Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс өрөө төлөөгүй иргэдийн хар жагсаалтыг олон нийтэд зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын дээд шүүх саяхан өрөө төлөхөөс зугтагч иргэдийн нэр ус, иргэний бүртгэлийн дугаарыг багтаасан хар жагсаалтыг өөрийн вэбсайт дээр зарлажээ.

Ингэснээр хар жагсаалтад орсон хүмүүс дотоодын нислэг, өндөр хурдны галт тэргээр зорчих боломжгүй болж, хүүхдүүдээ үнэтэй хувийн сургуульд сургах эрхгүй болсон байна.

Мөн тэднийг Хятад даяар орших гурав ба түүнээс дээш одтой зочид буудлууд хүлээж авахгүй болж байгаа гэнэ. Төрийн албанд ажилд орохыг хүсвэл тэднээс илүү хатуу шалгалт авахаар болжээ.

Зөвхөн хувь хүмүүсийг биш, мөн өртэй, өрөө төлөхөөс зугтсан компани, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх захирлууд энэ жагсаалтад орсон байна.

Анхны хар жагсаалтыг 2013 оны сүүлээр гаргахад 31,259 хүний нэр багтаж байжээ. Харин сүүлийн жагсаалтад нийтдээ 8.8 сая хүн болж нэмэгдсэн байна.

Эдгээр хүмүүсийг томоохон компаниуд ч ажилд авахаас татгалздаг болжээ. Өнгөрсөн хугацаанд ийм шалтгаанаар 170,000 хүн удирдах дээд албан тушаалд өрсөлдөөд хасагдсан байна.

Хятад улс үндэсний хэмжээний нэгдсэн зээлийн мэдээллийн сангүйгээс ийм алхам хийж байгааг ажиглагчид мэдээлжээ. Бээжин 2020 онд ийм нэгдсэн сантай болохоор Алибабагийн охин компани Ant Financial-тай хамтран ажиллаж байгаа юм.

Харин одоохондоо хар жагсаалт гаргах арга нь үр дүнгээ өгч байгааг Хятадын Ардын дээд шүүх мэдээлжээ. Зарлагдсан иргэдийн нэг сая гаруй нь өнгөрсөн хугацаанд сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлж, өрөө барагдуулсан тухай тэд мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider