Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгост газрын тос, шатахуун нийлүүлэхийг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард баллистик пуужин туршсан Хойд Солонгосын дэглэмийн эсрэг ээлжит хориг арга хэмжээг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өчигдөр 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ удаа тус улсад нийлүүлдэг газрын тос, шатахууны бүтээгдэхүүнд өргөн хэмжээний хориг тавьж байна. Хориг ёсоор Хойд Солонгосын жилийн шатахууны нийлүүлэлтийг 500,000 баррелиар тогтоосон нь бараг 90 хувийн хязгаарлалт болжээ.

Мөн түүхий газрын тосны жилийн нийлүүлэлтийг нь 4 сая баррель болгон бууруулсан байна. Зөвхөн газрын тосны хязгаарлалт тавиад зогссонгүй, хилийн чанадад ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчдыг 24 сарын дотор бүрэн нутаг буцаах төлөвлөгөөг баталлаа.

Шинэ хориг нь арваннэгдүгээр сарын 29-нд Пёньяны харвасан баллистик пуужингийн туршилтын үр дүн болж байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл энэ удаа АНУ-ын гаргасан газрын тосны нийлүүлэлтийг 100 хувь таслах саналыг хүлээж авалгүй, “зөөлрүүлсэн” тогтоол гаргажээ.

АНУ-ын НҮБ дахь төлөөлөгч Никки Хэйли “Шинэ хориг нь дахин өдөөн хатгасан үйлдэл гаргавал илүү хатуу шийтгэл оноох тодорхой дохиог Пёньянд өгч байгаа юм” гэж санал хураалтын дараа хэлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today