Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"5 хүртэлх насны хүүхдийн 61, жирэмсэн ээжүүдийн 75 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай байна"

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох "Засгийн газраас үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолыг төсвөөс дааж байгаа. Эдгээр хоол нь хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөх хүнс байх ёстой гэсэн ерөнхий шаардлагууд тавигддаг. Сүүлийн үеийн судалгаанаас харахад сургууль, цэцэрлэгүүдийн хоолны хувьд зарим нэг эргэлзэх асуудлууд гарч байна.

Тухайлбал сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоолны хордлого улсын хэмжээнд гарч байгаа нийт хордлогын 40 орчим хувийг эзлэж байгаа юм. Хүүхдүүдэд өгч байгаа хоол тэжээлийн чанар аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Мөн хүүхдүүдэд бичил тэжээлийн дутагдал түгээмэл байна.

Манай улсын хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс харьцангуй намхан нуруутай байх, тураалын болон таргалалтын үзүүлэлтүүд өндөр байгаа нь хоолны шим тэжээлийн найрлагад анхаарах шаардлагатайг харуулж байна. Сургууль, цэцэрлэгүүд хоол тэжээлээ сонгохдоо, хадгалалт тээвэрлэлт дээр буруу сонголт хийдэг. 

Ийм учраас хоол тэжээл гэж юу юм бэ? яагаад бид хүүхдийн хоол хүнсэнд анхаарч ажиллах шаардлагатай талаар сургалт орж байгаа. 

Хоол тэжээлийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас 5-6 жил тутамд хийдэг. Энэ жилийн хувьд Д аминдэмийн дутагдал их байна. Жишээлбэл 5 хүртэлх насны хүүхдийн 61 хувь нь, жирэмсэн ээжүүдийн 75 орчим хувь нь Д аминдэмийн дутагдалтай.

Д аминдэмийн дутагдалтай байна гэдэг нь тухайн хүүхдийн сурах чадвар болон бие бялдрын өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд амархан ядардаг, ойлгох сурах сонирхол муутай байдаг. Иймээс эдгээр хүүхдүүдийг бичил тэжээлээр хангах нь нэгдүгээрт анхаарах асуудал болоод байна" гэлээ. 

105 тэрбум төгрөгийг хүүхдийн хоолны зардалд зарцуулдаг

 

БСШУСЯ, Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламханд "Үдийн цай хөтөлбөр 2006 оноос хэрэгжсэнээс хойш гал тогтоотой сургуулиуд өөрсдөө бүтээгдэхүүнээ бэлдээд хүүхдүүдэд хүргэж байгаа. Гал тогоогүй сургуулиуд аж ахуйн нэгжтэй гэрээ хийдэг. 2012 оны 106-р тогтоолын нэг хүүхдэд оногдох хоол тэжээлийн зардал 600 төгрөг байгаа.

Жилдээ бид 300 орчим хүүхдүүдэд үдийн цайны үйлчилгээ үзүүлдэг гэх юм бол 27 орчим тэрбум төгрөгийг үүнд зарцуулж байгаа гэсэн үг. Цэцэрлэгийн тухайд 500 орчим хүүхдэд 60 орчим тэрбумыг зарцуулж байна. Нийтдээ боловсролын салбарт 105 тэрбум төгрөгийг хүүхдийн хоолны зардалд зарцуулдаг гэсэн тооцоо байгаа.

2017 онд тусгай сургуулиудын 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн хоолны үйлчилгээ үзүүлэх тогтоолыг анх удаа баталсан. Цаашдаа бид үдийн цай хөтөлбөрийн анги шатлалыг нэмэх, үдийн цайгаа үдийн хоол болгох үйлчилгээнд хэрхэн шилжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна" гэв.