Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ Иерусалемын талаар шийдвэрээ цуцлахыг Вашингтонд уриалсан тогтоол гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдаж, Иерусалемыг Израйлийн нийслэлээр зарласан Вашингтоны шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргах эсэх талаар санал хураалаа.

Тусгай чуулганыг Арабын болон Муслим улс орнуудын хүсэлтээр зохион байгуулсан юм. Санал хураалтад НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгч оролцох ёстойгоос 21 орон оролцоогүй байна.

Үлдсэн 172 орны 128 нь Трампын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргахыг дэмжсэн бол 35 нь түдгэлзэж, 9 орон эсэргүүцжээ.

Монгол улс Украин, Гүрж, Литва, Туркменистан болон Африкийн хэд хэдэн орны хамт уг санал хураалтад оролцолгүй өнгөрсөн байна.

Харин НҮБ-ын тогтоолыг эсэргүүцсэн 9 оронд АНУ, Израйль, Гватемал, Гондурас, Маршаллын арлууд, Микронези, Науру, Палау, Того гэсэн орнууд багтжээ. АНУ, Израйлиас бусад нь Төв Америк, Номхон Далайн жижиг арал улсууд байгаа юм.

Санал хураалтад оролцоогүй болон АНУ-ыг дэмжиж, НҮБ-ын тогтолыг эсэргүүцсэн орнууд нь Вашингтонтой муудахыг хүсээгүй, тусламж дэмжлэг авдаг орнууд голдуу байна.

Трамп НҮБ-ын чуулганы өмнөх өдөр хэлэхдээ өөрийнх нь шийдвэрийн эсрэг санал өгсөн улсуудад үзүүлэх тусламжаа зогсооно гэж сүрдүүлж байсан юм.

НҮБ-ын тогтоолд “Иерусалем хотын статус, шинж чанар, хүн ам зүйн бүтцийг өөрчлөх гэсэн аливаа шийдвэр хууль эрх зүйн чадамжгүй, хүчин төгөлдөр бус тул Аюулгүй Байдлын Зөвлөлийн холбогдох шийдвэрт нийцүүлэн цуцлагдах ёстой” гэжээ.

Санал хураалтын өмнө НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Ники Хэйли улс орнуудын төлөөлөгчдөд хандаж үг хэлэхдээ мөн л сүрдүүлсэн агуулгатай санаа илэрхийлсэн юм.

Тэр “Тусгаар тогтносон улсын бие даасан бодлого, шийдвэрт НҮБ-ын ерөнхий ассамблей халдсан энэ өдрийг АНУ мартахгүй” гээд “Америк элчин сайдын яамаа Иерусалемд шилжүүлэх болно. Энэ бол Америкийн ард түмний хүсэл. Энэ бол зөв үйлдэл. НҮБ-ын ямар ч санал хураалт үүнийг зогсоож чадахгүй” гэжээ. Хэйли бас НҮБ-ын гол санхүүжүүлэгч улс АНУ гэдгийг сануулсан нь цаашдаа тус байгууллагыг дэмжихгүй болж байгаагийн илрэл бололтой.

1967 онд Израйльчууд Палестины харьяанд байдаг зүүн Иерусалемыг булаан эзэлж, тус хотыг бүхэлд нь өөрийн нийслэл гэж зарласан юм. Гэвч дэлхийн улс орнууд үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Харин энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа Ариун хотыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель Авиваас шинэ нийслэлд нүүлгэнэ гэж зарласан юм.

Энэ шийдвэрийг зөвхөн Исламын ертөнц бус, дэлхийн ихэнх улс орнууд, түүний дотор АНУ-ын холбоотнууд хүртэл эсэргүүцэж байна.

 

Эх сурвалж: BBC