Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Молор-Эрдэнэ: Амьдрал ганцхан хайр дээр биш ёс суртахуун, ухамсар, хүмүүжил дээр тогтоно

ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
2017-12-25-нд нийтлэгдсэн ярилцлагыг дахин нийтлэв.

- "Үнэний тухай ярилцъя" - 

"Чингис хааны үед Төр, хууль, хот ч байгаагүй. Монгол гэдэг нь зэрлэг бүдүүлэг, дээрэмчин амьдрах хэвшлийг хэлдэг гэж ойлгогдож иржээ. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар бол Монгол хэлний хөгжилд социализмийн үед ч, өнөөдөр ч хэтэрхий их саад болсон хэвээр байна.  Р.Чойном ямар ч ач холбогдолгүй, хулчгар хүн. Ямар ч утгагүй шүлэг нь тархины тураалд оруулна. Болор Цомынхонтой адил оюуны төвшин доогуур. Монгол орныг сексийн 3-р хувьсгал аварна. Хятад хүмүүс ачтанууд шүү. Хятадууд өнөөдөр ч Улаанбаатарын шилэн барилгуудыг барьсаар л байна" гэх мэтээр хэвлэл мэдээллээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй хайрын сэдвээр Үнэний тухай ярилцахаар хичээлээ.

Монголчуудад хайрын тухай ямар ч ойлголт байхгүй
 

- Хайрын тухай хүн бүхэн, салбар бүр өөр өөр зүйл хэлдэг. Философичдоос хайр гэж юу вэ гэж асуувал ямар хариулт ирэх бол? 
- Шашинд бурхны хайр ярихаас хүний хайр дурьдах ч үгүй. Харин философи хүний хайрын тухай авч үздэг. Ээжийн, аавын эсвэл хосын хайр гээд л ялгаад явчихна. Шинжлэх ухаан бол хайрыг хүний тархинд ямар, ямар гормон илэрдэг эсвэл сэтгэлзүйн асуудалд хэрхэн ордог талаас нь тайлбарладаг л даа. Манай салбарт хосуудын хайрын тухай 15, 16-р зуунаас хойш л ярина шүү дээ. Яагаад гэвэл тэр үеэс л хүн төрөлхтөн хайр дурлалаараа чөлөөтэй хуримладаг болсноор хосуудын хайр дурлал гэдэг ойлголт гарч ирсэн. Хайртай хүнтэйгээ хамт амьдрах боломжтой болсон гэсэн үг л дээ. Хамт амьдрахгүй бол хайртай байгаад юугаа хийх вэ дээ. Нэг нэгэндээ баттай үнэнч тэр л хайрын тухай бид ярилцана гэж ойлгож байна. Түүнээс биш ганцхан оройны юмуу түр зуурын дур хөдөлсөн болзооны дурлал бол хайр биш. Яг л роман дээр гардаг шиг чи зөвхөн минийх шүү. Би зөвхөн чинийх шүү. Гуравдагч хүн байхгүй шүү гэсэн ойлголтыг хайр гээд байгаа. 

- Роман дээр бичсэн шиг тийм үнэнч хайрыг бид ийм нийгэмд байлгах боломжтой юу?
- Энэ бол хайрын тухай тэр хүний мэдлэг чадвараас л хамаарна. Хайр дурлалыг юу гэж ойлгодог, түүнийгээ багаасаа хүмүүжлээр олж авсан уу эсвэл ном зохиолоос мэдсэн үү гэдэг нь хувь хүний л асуудал. Хайрын онол гэж хаана ч байхгүй. Цэвэр сэтгэлийн хөдөлгөөн дээр болдог зүйл. Сэтгэлийн хөдөлгөөн үргэлж илрэхгүй. Өглөөнөөс орой болтол хүн хайртай байж чадахгүй. Яг энэ талаар л Монголчууд олон зуун ном бичиж, ярилцлага хийж тодорхой болгоогүй учраас өнөөдрийг хүртэл хайрын тухай бидэнд ямар ч ойлголт байхгүй.

Монголд хайрын тухай ганц ч ном бичээгүй. “Хайрлах урлаг” гээд миний орчуулсан ном л хайрыг тайлбарласан анхны ном байх. Энэ номонд хайрыг дөрвөн салбарт тайлбарладаг. Шашин, философи, сэтгэлзүй, социологийн талаас нь тайлбарладаг. Ийм олон талаас нь ярьж байж хайрын тухай ойлголтыг гаргаж ирнэ үү гэхээс нүдэнд харагдах энгийн зүйл биш л дээ. Хайр бол амьдралын жишээнүүдээр л хүнд харагдана. Хамгийн анхны жишээ бол Ромео Жулетта байна. Нэг бол хоёулаа амьдаръя нэг бол үхье. Ээж, аав, лам бүгдээрээ дургүйцээд бид хоёрыг суулгахгүй байна. Тэгвэл хоёулаа үхчихэе л дээ гэдэг биз дээ. Энэ л хайрын тухай хамгийн анхны сонгодог жишээ.

- Цаашаа тэгээд хайр дурлал юу болсон бэ?
- Цаашаа тэгээд Оросын Толстойн “Анна Каренина” болон Францийн Флаубертийн дурлалын тухай номоор нөгөө гоёор төсөөлж явсан хайр сэтгэл хямралд орж эхэлснийг харуулсан. Яагаад гэвэл дурласан хоёр сэтгэл хөдлөлдөө тулгуурлаад гэр бүл болчихсон чинь амьдрал эхлэхийн цагт хайр нь унтарчихсан.


Яруу найрагчид дур тачаалын мунагтсан л юм бичдэг

- Ромео Жулетта шиг тийм үнэнч хайр яагаад унтарчихсан юм бол?
- Яахав дээ, хэтэрхий их хүлээлттэй, гэнэн, хайрын тухай буруу төсөөлөлтэй, өдөржингөө хайртай байх юм шиг ойлгочихсон байсан чинь тэгэж чадаагүй. Хүнд чинь уур хүрэх үе байна, дургүй хүрэх үе байна. Хамтдаа амьдрахаар цалин мөнгөнөөс эхлээд азтай азгүй, бүтэх бүтэхгүй үеүд эхлэнэ. Амьдрал чинь зураг шиг сайхан юм биш шүү дээ. Муухай үедээ амьдрал шиг муухай юм байхгүй ш дээ. Яагаад гэвэл амьдрал мөнгөнөөс хамааралтай. Мөнгийг ариун цагаан хөдөлмөрөөрөө олох хэцүү. Заавал хулгай дээрэм хийж их мөнгө олно. Их мөнгөгүй бол үнэтэй цэнэтэй брэндийн бараанууд авч чадахгүй. Нөгөө талд бусад нь брэндийн бараа аваад байдаг, гэтэл чи авгайдаа авч өгч чаддаггүй. Ингээд л амьдрал эд бараан дээр тогтоод ирнэ.

- Амьдрал, хайраа эд зүйлээр хэмжмээргүй байна ш дээ. Тэгэхийн тулд хайр дурлалд сэтгэл хөдлөлөөс өөр юуг зориулах вэ?
- Сэтгэл хөдлөлийн хажуугаар ёс суртахуун, хүмүүжил байх ёстой. Нэг талд сэтгэлийн хөдөлгөөн байна. Нөгөө талд хайр гэдэг зүйл чинь хариуцлага. Амьдрал хайр дээр биш бас ёс суртахуун, ухамсар, хүмүүжил дээр тогтоно. Тэгэхээр одоо ёс суртахуун хайр хоёрыг хослуулахаас өөр арга байхгүй. Сэтгэл хөдлөлөө залж, барьж, хөгжүүлж, хойш нь татаж сурах хэрэгтэй. Нэгэнт л хайртай юм бол хайр устахгүй ш дээ. Гол нь хайр зарим үед гутрана, гомдоно. Эхлээд хайр дурлал эстетик дээр явж байгаад гэр бүл болоод этик болдог. 

"Амьдрал хайр дээр биш бас ёс суртахуун, ухамсар, хүмүүжил дээр тогтоно" С.Молор-Эрдэнэ

- Тэгэхээр одоо Монгол залуусын хайр зөвхөн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж байна уу? Хайрын тухай уламжилж ирсэн үнэ цэнэтэй ойлголт, үзэл санаа алга гэсэн үг үү?
- Манайд хэцүү хэцүү. Монголд Хятадын Күнз, Оросын Толстой, Германы Гёте, Английн Шекиспиртэй адилхан ч гэдэг юм уу, Францын Флаубертийнх шиг тийм хайр дурлалыг тайлбарсан роман, онол бичсэн оюунлаг хүн байхгүй. Тийм учраас бид хайр дурлал ярихад маш хэцүү. Философич байхгүй, уран зохиолын ном, роман бичдэг хүн бас алга.

Монгол хүн хайр дурлалын тухай хэзээ, хаана, ямар роман бичсэн юм бэ. Магтаад байгаа зохиолчдын нэг нь ч бичээгүй ш дээ. Монгол хүн чинь роман бичихээрээ дандаа түүхэн роман бичдэг. Шүлэгч яруу найрагчид нь хайр дурлалыг илэрхийлж чадахгүй, зөвхөн өнгөн талаас нь л бичнэ. Хайр гоё, хайрандаа зовно, хайрандаа тарчлана гэдэг ч юмуу, дур тачаалын мунагтсан л юм бичдэг. Романд сурган хүмүүжүүлсэн, ойлгосон, ухаарсан хайрын тухай байдаг. 

- Гэхдээ яруу найраг чинь угаасаа л хүний сэтгэлийг баясгадаг зүйл биз дээ?
- Тийм л дээ. Шүлэг, яруу найраг уран үгээр хүнийг өдөөнө, сэрээнэ. Роман уншлаа, хөөх хайр дурлал чинь ямар аймар юм бэ л гэнэ дээ. Тэгээд явсаар байгаад хайр дурлал хүчирхийлэл болдог. Хайр дурлал тийм ч сайхан юм биш. Хайр дурлалаас болж хэрүүл зодоон болно, хүн ална. Хайр дурлалаас болоод найз охиноо зодсоор байгаад алчихаж байгаа жишээ байгаа ш дээ.


Бээвийсэн, зузаан курткатай, нүүр амаа таглачихсан хүмүүс байхад юун хайр, яасан хайр

- Хайр дурлал хүчирхийлэл болдог гэдэгтэй тантай санал нийлэхгүй байна. Заавал ийм бүтэлгүй байх ёсгүй биз дээ. 
- Манай улсад хайр дурлал үргэлж бүтэлгүйтнэ. Яагаад гэвэл хайр дурлалын онолын ном ядаж байхгүй байна ш дээ. Роман байхгүй байна ш дээ.

- Гадаадын сайн уран бүтээл, ном уншаад ойлгож болохгүй гэж үү?
- Тэр чинь гадаадын ард түмэнд л хүчинтэй. Бидний амьдралд буусан зүйл хэрэгтэй байна. Бид чинь мах иддэг, өвөл хүйтэнд даардаг. Тэр Франц, Италийн хайр дурлал дандаа халуун оронд болж байгаа. Ийм бээвийсэн, зузаан зузаан куртка өмсчихсөн, нүүр амаа таглачихсан хүмүүс гудамжаар алхаад байхад юун хайр, яасан хайр байх билээ.

- Хайрын тухай жинхэнэ монгол роман гартал бид таны хэлснээр бүтэлгүйтээд л байх уу? 
-Тэгээд одоо бүтэлгүйтээд л байж дээ. Болж өгвөл хүйтэн орны роман унших хэрэгтэй. Бид чинь хүйтэн оронд амьдардаг учраас хайр гэхээсээ илүү хань хүсдэг л дээ.

Өвөл болдог, бээвийгээд алхдаг. Одоо өвөл учраас болж өгвөл дулаахан л хүн хэрэгтэй байна ш дээ. Харанхуйд гудамжинд явахдаа хажуудаа сүүдэр болгож, цагаан сараар айлд очихдоо дэргэдээ нөхөртэй гэдгээ харуулах зэргээр нэг тиймэрхүү л юманд хэрэглэж байна. Тэрнээс жинхэнэ хайр манайд байх боломж нэг их байхгүй.

Дэр нэгтгэсэн, тогооны хүнтэй болсон гэдэг чинь дандаа л нэг нэгэндээ хань болсон байдал. Бид эсгий гэрээс гараад удаагүй. Крилл үсэгтэй болж байж анх удаа романтай танилцлаа шүү дээ. 1960-аад оноос анх уншсан гэхээр бид жинхэнэ хайртай тэр үед л дөнгөж танилцсан байхгүй юу. Түүнээс өмнө хайр дурлалаас болж хурим хийж байсангүй. Ноёны хүүхдүүд бэлчээрээ томосгох гэж бас хэрүүл хийхгүй гэсэн баталгаа болгож л суудаг байсан байх. Ядуусын хүүхдүүд яахав дээ, нэг нь саальчин хүүхэн, нөгөө нь адуучин залуу. Чи бид хоёр ганц ганцаараа явж байхаар нэг гэрт ороод нэг нэгэндээ хань болоод амьдаръя гээд л суучихна. Одоо ч гэсэн ийм л байгаа, үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш дээ.

- Одоо үеийн залуус өөр болсон байлгүй дээ...
- Одоо үеийн залуус яахав дээ, Америкийн Холливудын киноноос үзсэнээ эндээ туршаад л байж байгаа ш дээ. Бөгж зүүж хурим хийгээд л. Тэр чинь бол Христийн шашны зан үйл ш дээ уул нь. Бурхны өмнө тангараглаж хурим хийж байгаа. Энэ чинь Монголтой ямар ч хамаагүй л дээ. Дандаа гадны зохиолчийн юм авчраад л фэйсбүүктэй тавиад байгаа. Яг эсгий гэрийнхээ, нутаг орныхоо нөхцөл байдалд тааруулах ёстой л доо. Хоёр хүн үнэхээр хайртай дуртай гээд амьдрах гэж байгаа бол хариуцлагатай байж нэг нэгэндээ үнэнч явах асуудал гарч ирнэ. Сексийг бол хэн ч хэнтэй ч хаана ч хийнэ. Дараа нь хүүхэдтэй болно, хариуцлага эхлэнэ, үр хүүхдээ өсгөнө. Гэрлээд л хайраа хойшоо тавиад хариуцлагаа барьж авах ёстой. Хайр нь өөр хайр болох ёстой. Эцэг эх, амьдралын хань гэдгээрээ хайрлах хэрэгтэй. Гэрлэлтээс өмнө хайр дандаа  секс, дур хөдлөл дээр л байдаг. 

Айлын хөөрхөн охиныг мөнгөгүй хулгайч аваад “алж” байна

- Дур хөдлөлөөс үүдсэн гэрлэлт яваад байна гэж үү? 
- Тийм ш дээ. Яг юунд нь хайртай болоод байгаа юм бэ? Биеийн хэлбэр галбирт нь юм уу? Царайнд нь болоод байгаа юм уу, амьдралын бололцоотой болохоор эсвэл алтан бөгж, машин, байр сууцанд нь хайртай болоод байгаа юм уу? Яг юунд хайртай болоод байна вэ? Яг хүнд нь хайртай болж байгаа бол үүдэн шүдгүй ч юм уу нэг нүд нь хялар болчихсон ч гэсэн хайртай байх нь байна ш дээ. Хүн гэдэгт нь хайртай болсон байх нь байна ш дээ.

- Хүнд нь хайртай болно гэсэн үү?
- Хүнд нь хайртай болно гэдэг нь байж байгаа байдал, ааш төрх, яриа хөөрөө, зан харьцаа, биеэ авч яваа байдал гэх мэт шинж чанарууд нь таалагдсан гэж ойлгож болно. Яагаад хүмүүс гоо сайхны мэс заслуудад ороод байгаа юм. Хэнд зориулж эмэгтэйчүүд ийм зүйлийг хийлгээд байгаа юм. Сонин байгаа биз дээ.

"Өөртөө таалагдах гэж давхраа хийлгэж байгаа хүн бол сэтгэлзүйн асуудалтай л хүн байх"

- Өөртөө зориулж болохгүй гэж үү?
- Юу яриад байнаа. Өөртөө зориулж тэгэж мөнгө үрж яах юм бэ. Чи өөрөө өөртөө яг төрсөн биеэрээ хайртай байх хэрэгтэй. Бусдаас л болж ийм тэнэг зүйл хийж байгаа шүү дээ. Яагаад гэвэл бусад хүн чамд тийм нүд гоё, тийм бие гоё гээд хэлчихсэн. Хүн чинь өөрийнхөө тэр мэнгэнд ч юмуу, зүс царайндаа хайртай байх ёстой. Өөртөө таалагдах гэж давхраа хийлгэж байгаа хүн бол сэтгэлзүйн асуудалтай л хүн байх. 

- Өөрийгөө хайрладаггүй хүнийг өөр хүн яаж хайрлах юм бэ гэсэн үг байдаг даа.
- Өөрийнхөө эхээс төрсөн биендээ хайргүй хүн бол тэгээд тэр одоо хэн юм, би мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө аваад явчихдаг байх хэрэгтэй л дээ. Өөртөө хайртай хүн гэдэг чинь хүнээс ямар ч тусламжгүйгээр өөрөө өөрийгөө аваад явчихдаг хүнийг л хэлээд байгаа юм. Өөрийгөө авч явж чадахгүй хүн дахиад нэг хүнтэй нийлвэл ямар ч хэрэггүй биз дээ. Аль эсвэл хүнээс тусламж гуйж очиж байгаа юм уу. Нөгөөх нь гай болоод бас нэг өөрийгөө авч явж чаддаггүй нөхөр байвал яана. Өөрсдийгөө авч явж чадахгүй жаахан хүүхдүүд дур тачаалаасаа болоод хүүхэдтэй болчихсон, тэгээд суухаас өөр аргагүй болно. Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг ямар хэцүү ажил билээ дээ. Тэгээд л ээж аав дээрээ аваачиж өгөөд та нар энэ хүүхдүүдийг ав, бид хоёр чадахгүй гэдэг биз дээ. Энэ бол Монголын эмгэнэл. Хайр, гэр бүлийн асуудал Монголд ахадсан л асуудал болчихоод байна.

- Тэгээд одоо яах вэ?
- Хайрын тухай том онол гаргах хэрэгтэй.

Социологийн болон сэтгэлзүйн судалгаа хиймээр байна. Тэгээд хайрыг тодорхойлмоор байна. Хайрыг дагаж ёс суртахуун, хүмүүжил, хариуцлага дагаж явдаг гэдгийг ойлгох ёстой.

Цаана нь бас мөнгөний асуудал байна. Мөнгөгүй хүн хүнтэй суугаад ямар ч хэрэггүй. Тийм учраас энэ Арабын соёлын дагуу мөнгөтэй эрэгтэй хүн мөнгийг нь төлөөд охинтой нь сууж байна. Манайд чинь айлын хөөрхөн охиныг мөнгөгүй хулгайч аваад “алж” байна. Мөнгөгүй мөртөө нэг айлд ороод ирдэг, дараа нь хүүхэдтэй болчихдог, тэгээд  нөгөөх нь гардаггүй, явдаггүй, гай болоод л. Ээж аав нь, “за энэ хоёрыг нэг тусад нь гаргахаас” гэдэг. Тэгээд л тамд унаж байгаа шүү дээ. Хоёр тэнэг хүүхэд нийлээд хүүхэд гаргачихсан. Бусдын нүүрэн дээр л цагаан сараар сүрхий хүмүүс болж золгоод байгаа болохоос биш, цаанаа бол бөөн хэрүүл. Бөөн дүр.

Бид чинь байнга л дүр эсгэж амьдардаг ард түмэн. Үнэнээрээ байж чаддаггүй

Бид чинь байнга л дүр эсгэж амьдардаг ард түмэн. Үнэнээрээ байж чаддаггүй, үнэн гэдгийг мэддэггүй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, үнэнийг нуудаг, үнэнээс айдаг ийм ард түмэн хэзээ ч хайр ярих боломжгүй. Яагаад гэвэл хайр гэдэг чинь үнэнтэй л хамаатай зүйл. Тэгэхээр хайр байх боломжгүй. Ээжийн хайр ч байх боломжгүй. Ээж аав бас л худлаа. Хүүхдүүдээ яаж ийж байгаад нэг ажилд ороод хэдэн төгрөгөн дээр тус болох болов уу л гэж хардаг. Аавын хайр бол шал худлаа. Хүүгээ сумо, бөх, улс төрч болгоно гээд л тэнэгтээд эхлэж байгаа. Тэрийг ямар хайр гэдэг юм. Миний хүү өөрийнхөө авьяас чадвараа ашиглаад өөрийнхөө хүссэнээрээ амьдраарай, аав нь дэмжинэ шүү гэдэг тийм аав хаана байгаа юм. Чиний толгойг би мэднэ л гэдэг биз дээ. Эцэг, эх, ах эгч, найз нөхдийн хайр яривал бүр бүтэхгүй. Хүмүүсийн хайр дурлалд хөндлөнгөөс нь нөлөөлөөд салгаад, суулгаад байдаг.

Манайд хүйтнээс болоод хурдхан нэг гэрт ороод галаа түлээд суухаа бодож байна

- Таныхаар хайрын тухай том онол гаргах хэрэгтэй юм байж. Тэгээд тэр онолоо хаана зааж сургах вэ? 
- Боловсролын системээсээ л эхэлдэг байх даа. Манайд хайр дурлал, сексийн тухай хичээл орох хэрэгтэй.

Сексийн тухай ямар ч ойлголт байхгүй байна. Зүгээр л мунаг секс л хийгээд байна. Яагаад энэ Монгол эмэгтэйчүүд чинь гадаадын эрчүүдэд тийм дуртай байна. Тэд нар чинь ядаж жаахан хайртай, соёлтой секс хийж байна. Ихэнх Монгол залуус багаасаа порно үзээд тархи нь гэмтчихсэн.

- Тархи нь гэмтчихсээн...? 
- Зүгээр хоосон үгээр бол юу ч бүтэхгүй. Хайртай гээд хэн ч хэлж чадна ш дээ. Үг бодит байдал хоёрын хооронд том ялгаа байна шүү. Фэйсбүүк дээр бичсэн тэр дөрвөн мөрт гэх мэт илүү дутуу юмнуудыг болих хэрэгтэй. Нөгөө хүн надад жинхнээсээ хайртай юу гэдгийг яаж мэдэх вэ, амьдарч байж л мэднэ. 

- “Хайрлах Урлаг” номонд бичсэнээр хүмүүс өөрийгөө яаж хайрлуулах тухай л бодоод байдаг. Эхлээд өөрөө хүнийг хайрлаж сурах хэрэгтэй гэдэг дээ...
- Амьдралд өгөө аваа тэнцүү л байх хэрэгтэй. Авсан бол өгөхөө бас мэдэж бай. Хүнд хайр өгсөн бол хайр бас шаардаж болно. Хүн хүсээгүй байхад хайрлачихаад дараа нь хайр шаардах бас утгагүй. Тийм учраас хүнд хайртай болно гэдэг тийм амархан асуудал биш. Би хүнд хайртай болчихсон байсан чинь нөгөө хүн хайргүй байвал яах вэ. Ингээд л дараагийн асуудал гарч ирж байна. Угаасаа баталгаагүй байсан учраас аргаа бараад лам дээр очоод заяа төөргөө асуудаг. Энэнтэй суух уу яах уу гээд, тэрийг нь лам ч мэдэхгүй ш дээ хөөрхий. Өөрийнхөө хайр дурлалыг шийдээгүй явж байгаа лам өрөөлийнхийг яаж мэдэх юм бэ. 

 Өөрийнхөө хайр дурлалыг шийдээгүй явж байгаа лам өрөөлийнхийг яаж мэдэх юм бэ

- Мэдэхгүй гэж үү?
- Үгүй ээ яаж мэдэх юм бэ. Чи бод л доо. Ерөөсөө хэн ч мэдэхгүй. Хамгийн хэцүү сэдэв. Тийм ч учраас өнөөдөр хүртэл кино хийж, роман бичсээр л байна. Хэн ч мэдэхгүй байгаа учраас таамгаар, хүмүүжлээр, баримжаагаар л явж байна шүү дээ. 

- Бидэнд үнэхээр хайрын роман байхгүй юу? Заавал Монгол хүний нөхцөл байдалд тохирсон хайрын роман хэрэгтэй гэсэн үг үү?
- Хаана байна, аваад ир уншъя, одоогоор сонсоогүй л байна. Бидний үнэт зүйл бол амьдралын маань нөхцөл байдлаас гарч ирж байгаа. Дулаан хувцас, тэжээлтэй махтай хоол бидэнд чухал байна. Даарахаас, өлсөхөөс айдаг хүмүүс шүү дээ бид чинь. Нөхцөл байдал, газар нутгаасаа шалтгаалаад шал өөр хайр үүснэ. Манайд чинь хүйтнээс болоод хурдхан хайртай болж байна ш дээ. Хурдхан шиг нэг гэрт ороод галаа түлээд суухаа бодож байна. Эхлээд энэ чинь амьд үлдэх тэмцлийн чанартай байна. Юун тэр нарийн шүлэг, роман энэ тэр. Галаа түл, модонд яв, махгүй байна, идэш авчир л байна ш дээ. Амьдралын нөхцөл байдал шал өөр. Бидний амьдралын хэв маяг, зан ааш, юунд дуртай чинь энэ нөхцөл байдлаасаа л үүснэ.

- Амьдралын энэ мэт хэв маягтайгаа зохицоод бидний хайр, үнэт зүйл бас арай өөр байж болно биз дээ?
- Болно ш дээ. Нөхцөл байдалдаа зохицоод Монголчуудын хайр арай өөр л байна биз. Заавал бусадтай адилхан байх ямар албатай юм. Францчуудын хайр өөр байна. Тэглээ гээд биднийх заавал дутуу юм уу муу байх албагүй. Бид зүгээр хайрын тухай нарийн ширийн яриагүй л байгаа биз. Нөгөө талаас манайд таарахгүй хайрын тухай кино, романууд гаднаас түрэмгийлээд ороод ирсэн. Бид тэрэндээ дарагдчихаад л байж байна. Олон Монгол эмэгтэй гаднынхантай сууж байна. Яагаад гэвэл Монгол эмэгтэйчүүд хөөрхий тэсэж үлдэх зөнгөөрөө л явж байна. Тэдэнд мөнгө төгрөг хэрэгтэй байна. Монгол залууст мөнгө байхгүй. Халамж хэрэгтэй байна. Монгол эрэгтэйд ээж нь багаас нь ямар халамж заасан юм бэ, юу ч заагаагүй. Хүйтэнд өссөн Монгол эмэгтэй чинь эхлээд амьд үлдэхээ л бодно, мөнгө халамж хоёр хэрэгтэй.

- Тэгэхдээ Монголд ажил орлоготой, эхнэртээ халамжтай залуу олон байгаа байх.
- Байвал сайн байна. Баярлаж байна. Нийгмийн нийтлэг дүр төрх маань тийм биш байна. Онцгой нэг хэдэн хүн байгаа л байх. Ерөнхийдөө тийм биш байна. Тэр хүмүүсийгээ одоо ёстой шагнадаг юмуу яадаг юм.

Хайр, гэр бүлийн асуудал Монголд ахадсан л асуудал болчихоод байна

- Нөгөө талаар нэлээд олон тохиолдолд эхнэр нь ар гэрээ аваад яваад байх шиг байна.
- Хэцүү л дээ. Эрэгтэй хүний хувьд нэр төр, хүний өмнө өөрийгөө харуулах гээд нарийн ширийн асуудал олон байна. Мөнгөгүй нөхөр баян эмэгтэйтэй амьдарна гэдэг бол там шүү. Дотуур хувцаснаас эхлээд хамаг юмыг нь эхнэр нь авч өгнө гэсэн үг. Тэр чинь тэгээд айлын нэг хүү шиг л байна биз дээ. Мөнгөөр үнэлэхийн аргагүй зүйл бол хүний нэр хүнд. Авгайгаараа тэжээлгэдэг хүн цагаан сараар айлд ороход ч хэцүү л байх. Ээжтэйгээ үүгээр золгоорой гээд авгай нь мөнгө өгөх нь байна ш дээ. Чи ямар сайхан хөөрөгтэй юм бэ, манай авгай авч өгсөн юмаа. Чи ямар гоё машинтай юм бэ, манай авгай авч өгсөн юмаа гэх үү тэгээд. Тийм өрөвдөлтэй амьдралаар би л лав амьдарч чадахгүй. Тэгсний оронд зүгээр л ганцаараа гурилтай шөлөө идээд явж байсан нь дээр. Чаддаг хүмүүс байдаг л байх.

- Энэ мэтээр хайр дурлал нийгмийн зарим асуудал болж хувирдаг уу?
- Угаасаа тийм. Тэрнээс биш яруу найрагч, зохиолын дуучид, аль эсвэл зурагтаар худлаа ярьдаг хүмүүс шиг тийм юм ярьж болохгүй.

Нэг л их агуу хайр ярьсан хүмүүс, өөрөө яг мэддэг ч юмуу. Ээжийгээ л хайрла гээд дуулаад байдаг ш дээ. Муу ээжийг яаж хайрлах юм бэ. Аавыгаа хайрла гээд байдаг. Хайрлахын аргагүй новшийн аавууд зөндөө л байна. Одоо цаг үе өөрчлөгдөөд, хүмүүс фэйсбүүкээр танилцаад хуримаа хийдэг боллоо. 21-р зуунд хайр арай өөрөөр яригдаж эхэлсэн. Хүмүүс хоорондоо хамаг юмаа сайхан тохиролцоод гэр бүл болоод бас явж болно. Дөрвөн мөртийн хайр бол одоо хоцрогдчихоод байхад л хүмүүс үүнээсээ салж өгөхгүй юм. 

- Амьдралын боломж боломжоороо сайн ярилцаж тохироод гэр бүл болох нь илүү сонголт гэх гээд байна уу?
- Гэр бүл болохын өмнө хоёулаа эхлээд үнэнээ яриад, дэлгэх хэрэгтэй.

Монгол хүн чинь дандаа худлаа ярьдаг. Ерөөсөө үнэнийг ярьж болохгүй гэж ойлгодог. Бүр багаас нь хүүхдээс сургууль, багш, ээж, аав нь дандаа худлаа ярихыг шаарддаг.

Худлаа ярьж байж л бүгдээрээ нэг сайхан болдог. Хэн нэг нь үнэнийг хэлэхээр уурлана. Бидний бичиж байгаа бүх мессеж, фэйсбүүк дээр тавьж байгаа мэдээлэл дандаа сайн сайхан зүйл байдаг. Яагаад гэвэл Монголд сайн сайхан юм элбэг дэлбэг биш. Аймаар өрөвдмөөр. Америк, баруунд дандаа амьдралын муу муухайг илчилж шүүмжилсэн, сэрэмжлүүлсэн байдаг. Ингэвэл тэгнэ шүү гэсэн анхааруулга их. Манайд ерөөсөө тийм юм байхгүй. Дандаа сайн сайхан зурагнуудаа фэйсбүүкт тавина. Амьдрал чинь диваажин биш шүү дээ. Амьдрал өөрөө угаасаа ийм сонирхолтой, сайнтай муутай. 


Ярилцсан Ж.Мандхай
Зөвлөх Ц.Чимэддондог