Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост ажилладаг гадаад иргэдийн 60 хувь нь сард 2 саяас дээш воны цалинтай

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг гадаад иргэдийн тухай тоо баримтыг өчигдөр буюу Лхагва гарагт тус улсын статистикийн газраас танилцуулжээ.

Энэ оны байдлаар Өмнөд Солонгост нийт 834,000 гадаадын иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгааг тайланд дурдсан байна. Тэдний бараг тал нь буюу 43.7 хувь нь солонгос гаралтай Хятад иргэд байжээ. Нийт гадаад ажилчдын 57.3 хувь нь сард 2 саяас дээш воны цалин авсан байна.

2 саяас дээш цалинтай ажилчдын эзлэх хувь өмнөх жилээс 10.8 нэгж хувиар нэмэгдсэн бол 2 сая хүрэхгүй сарын цалинтай ажилчдын хувь ижил хэмжээгээр буурч 42.7 хувь болжээ.

Тэдний 40 хувь нь ар гэртээ мөнгө илгээдэг ба 25.1 хувь нь жилдээ 10-15 сая вон илгээдэг гэж тайланд дурдсан байна.

Гадаад ажилчдын 60 хувь нь хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн бол 86.1 хувь нь Өмнөд Солонгост үлдэж, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй гэжээ.

Дотор нь ангилж үзвэл 49.8 хувь нь визээ сунгах, 17.4 хувь нь удаан хугацаанд оршин суух эрх авах, 10.8 хувь нь Өмнөд Солонгосын иргэншил авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Өмнөд Солонгосыг сонгох болсон шалтгаанаа харьцангуй цалин өндөр учраас гэж нийт гадаад ажилчдын 73.1 хувь нь тайлбарлажээ. Тэдний 53.9 хувь нь байр түрээсэлж, 12 хувь нь өөрийн байранд амьдардаг гэсэн бол үлдсэн хувь нь ажил олгогчоос өгсөн төлбөргүй нийтийн байранд амьдарч байгаа гэнэ.

Түрээслэгчдийн 34 хувь нь сард 300,00-400,000 вон түрээсэнд төлдөг гэсэн бол 12.8 хувь нь сард 500,000-аас дээшийг төлдөг гэжээ.

Гадаад ажилчид дунджаар цалингийнхаа 40.7 хувийг амьдрах зардал болгож, 24.9 хувийг ар гэртээ илгээдэг гэнэ.

Мөн статистикийн газар Өмнөд Солонгост суралцаж байгаа гадаад оюутнуудын тоо баримтыг тайлагнажээ. Нийт 99,000 гадаад оюутан байгаагийн 48.5 хувь нь Хятадууд бол 18.2 хувь нь Вьетнамаас ирсэн байна.

Тэдний 48.1 хувь нь төгсөөд эх орондоо буцах төлөвлөгөөтэй бол 41.2 хувь нь Өмнөд Солонгост үлдэх хүсэлтэй гэжээ.

 

Эх сурвалж: Korea Times