Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Иерусалемын шийдвэрийг нь эсэргүүцсэн улс орнуудад үзүүлэх тусламжаа зогсооно гэж Трамп сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдаж, Иерусалемын талаарх Вашингтоны байр суурийг хэлэлцэн санал хураах юм. Иерусалемыг Израйлийн нийслэл болохыг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын шийдвэрийг Арабын болон Муслим ертөнцийн улс орнууд эсэргүүцэж, энэхүү тусгай чуулганыг санаачилсан байна.

Өнгөрсөн Даваа гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг хэлэлцэж, Вашингтоны шийдвэрийг буруутгасан тогтоол гаргах санал хураахад АНУ ганцаараа эсэргүүцэж , хориг тавиад байгаа. Аюулгүй байдлын зөвлөлийн үлдсэн 14 гишүүн улс бүгд тогтоолыг дэмжсэн юм.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр НҮБ-ын тусгай чуулган дээр өөрийнх нь шийдвэрийн эсрэг санал өгсөн улс орнуудад үзүүлдэг тусламжаа зогсооно гэж сүрдүүлжээ.

“Тэдэнд бид олон зуун сая, бүр тэрбумаар нь тусалж байхад бидний эсрэг санал өгнө гэж үү. За яахав, хэрхэн санал өгөхийг нь харцгаая. Тэд бидний эсрэг саналаа өгвөл тэр л биз. Бид ч их мөнгө хэмнэнэ” гэж тэр Цагаан ордонд сэтгүүлчдэд ярьсан байна.

Үүний урд өдөр нь НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Ники Хэйли мөн иймэрхүү агуулгатай үг хэлж байсан юм. Тэрээр ямар ямар гишүүн орнууд АНУ-ын эсрэг санал өгөхийг бүртгэж аваад Дональд Трампад дамжуулна гэжээ.

Ерөнхийлөгч нь ингэхийг түүнээс хүссэн тухай Хэйли мэдэгдсэн юм.

Тэр бас Израйль-Палестины асуудлыг зохицуулах үйл хэрэгт НҮБ Вашингтоноос илүү гай тарьж байгаагийн жишээ гэж өнөөдөр болох тусгай чуулганы талаар ярьжээ.

 

Эх сурвалж: Russia Today