Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Төсвийн шинжилгээний албыг байгуулах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж 59.6 хувийн саналаар баталлаа. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "УИХ-ын үйл ажиллагааг дэгийн тухай хуулиар зохицуулдаг. УИХ-ын тухай хуульд Төсвийн байнгын хорооны дэргэд зөвлөл байна гэсэн хууль бий. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдэд судалгаа хийж өгдөг алба юм.

Хүнээрээ бол бид өвлийн хүйтэнд нимгэн дээлтэй яваад байгаа хүн шиг л байна шүү дээ. Төсвийн байнгын хорооны дэргэд бүтэц алга. Төсвийн шинжилгээний албыг байгуулах хэрэгтэй. 

Байнгын хорооны дэргэд үндсэн үйл ажиллагаанд нь зориулсан бүтэцтэй байх хэрэгтэй. Ажил хийдэг эрдэмтэн судлаачдын 30-аас дээш хүнтэй алба байх ёстой. Албаны үйл ажиллагааг бас хуулиар зохицуулах нь зөв. Гэтэл тогтоолоор зөвлөл оруулж ирээд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно гэвэл хуультай зөрчилдөж байна" гэлээ. 

 Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулах зайлшгүй шаардлагатай

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Монгол Улсын 2018 оны төсвийг баталсантай холбогдуулан тогтоол гарсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тухай тогтоол юм. Төсвийн шинжилгээний бие даасан албыг өөр тусад нь байгуулна.

Энэ ажлыг ирэх онд хийхээр төлөвлөж байгаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. 11 дүгээр сарын 15-ны дотор УИХ төсвийг батлах явцад санхүүгийн бүх төрлийн мэдээллийг гаргах зөвлөлийг байгуулах гэж байгаа" гэв. 

Гарч байгаа шийдвэрүүд амьдралтай нийцэхгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Баделхан "Ер нь төсвөө эрүүлжүүлэхийн тулд судалгаа шинжилгээний алба байгуулах нь зүйтэй. Барилга Хот Байгуулалтын Яаманд 1,000 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны алба байсан юм байна.

Одоо нэг ч алба байхгүй. Иймээс гарч байгаа шийдвэрүүд нь амьдралтай нийцэхгүй байна" гэлээ.