Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийгээ аврахын тулд хүмүүсийг жижигрүүлэх шаардлагатай юу?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-д жүжигчин Мэт Дэмоны гол дүрд нь тоглосон “Downsizing” хэмээх кино нээлтээ хийжээ.

Уг бүтээлд эрдэмтэд хүмүүсийг 10 гаруйхан сантиметр өндөртэй болгон жижигрүүлэх боломжтой болсон тухай өгүүлдэг. Норвегийн эрдэмтэд шинэ аргыг нээсний дараа хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврахын тулд жижиг хэмжээтэй болох хөдөлгөөн өрнөж байгааг уг кинонд үзүүлдэг ажээ.

Жижигхэн болсноор хүмүүс дэлхийг бага бохирдуулж, байгалийн баялгийг бага ашиглаж, хямд зардлаар амьдарч, бүр цаг уурын дулаарлыг бууруулж болох гэнэ.

Тухайлбал ийм жижиг болсон хүмүүс алмааз эрдэнийн бөгж, хүзүүний зүүлтийн хослолыг ердөө $83-аар авч болно. Киног дэлгэцэнд гарсны дараа зарим эрдэмтэд энэ санаа хэрэгжих боломжтой эсэх талаар бодлоо хуваалцсан байна.

Бүр 2012 онд “The Journal Ethics, Policy & Environment” сэтгүүлд Нью Йоркийн их сургуулийн биоэтикч Мэттью Ляо энэ талаар санаагаа нийтлүүлж байжээ. Түүний нэг санаа нь хүн төрөлхтний өндрийг 100 жилийн өмнөх хэмжээнд нь хүргэхэд буюу 15 сантиметрээр богиносгоход цаг уурын өөрчлөлтийг зогсоож болно гэсэн байна. Ингэхэд эрчүүдийн масс 23 хувиар, эмэгтэйчүүдийн масс 25 хувиар буурч, энэ нь нийт дэлхийн эдийн засгийн үзүүлэлтэд том нөлөө үзүүлэх гэнэ.

Хүмүүсийн өсөлтийг багасгах аргууд ч шинжлэх ухаанд бий болоод байна. Тухайлбал үр хөврөлийн хөгжилд генийн өөрчлөлт оруулснаар ирээдүйн хүний өндрийг сонгох боломжтойг Ляо хэлжээ.

Мөн хүүхдэд нэмэлт эстриол даавар өгснөөр жижигрүүлж болдог гэнэ. Гэхдээ энэ бүх арга амьдралд хэрэгжихийн тулд этикээс эхлээд олон асуудал бий. Ляо “Том биетэй хүмүүсийг тээвэрлэхэд жижиг биетэй хүмүүсийг тээвэрлэхээс их эрчим хүч шаардана” гээд жижиг хүмүүс Ангарагийг колоничлох цаг хугацааг улам ойртуулна гэжээ.

“Дэлхийгээс дүрвэхэд хүний биеийн хэмжээ маш том асуудал. Нэг хүнийг сансрын аялалаар илгээхийн тулд ямар их нөөц хэрэгтэйг төсөөлөхөд л хангалттай” гэж тэр хэлсэн байна.

Ийнхүү хүн төрөлхтөн цаашид сүйрэлгүй үлдэхийн тулд бие махбодоо сайн дураар жижигрүүлэх тухай санаа эрдэмтэд болон уран бүтээлчдийн дунд яригдаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Business Insider