Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуулийн заалтыг хүчингүй болгосноор УИХ-ын гишүүдийг шууд шалгана гэж ойлгож болохгүй"

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэхэд газар дээр нь нотлох баримттай барьснаас бусад тохиолдолд шалгах эрхгүй байсан заалтыг хүчингүй болгосон. Энэ талаар УИХ-ын гишүүд жирийн иргэний адил шалгуулахаар боллоо хэмээн ярьж буй хэсэг байхад, үгүйсгэсэн хүмүүс ч байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан хуульч Э.Хашчулуунтай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг түдгэлзүүлчихлээ. Энэ талаар хүмүүс нэгдсэн ойлголттой болж чадахгүй байна. Та энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан хуульчийн хувьд бодитой тайлбар хэлэх байх?

-Хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Эхнээс нь тайлбарлая. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг халдашгүй бүрэн эрхтэй хэмээн хуульчилсан байдаг. Үндсэн хуулийн 29.3-т "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан байдаг.

Харин Монгол Улсын Их хурлын тухай хуулийг 2013 онд батлахдаа УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгааг газар дээр нь нотлох баримттай нь барьснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүнд халдаж болохгүй гэж заасан. Энэ нь халдашгүй эрхээ хэт явцууруулж байгаа юм. Үндсэн хуулийн заалтын утга санаа нь өөр агуулгатай. Гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг УИХ-аар хэлэлцэх ёстой.

Тиймээс Үндсэн хуулийн Цэц өчигдөр (уржигдар) халдашгүй байдлыг явцууруулан тайлбарласан байна гэдгийг хүлээн авч УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг түдгэлзүүлсэн. Мөн тус хуулийн 34.7-д нь 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд буюу цагдан хорих, үзлэг, нэгжлэг, шалгалт хийхийг хориглосон. Харин 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгочхоор иш татсан буюу үндэслэсэн 34.7 дахь заалтыг хэрэглэхгүй байх хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, 34.7 дахь заалтыг ашиглах боломжгүй болж байгаа юм. Тиймээс одоо Улсын ерөнхий прокуророос Үндсэн хуулийн 29.3-т заасны дагуу гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээ тайлбарлаж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д гаргах боломжтой болж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлийг Улсын ерөнхий прокурор өөрөө тайлбарлах ёстой.

-Гэмт хэрэгт холбогдсон гэсэн прокурорын санал гарчихвал УИХ түдгэлзүүлэхээс өөр аргагүй болох юм байна. Тийм үү?

-Улсын ерөнхий прокурорын саналыг авч үзээд гишүү-ний эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юү гэдгийг УИХ өөрөө шийднэ. Үндсэн хуулиараа УИХ-аар энэ асуудлыг ший-дэх боломжийг олгосон байгаа. УИХ-аас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хангалттай үндэслэл байхгүй бол түдгэлзүүлэхгүй байж болно.

-Тэгэхээр түдгэлзүүлэх үндэслэлгүй гээд дахиад хаацайлаад байх юм биш үү?

-Ийм үед ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн анхааралтай байх ёстой. Гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлийг нь прокуророос гаргаж өгөөд байхад гишүүнийг түдгэлзүүлэхгүй гэвэл УИХ-д итгэх иргэдийн итгэл алдагдана.

-Нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэхээр улс төр хийх боломж бүрдэж байна гэж харах хүмүүс байна?

-Энэ бол УИХ-ын гишүүдийн л тайлбар. Үүнийг ямар ч жирийн иргэн, хуульч улс төр хийх арга зам гэж харахгүй. Яагаад гэвэл гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юү гэдгийг УИХ шийднэ. Мөн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэхээр шууд гишүүнээс нь эгүүлэн татаж, оронд нь өөр хүн сонгох юм шиг ойлгож байгаа хүн ч байна. Хэрвээ гэмт хэрэгт холбогдсон нь үндэслэлгүй болбол түдгэлзүүлсэн эрхийг сэргээж болно. Энэ нь эгүүлэн татахаас өөр асуудал.

Түдгэлзүүлэх нь гэмт хэргийг шалгуулж дуусах хүртэл л үйлчилнэ. Үүнээс гадна энэ заалт хүчингүй болгочхоор гишүүн бүрийг шууд хянаж, шалгаад, цагдаад байх боломж байхгүй. УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байхаа больчихлоо гэж ойлгож байгаа хүмүүс ч байна. Ингээгүй, бид бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байсан том хаалтыг л авч хаяж байгаа. Прокурорт гишүүдийн гэмт хэрэгт холбогдсон мэдээлэл ирээд байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн учраас шалгаж болдоггүй байсан.

Ерөнхий прокурор энэ асуудлыг шалгая гэхээр гэмт хэргийг үйлдэл дээр нь бариагүй бол шалгах боломжгүй байсан. Одоо ийм тайлбар хэлэх боломжгүй болж байгаа юм. Хоёрдугаарт, бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүйгээр гишүүд өөрсдийн саналаараа шалгуулах боломжтой. Үнэхээр гишүүд өөрсдөө асуудалгүй бол сайн дураараа шалгуулж яагаад болохгүй гэж.

-Зарим хуульч УИХ-ын тухай хуулийн заалтыг цуцалснаар гишүүдийн бүрэн эрхийг байхгүй болгож байгаа хэрэг биш гэж тайлбарласан байсан?

-УИХ-ын тухай хуулийн 34.7-д тус хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд хяналт, шалгалт, үзлэг хийхийг хориглохоор заасан. Тэгэхээр хяналт шалгалт хийхийг хориглосон заалт нь цуцлагдаагүй гэж ойлгох хүмүүс байна. Хуулийн зохицуулалтаар 34.7 дахь заалтыг хэрэглэх боломжгүй болсон.

-УИХ хүлээж авдаггүй л байсан болохоос өмнө нь прокуророос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулдаг байсан шүү дээ?

-1992 оноос хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан тохиолдол нэг л бий. Казиногийн хэргээр УИХ-ын гишүүн асан Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Батчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, ял шийтгэл ногдуулж байсан. Үүнээс хойш гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тохиолдол байхгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогддоггүй гэсэн үг биш. УИХ-аас л хамгаалаад байдаг юм. Улсын ерөнхий прокуророос УИХ-д хандаж байсан тохиолдол цөөнгүй байна.

Тухайлбал, Д.Дондог гишүүн асныг луйврын мөнгө ашигласан, Л.Гүндалай сайд асныг тендертэй холбоотой асуудлаар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг "Өргөө" зочид буудлын хувьчлалаар, Ё.Отгонбаяр гишүүн асныг хахууль авахыг завдсан, У.Хүрэлсүх сайд, Т.Бадамжунай болон О.Чулуунбат агсныг шалгах хүсэлт явуулж байсан байна. Үүнийг УИХ-аас хүлээж аваагүй байгаа юм. Эдгээрээс дахин УИХ-ын гишүүн болж чадаагүй Д Дондог, Ц.Батбаяр нар шүүхээс ял авсан. Бусдыг нь шалгах боломжийг УИХ хаацайлсаар байгаад өнгөрсөн байна.

Зураг