Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Каталаны салан тусгаарлагчид орон нутгийн сонгуульд яллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Каталаны ерөнхийлөгч асан Карлос Пуйчдемон

Каталанд болсон орон нутгийн сонгуульд салан тусгаарлах үзэлтэй улс төрийн хүчнүүд олонх болсон нь урьдчилсан дүнгээр тодорхой болжээ.

Энэхүү сонгуулиар салан тусгаарлагчдыг Каталаны засгийн газраас зайлуулна гэж төлөвлөж байсан Мадридын эрх баригчид хүнд байдалд орлоо.

Каталан мужийн парламентийн 135 суудлын 70-ыг нь салан тусгаарлах үзэлтэй гурван нам авсан байна. Харин Испанитай нэгдмэл байхыг дэмждэг Иргэдийн нам дангаараа хамгийн олон буюу 36 суудал авчээ.

“Каталоны төлөө хамтдаа” нам 34 суудал, Каталаны Бүгд Найрамдах Зүүний нам 32, хэт зүүний үзэлтэй Popular Unity Candidacy нам дөрвөн суудал авснаар нийлээд олонх болж байгаа юм.

Пүрэв гарагийн шөнө Каталаны ерөнхийлөгч асан Карлос Пуйчдемон сонгуулийн үр дүнг зарлахдаа “Каталаны Бүгд Найрамдах улс яллаа” хэмээн хэлсэн байна.

Өчигдрийн ээлжит бус сонгуулийг Испаний ерөнхий сайд Мариано Рахой өнгөрсөн аравдугаар сард зарласан юм. Тэрээр Каталаны салан тусгаарлах санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөлгүй, үндсэн хуулийн 155 дугаар зүйлийн дагуу Мадридаас зугтагч орон нутгийн парламентийг тараан дахин сонгууль явуулахаар болж байв.

Санал асуулгын дараа Мадридын эрх баригчдад баривчлуулахаас зугтан Бельгид орогнож байгаа экс ерөнхийлөгч Карлос Пуйчдемон сонгуулийн үр дүнг Каталанчуудын нэгдмэл байдлын илрэл юм гээд зөв сонголт хийсэн ард иргэддээ Брюсселиэс баяр хүргэжээ.

Аравдугаар сарын 1-нд болсон тусгаар тогтнолын санал асуулгыг Испаний засгийн газар хууль бусад тооцож, хориглож байснаас 42 хувийн ирцтэй явагдаж, 90 хувь нь Мадридаас салахыг дэмжсэн юм.

Гэвч Испаний ерөнхий сайд үндсэн хуульд заасны дагуу Каталаны парламентийг тарааж, дахин сонгууль явуулсан нь ийнхүү эрх мэдлийг дахин салан тусгаарлагчдад өгөх үр дүнд хүргэж байна.

 

Эх сурвалж: The Guardian