчид ашигтай байхын зэрэгцээ Хөгжлийн банк гэдэг агуулгаа хадгална. Мэдээж улс орны эдийн засаг сэргэж, зээлжих зэрэглэл сайжирсан үед хэрэгцээ шаардлагадаа үндэслэн бага хүүтэйгээр бонд гаргах боломж бүрдэнэ.

Зураг