Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баабар: Төрийн завхрал нь муу Үндсэн хуулиас биш хуулиа баримталдаггүй зарчмаас үүдэлтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд өнөөдөр болж байна. 

Хурлын үеэр судлаач, нийтлэлч Б.Баабар "Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд" сэдвээр илтгэл танилцуулж, 1992 оны Үндсэн хуулийг өөрчлөхийн эсрэг бодолтой байгаа тухай байр сууриа илэрхийлсэн юм. 

 Хууль мөрдөгддөг механизм чухал 

Тэрбээр "Өнгөрсөн 25 жилийн хугацаанд мэдсээр байж Үндсэн хуулийг зөрчсөн олон тохиолдлууд гарсан. Үүний ихэнх нь УИХ, Засгийн газрын хүрээнд үйлдэгдсэн. Үндсэн хуулийг өөрчилснөөр төрийн болон нийгмийн тогтолцоо засарч, ном журамдаа орно гэдэг нь төөрөгдөл юм.

Хууль батлачихаад түүнийгээ алхам тутамдаа зөрчвөл хуулийг бурхан өөрөө зохиогоод ч нэмэр байхгүй. Хууль мөрдөгддөг механизм чухал болохоос асуудал хуульдаа байгаа юм биш. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг дордуулсан долоон заалт нэрээр хочилдог.

Үнэндээ дордуулсан долоо гэдэг нь толгой холбогдож байгаа учраас хэлэх дуртай хэлц болж байгаа юм. Түүнээс ямар өөрчлөлт орсныг сайн мэдээгүй, уншаагүй цэцэрхэл юм болов уу? Үнэндээ тэр долоон өөрчлөлт нэмэлт өөрчлөлт гэхээсээ илүү тодотгол байсан. Долоон өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулахдаа нууцаар санал хураадаг байсныг ил болгосон.

АНУ-ын буюу дэлхийн хамгийн анхны Үндсэн хууль 200 гаруй жилийн турш огт хөндөгдөөгүй тогтвортой үйлчилж байгаагийн шалтгаан нь тэд эх хуулиндаа өөрчлөлт оруулахгүйгээр нэмэлт тодотгол болон шинэ санааг дагалдуулан гаргадаг.

Бид энэ нэмэлт тодотгол болон санааг үндсэн эх хуулийнхаа араас дагалдуулан гаргах нь зөв. Үндсэн хуулийн тухай иргэдийн мэдлэг ойлголт сул байна. Түүний дотор хууль тогтоох байгууллагад Үндсэн хуулиа уншсан мэдсэн хүн тун цөөн байгаа нь ярьж илтгэж байгаагаас нь анзаарагддаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шийдвэр гаргах байгууллагад ажиллаж байгаа хүмүүст Үндсэн хуулийг зааж сургах ажиллагаа далайцтай явуулмаар байна. 

Нийгэмд гарч буй төрийн завхрал нь муу Үндсэн хуулиас биш хуулиа төр өөрөө баримталдаггүй зарчмаас үүдэлтэй" гэлээ. 

ГХЯ-ны олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг "ХБНГУ-ын Үндсэн хуулиар зохицуулсан төрийн тогтолцооны туршлагаас Монгол Улсад хэрэгжүүлэх боломж" илтгэл танилцууллаа. 

ХБНГУ-ыг 1990 оноос хойших Монгол Улстай харьцуулж болно

 

Тэрбээр "1949 оноос хойш орчин үеийн ардчиллыг хөгжүүлсэн, парламентын засаглалтай жижиг улс ХБНГУ-ыг 1990 оноос хойших Монгол Улстай харьцуулж болох юм.

ХБНГУ-ын өнөөгийн Үндсэн хуулийн зарим онцлог зүйл заалтаас жишээ болгоё. Тус Үндсэн хуульд засаг төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр дараах чиг үүрэг тусгагдсан.

Үүнд:

  • Төлөвшсөн хариуцлагатай парламентын олонх буюу эрх баригч улс төрийн нам, намуудын эвсэл Германд Засгийн газраа тогтвортой ажиллуулдаг. Тухайлбал Конрад Адэнауэр, Хэльмут Коль, Ангела Мэркэль нар Засгийн газрыг олон удаа тэргүүлсэн. 
  • ХБНГУ нь хууль зүйн хувьд сонгуулийн пропорциональ тогтолцоо давамгайлсан, холимог тогтолцоотой. Намуудын эрх үүрэг, төрөөс хийдэг намуудын санхүүжилт үүнд чухал ач холбогдолтой. 
  • 5 хувь босго тавьсан нь парламентын намуудын төлөвшилд сайнаар нөлөөлдөг. 
  • Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд харш улс төрийн намыг Үндсэн хуулийн шүүх нь хориглох бүрэн эрхтэй. 
Парламентын засаглалын сонгодог хэлбэр рүү Монголчууд тэмүүлэх нь зүйтэй болов уу? Хариуцлагатай, төлөвшсөн нам, улс төрчдөөс бүрдсэн хүчтэй УИХ-тай, тогтвортой шударга ажиллах Засгийн газартай, хууль ёсыг ягштал сахиулах Үндсэн хуулийн цэц, шүүхүүдтэй, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчтэй ийм л Монгол Улсыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрдүүлэхийг ард иргэд олон нийт хүсэн хүлээж байна.

Япон, Герман, Их британийн арвин туршлагаас авах бүрэн боломж бидэнд байгаа тул үүнээс хэрэгтэйг нь авч хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж байгаа юм" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.