Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хилийн харуул Хойд Солонгосын цэргүүд рүү анхааруулах гал нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын нэгэн цэрэг хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсээр Өмнөд рүү оргож ирсэн билээ.

Харин үүний дараа өглөөний 8:04 цагийн орчимд Хойд Солонгосын хэсэг харуулын цэрэг оргосон цэргийг мөрдөн хилийн шугамд ойртжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын хилийн харуул K-3 автомат буугаар 20 ээлжийн гал нээж, анхааруулсны дараа тэд буцацгаасан байна.

Энэ үеэр Хойд Солонгосын тал хариу гал нээсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч буудалцааны үеэр хүнтэй холбоотой ямар нэг хохирол гараагүй гэжээ.

Оргодол цэргийг байцааж байгааг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штаб мэдэгдсэн байна. Сарын өмнө хилийн энэ хэсгээр бас нэг цэрэг оргож ирсэн юм. Өчигдөр мөн загас агнуурын завьтай хоёр хүн Хойд Солонгосоос далайгаар дамжин дүрвэж ирснийг Өмнөд Солонгосын Солонгосыг Нэгтгэх яам мэдээлжээ.

Докдо арлуудаас зүүн хойд зүгт 100 км зайнд хөвж явсан завийг өглөөний 11:30 цагт харуулын нисэх онгоц илрүүлсэн байна. Тэднийг эргийн хамгаалалтынхан өдрийн 3:04 цагт аварчээ.

Энэ он гарсаар Хойд Солонгосоос нийт 15 хүн Өмнөд Солонгост дүрвэж ирсний дөрөв нь цэргийн алба хаагч байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Times