Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Коридор буюу Онц Бүрэн эрхт комисс одоо ч ажилласаар байна уу?

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Эхлээд нэгэн түүх ярья. Монголын маш эмгэнэлтэй түүх. 1937-1939 онд Монголын түүхэнд хар толбо үлдээсэн их хэлмэгдүүлэлт үргэлжилсэн. Ж.Лхүмбэ, П.Гэндэн, Г.Дэмид, Д.Лувсаншарав нарын удирдсан Японы тагнуул, хувьсгалын эсэргүү бүлэглэлийнхэн гэх хэд хэдэн хэрэг үүсгэн, үүнд 26 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Тэдний 25 мянган хүнийг цаазлах ажлыг Онцгой бүрэн эрхт комисс гардан хийсэн байдаг. Товчхондоо, Онцгой бүрэн эрхт комисс гэдэг нь  шүүхгүйгээр буудан алдаг байгууллага байсан юм.

Х.Чойбалсан нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс нь 1937 оны есдүгээр сарын 10-нд байгуулагдаж, 1939 оны дөрөвдүгээр сарын 22-нд татан буугдсан гэдэг. Энэ хооронд Онцгой бүрэн эрхт комисс  51 удаа хуралдаж, 25,824 хүний хэргийг шүүж, 20,474 хүнд буудан алах ял өгч, 5,103 хүнд 10 жил хорих ял, 240 хүнд 10-аас доош жилээр хорих ял оноосон нь аймшигтай тоо баримт үлджээ.

Зөвхөн 1937 оны наймдугаар сараас 1938 оны нэгдүгээр сарын хооронд 10,728 хүнийг баривчилсан. Тэдгээрийн 7,814 нь лам, 322 нь феодал гэгдэх хүмүүс, 300 нь албан хаагч, 180 нь ардын цэргийн дарга, 1,555 нь буриад, 408 нь хятадууд байжээ. Үүнээс 7,171 хүний хэргийг мөрдөн байцааж, 6,311 хүнийг цаазалсан байна. Энэ бол Монголын түүхийн хар дарсан зүүд шиг үе байсан.

Тэгвэл ийм маягийн ажиллагаа явуулдаг Онцгой бүрэн эрхт комисс одоо ажилласаар байна уу гэсэн сэртхийлгэм асуулт сүүлийн жилүүдэд тавигдах боллоо. 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэнэт хэвлэлийн бага хурал зарласан юм.

Тэрээр “…“Хуйвалдааны төр” бүхэл бүтэн бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн Коридор үүсгэжээ. Миний бие үүнийг зогсоох хуулийн төсөл өргөн барьсан ч хэлэлцэлгүй нэг жил боллоо. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй золиослох шаардлагатай хүмүүсээ тэр Коридороороо ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байна. … “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэж ардын зүйр үг бий.

Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын Коридороос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн мэдэгдсэн юм.

Мөн тэрээр “…Монголд АТГ, ТЕГ, прокурор, ШШГЕГ-ыг дамнасан Коридор бий боллоо. Хууль хүчний байгууллагууд улстөрчдийг захиалгаар намнаж, хүмүүсийг хэлмэгдүүлж байна. Үүнийг таслан зогсоохгүй бол энэ улс юу болж хувирах вэ” хэмээсэн.   Чухамдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хонгил буюу Коридорын тухай ярьсан нь 1937 оны Онцгой бүрэн эрхт комисс одоо ч ажиллаж байна гэж хэлсэн хэрэг юм.

Тэр комисс байсаар байж мэдэх хэд хэдэн фактыг “Өдрийн сонин”  2017 оны аравдугаар сард “Коридорын цэвэрлэгээ-II” нийтлэлдээ хөндөн бичиж байсан.  “Өдрийн сонин” бичихдээ “…Энэ коридор хаанаас эхэлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Улс төр судлаачдын бичиж байгаагаар АТГ-ын дарга Ч.Сангарагчааг коридорт очсон анхны хүн гэж үздэг. Ч.Сангарагчаа хурандаа шударга ажиллах гэж үзсэн хүн юм шиг байна лээ. АТГ-ыг утгаар нь, хууль ёсны дагуу ажиллуулах гэж зүтгэсний хариуд орлогч дарга Д.Сандуйсүрэнтэйгээ хамт 2.4 жилийн ял авч “Ганц худаг” руу ачигдсанаар хууль хүчний байгууллагуудыг торлон хэрсэн ямар аймшигтай коридор бий болж эхэлснийг ганц нэг айхавтар хүмүүс анзаарч эхэлсэн байдаг юм” гэж дүгнэсэн байсан билээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Коридороор оруулсан. Н.Энхбаярыг  гэрээс нь баривчлахын тулд цагдаа, АТГ, тагнуул, тэдний тусгай хүчин тэр чигтээ хөдөлж байв шүү. Коридор л бол Коридор. Баривчлах болсон шалтгаан нь хөгийн юм байдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг бичсэн номоо гадаадаас авчрахдаа МИАТ-ийн онгоцоор зөөсөн гэж буруутгаж байлаа.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлснээр үхрийн бөөр шиг хэдэн юм зүйж нийлүүлээд Коридороороо явуулж, шоронд хийж байв. Мөн Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа  нас барсан. Түүнийг “Петрочайна Дачин Тамсаг” компанийнхантай хуйвалдан мөнгө угаасан байж болзошгүй гээд шалгаж байсан юм. Талийгч шоронгийн шалан дээр амнаас нь хөөс сахраад амьсгал хурааж буй бичлэгийг ШШГЕГ-ын дарга ард түмэнд харуулж “…Энэ хүн нас барахаасаа хэдхэн секундийн өмнө эргэж ирсэн ахтайгаа инээж хөхрөлдөөд зогсож байсан. Яахаараа нас барчихдаг билээ?” гээд УИХ-ын байнгын хороон дээр ярьж суусан юм.

Коридорынхон аливаа асуудлаас ингэж бултдаг номтой. “…Би мэдээгүй, хэн тэгсэн юм бол, зүгээр л байсан даа” гээд л… Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсны маргааш Хууль зүйн сайд Ц.Нямдорж “…Унтаад босоод ирсэн чинь ийм юм болсон байна. Тэгээд ч манайх зурагтгүй” гэсэн тайлбар хэлж байв. Хуулийн үүднээс ийм хариулт өгсөн хүнтэй ял, зэм хэлэлцэх ямар ч боломжгүй. Өчгөө сайн өглөө гэсэн үг.

Ингэж явсаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Коридор руу чирсэн байдаг.  Монгол Улсын Ерөнхий сайд байхад нь шүү. Тэгэхээр Коридорынхон ямар бяртай нь харагдана. Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг барьж хорьсон. Нийслэлд ойрын 10 жилийн түүхэнд байгаагүй хямд нүүрсийг хэрэглэгчдэд хүргэснийхээ төлөө Л.Гансүх шоронд орлоо. Шуудхан хэлэхэд Л.Гансүх бол Коридороор орж хэлмэгдсэн хүн мөнөөс мөн. Түүнтэй Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнг холбож шоронд хийв. Энэ хоёртой ханьсуулан Н.Алтанхуягийн төрсөн дүүг нь, эгчийнх нь хүүхдийг, сүүлдээ бүр эхнэрийг нь нисэх буудлын терминалаас хүчнийхэн чирч гаргасан байдаг.

Үргэлжлүүлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулж, АТГ-т дуудан ял хэлэлцэв. Энэ бол Коридор ажиллагаа л явагдаж байгаа хэрэг юм. Харин Н.Алтанхуяг АТГ-аас дуудах болгонд нь хэвлэлийнхний хамгаалалтыг авч, тэднийг олноор дагуулж очсоор арай л ачигдчихгүйнхэн шиг өдөр хоногийг өнгөрөөж байсан юм. Ингэж ингэж, тартагтаа тулсан Н.Алтанхуяг  эцсийн мөчид олны өмнө гарч ирж, “Хууль хүчний байгууллагууд бүгдээрээ нийлж аймшигтай коридорыг бий болголоо, улс төрчдийг захиалгаар агнадаг махны машин ажиллаж эхэллээ” хэмээн нэр зааж ард түмэнд Коридорыг чангаар зарласан юм.

Үүний дараа ч Коридорынхон ажилласаар л байсан…

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван  хүнийг ялласан. Шийтгэгдсэн гурван хүн С.Зоригийг хөнөөсөн нь эргэлзээтэй гэж мэргэжлийн хуульчид, жирийн иргэд ч үзэж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төрийн ордонд болсон Нээлттэй сонсголын үеэр энэ асуудал нэлээд яригдана лээ. Ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхний хэлснээр С.Зоригийн амь насаа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-нд тэр гурван хүн ямар ажил эрхэлж юу хийж байсныг хүртэл ярьсан байна.

Амгаланбаатар нь 16 нас хүрээгүй. Эрдэнэтэд байсан. Хот орж ч үзээгүй байсан. Содномдаржаа нь аав ээжтэйгээ үхэр малладаг, өдөржин үхэртээ явж өнгөрөөдөг байсан. Бас л хот орж үзээгүй байсан үе.  Харин Чимгээ 28 настай байсан. Гурван хүүхэдтэй. Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажиллаж байгаад Дорноговьд эмээгээ асрахаар очсон байсан гэнэ. Тэр үед гурван хүүхэд нь Дорноговийн сургуульд сурч байсан гэнэ. Энэ мэтчилэн эргэлзэж төөрмөөр зүйлүүд С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнийг шийтгэх ажиллагаанд зөндөө бий. Явж явж энэ гурван хүн өнөөх Коридорын золиос болж хоцроод байгааг олон эх сурвалж нотлон тайлбарлаж байна.

Хамгийн сүүлд болсон тагнуулч Б.Хурцыг Элчин сайдаар томилох ажлыг бас л Коридорынхон хийлээ. Эндээс Коридорынхны  хувьд ямар хүчтэйг нь харж болох юм.  Энэ тухайд даяараа мэддэг бололтой юм. Учир нь УИХ-ын гишүүд Б.Хурцын эсрэг кноп дарж чадсангүй.  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар эсэргүүцэж гүйгээд ч нэмэр хандив болсонгүй. Энэ бүхнийг дүгнэхэд туйлын хялбар байгаа юм.

Монголын улстөрчид ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас айж байна гэж ярьж бичиж байна. Үгүй юм. Улстөрчид Б.Хурцаас биш Коридороос үхтэлээ айж байгаа юм. Улстөрч болгон ямар нэг асуудалтай. Тэрийгээ баригдчих вий гэж айдаг. Нээнтэг гэж ярьдаг юм л даа. Тийм болохоор Коридороор чирэгдэх вий гэх айсан хэрэг.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зохион байгуулсан Нээлттэй сонсгол явагдаж байхад л УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байгаад Батын Хурцыг Элчин сайд болголоо.  Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр маш ноцтой асуудлууд хөндөгдөж яригдсан. Товчхондоо бол Коридор яаж ажилладаг вэ гэдгийг хохирогчид нь золиос болсон хүмүүс нь өөрсдөө ирээд ярилаа. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдын ярианаас үзвэл ер нь бол Коридорынхон “бай”-гаа өөрсдийн тогтоосон дэс дарааллаар явуулж, нэг тийш болгодог.

Эхлээд АТГ, ТЕГ-аас ажиллагаа явуулж шалгана. Энэ үедээ маш сайн ажиллаж, байцааж, чагнаж байгаад янз бүрийн факт болох бичиг баримт, яриа дүрсний нууц бичлэг бүрдүүлдэг. Энэ бүхнээ Прокурорын байгууллагын ямар ч зөвшөөрөлгүйгээр хэвлэлийн бага хурал зарлаж, нийгэмд түгээнэ. Нэг сахалтай нөхөр гарч ирээд хэвлэлийн хурал хийж байвал хэн нэгэн баривчлагдах болж дээ гэж ойлгогддог болоод байсан. Энэ нь тэднийхээр нийгмийг дасгаж, Коридор ажиллагааг үргэлжлүүлэх хөрс суурийг бэлтгэж буй хэрэг. Дараа нь Прокурор хянасан болж ШШГЕГ-ын харьяа шоронгуудад шилжүүлдэг. Ийнхүү Коридороор дамжиж очсон хүмүүсийг шоронгийн дарга нар шар махтай нь хатаана. Сэтгэл санааны хувьд “амьд үхдэл” болгоно. Эцэст нь Шүүхээс ял онооно.

Энэ Коридороороо мөн ч олон улстөрчийг, томоохон бизнесменийг оруулж намнасан.  Цаашид ч намнах байх. Учир нь Коридор буюу 1937 оны Онцгой бүрэн эрхт комисс одоо ч ажилласаар байна. Онцгой бүрэн эрхт комиссын хамгийн аюултай нь хэнийг буудахаа хуулиас ч, шүүхээс ч асуудаггүй юм. Одоогийн Коридор ч ялгаагүй. Тэдний өрсөлдөгч болж, эсвэл үгнээс нь зөрөх л аваас Коридороор оруулаад шоронд хүртэл туучихна. Тиймээс халдашгүй бүрэн эрхтэй Их Хурлын гишүүд хүртэл айгаад байна. Гэхдээ УИХ дээр хийсэн нээлттэй хэлэлцүүлэг бол энэ Коридорыг, нам дамжсан Хар Хүчинг сөрсөн том алхам болж байгааг онцлон хэлэх нь зүйтэй биз ээ.

Коридор байгааг илчилсэн нээлттэй сонсгол болж байна гэдэг мөсөн уулын нэг хэсгийг ч болов олон нийтэд илчилж өгч байна. Б.Хурцын дараа УИХ-ын нээлттэй сонсголд хэн дуудагдах бол…

Зураг