Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: АНУ Японы эсрэг цөмийн зэвсэг ашигласан, энэ нь БНАСАУ-д давтагдах ёсгүй

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулж заншсан хэвлэлийн бага хурлаа өнгөрсөн пүрэв гаригт Москва хотноо хийж, гадаад болон дотоодын өргөн цар хүрээг хамарсан олон асуултад хариулсан билээ. Ерөнхий сайд байх үеэрээ буюу 2008-2012 онд алгасаж байсныг эс тооцвол Владимир Путин уг хэвлэлийн бага хурлыг 2001 оноос хойш жил болгон зохион байгуулж байгаа юм. 2001 онд болсон Владимир Путиний анхны хэвлэлийн бага хурал нэг цаг 33 минут үргэлжилж байсан бол 2008 онд хамгийн урт буюу дөрвөн цаг 40 минут үргэлжилж, үргэлжилсэн хугацаагаараа дээд амжилт тогтоож байв. Тэгвэл энэ удаагийн хэвлэлийн бага хурал хоёр цаг үргэлжилсэн бөгөөд хамгийн олон буюу 1,640 сэтгүүлчийг /гадаад, дотоодын/ оролцуулснаар бас нэгэн дээд амжилт тогтоосон байна.

-Путин: Бүгдэд нь өдрийн мэнд. Би ихэвчлэн нийгэм эдийн засгийн холбогдолтой тоо баримт бэлтгэж авчирсан. Тиймээс зарим нэгэн тодорхой тоо үзүүлэлтийг хэлж мэдэхгүй байж магадгүй. Хэрэв та бүхэнд үнэхээр чухал гэж үзвэл холбогдох албаныхнаас асууж тодруулж өгч болно. Хэвлэлийн хурлыг урьд урьдын жилийнх шиг удаан үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс та бүхэн өөрийн үзэл бодлыг бус ард түмэн болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг товч бөгөөд тодорхой асуугаарай гэж хүсье. За ингээд эхлэх үү.

-Дарья Кнорре (Москвагаас ярьж байна радио)- Ноён Ерөнхийлөгч өө, та яагаад дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэв. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийх вэ?

-Орос орон улс төрийн уян хатан системтэй орчин үеийн улс болох ёстой. Харин энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийх вэ гэсэн таны асуултад хариулмааргүй байна. Бусад нэр дэвшигчдийн л адил. Үнэндээ сонгуулийн мөрийн хөтөлбөр аль хэдийнээ бэлэн болсон. Тиймээс тун удахгүй та бүхэнд хүрэх болно. Гэхдээ мэдээж дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, технологийн салбарыг хөгжүүлэх зэрэг мөрийн хөтөлбөрийн нэн тэргүүнд бичигдсэн байгаа.

-Александр Юнасев (Life News) - Ард түмний дунд явуулсан санал асуулгаар таны рейтинг бусад улстөрчидтэй харьцуулахад хэд дахин илүү байдаг. Таныг гүйцэх сөрөг хүчний удирдагч бараг сүүлийн 20 гаруй жил гарч ирсэнгүйг ОХУ-д хоёр дахь лидер буюу тантай өрсөлдөх хүн байхгүй байгаа нь танд уйтгартай байна уу?

-Тэр зурагт хуудас дээр байгаа эмэгтэй “Путин баяртай" гэж хэлж байгаа мэт харагдахгүй байна гэж үү. Жил ирэх тусам би хөгширч байна. Цаг хугацааг буцаах боломжгүй шүү дээ. Цаг ирэхээр намайг хэн нэгэн орлох нь тодорхой.

-Андрей Кольшников (Коммерсэр сонин)-Ерөнхийлөгчөө, Ерөнхийлөгч хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн давуу тал юу вэ? 

-Ирэх оны сонгуульд бие даан нэр дэвшихээр төлөвлөж байгаа. Тэгэхээр мэдээж улс төрийн үзэл бодлоо хуваалцаж, надад итгэл үзүүлэх байгууллага, сангийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Одоогоор сонгуулийн штаб бүрэн бүрдээгүй байгаа.

-Кира Латукшина (“Rossiyskaya” сонин)- Манай улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд харьцангуй өсөж байна. Таны бодлоор эдийн засгийн өсөлтийн шалтгаан юунд байна вэ?

-Тийм ээ, эдийн засаг өсөж байгаа. ДНБ төдийгүй дотоодын үйлдвэрлэл энэ онд 1.6 хувиар өссөн. Тэр тусмаа хөдөө аж ахуй, автомашины үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл маш хурдацтай өргөжин тэлж байна. Мөн бид маш сайн ургац хурааж байгаа. Энэ жил 130 сая тонн ургац хураасан. Магадгүй үүнээс илүү ч байж магадгүй юм. Энэ бол манай улсын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Миний санаж буйгаар хамгийн сүүлд 1978 онд 127 сая тонн ургац хурааж байсан.

Үр тарианы экспортоороо дэлхийд тэргүүлж байна. Одоогоор ОХУ эдийн засгийн хямралыг даван гарч, тогтвортой хөгжлийн шатандаа ороод байна. Энэ жил гаднын хөрөнгө оруулалт 4.2 хувиар өсөж, 23 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Гаднын хөрөнгө оруулалт, үр тарианы экспорт, дотоодын эрэлт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн.

-Антон Верницки (Vesti-24 телевиз) -Олон жил болсон чанарын шаардлага хангахгүй орон сууцуудыг нурааж, оронд нь шинээр орон сууц барих хөтөлбөрийг та зургаан жилийн өмнө эхлүүлсэн. Гэвч өнөөг хүртэл төлөвлөсөн орон сууцуудыг шинэчилж дуусаагүй байна. Гэтэл таны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөөд байдаг?

-Хуучирсан барилга бүр аюултай гэсэн үг биш. Бид насжилтынх нь төвшингөөр нь хуучны барилгуудыг ангилж, хамгийн аюултай гэсэн төвшнөөс эхлэн нурааж дахин шинэ орон сууц барьж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд барууны орнуудын ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас жаахан удаашралтай байсан ч бид 98.9 хувийн гүйцэтгэлтэй яваа.

-Сергей Брилов - Батлан хамгаалахын салбарын төсвөө нэмсэн. Батлан хамгаалах салбарын төсөв нэмэгдэхээр нийгмийг хамарсан бусад салбарын төсөв буурах уу? 

-Батлан хамгаалах салбарын төсвийг хэд хэдэн шалгуур, шаардлагаар нэмэгдүүлсэн.

Нэгдүгээрт, ОХУ-ын аюулгүй байдал хамгаас чухал. Хоёрдугаарт, батлан хамгаалах салбарын төсвийг нэмэхдээ бусад салбарт хүндрэл учруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Ирэх жил бид батлан хамгаалах салбартаа 2.8 их наяд рубль зарцуулахаар төсөвлөсөн. Энэ нь ойролцоогоор 46 тэрбум ам.доллар юм. Харин АНУ ирэх жил батлан хамгаалах салбартаа 700 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн. Энэ хоёрыг харьцуулаад үз дээ асар их зөрүүтэй байгаа биз. Гэхдээ бидэнд 46 тэрбум ам.доллар хангалттай. Үүнээс ил үүг төсөвлөх гээд ч бидэнд хөрөнгө байхгүй.

-Зулфия Сулдова (Челнински сонин) - Өнгөрсөн жил тэтгэврийн насыг нэмэх тухай яригдаж байсан. Тэтгэврийн насыг хэд болгож нэмэхээр төлөвлөж байгаа вэ?

-Та маш мэдрэмжтэй чухал асуудлыг хөндлөө. Эцсийн шийдвэр хараахан гарах болоогүй байна. Эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гарч байгаа. Манайхаас бусад Европын олонх оронд тэтгэврийн насыг нэмсэн. Гэхдээ манай улс өдий хүртэл шинэчлэлгүй явсаар байна. Шинэчлэхгүй бол болохгүй нөхцөлтэй бид тулгараад байна. Дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр тэтгэвэрт гарах хүний тоо хурдацтайгаар нэмэгдэж байна. Гэхдээ бид хүмүүсийг цус харвуулахаар шийдвэр гаргахгүй.

-Ольга Богословская (Match TV)- Олон улсын олимпын хороо, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гаргасан шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Үүсээд буй нөхцөл байдлыг хэрэн шийдэхээр төлөвлөж байна? 

-Ийм нөхцөл байдал үүссэнд Оросын спортын албаны хүмүүс ч тодорхой хэмжээгээр буруутай. Зарим дүрэм журмыг зөрчсөнийг би үгүйсгэхгүй. Оросын тамирчид сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагт “алтан хошуу өргөж”, сэргээштэй холбоотой дуулиан шуугиан дэгдээснийхээ дараа АНУ руу зугтсан Григорий Родченковыг Оросын сэргээшийн шинжилгээний лабораторийн захирлаар томилох шийдвэр гаргасан нь “том алдаа" байсан.

Тэр одоо АНУ-ын Холбооны мөрдөх товчооны хамгаалалтад байгаа. Бидний хувьд энэ бсш сул тап. ОУОХ болон Далхийн сэргээшийн эсрэг агентлагийн шийдвэрүүд нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Би олон улсын спортын байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэж байна. Тэд дарамт шахалт, сүрдүүлэгт автсан гэдгийг ч ойлгож байна.

-Николай Яаременко (Советский Спорт телевиз)- Ирэх жил бид Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Москва, Санкт Петербург, Казань, Сочи зэрэг хотуудад тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Бэлтгэл ажил хэр үр дүнтэй байгаа вэ?

-Манай улс олон улсын олон тэмцээн зохион байгуулсан туршлагатай гэдгээ энд онцолмоор байна. 11 хотод 12 цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил явагдаж байгаа. Нийт зардлын 70 орчим хувь нь улсын төсвөөс, үлдсэн хувь нь хувь хүн байгууллагаас гарч байгаа.

-Терри Моран (АНУ-ын “ABC” агентлаг)- АНУ-ын өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Дональд Трампын сонгуулийн штаб болон Оросын Засгийн газар хуйвалдсан гэх мэдээлэл тархаад буй. АНУ дахь Оросын ЭСЯ-ны албаны хүмүүстэй холбоотойг нотлох олон баримт ил болсон. Трампын Засгийн газар болон өөрийнхөө тэргүүлж Засгийн газрын холбоог хэрхэн тайлбарлах вэ?

-Энд уригдсан АНУ-ын бүх сэтгүүлч Трампын эсрэг юм шиг сэтгэгдэл төрчихлөө. Трампыг дэмждэггүй байж болно. Гэхдээ түүнийг сонгосон сонгогчдыг хүндэтгэх хэрэгтэй. Трампыг америкчуудын олонх дэмжсэн шүү дээ. Дипломатчдын хувьд суугаа орныхоо албаны хүмүүстэй уулзаж, ярилцах нь байдаг л зүйл. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцож, Трампын штабынхантай хуйвалдсан юм огт байхгүй.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэл бол Трампын өрсөлдөгчдийн зохиосон зүйл. Ийм худал мэдээлэл тараагчид өөрийн улс орноо хорлож байгаагаа ч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Харин Трампын ажлыг би дүгнэхгүй. Энэ бол АНУ-ын ард түмний хийх ёстой ажил. АНУ-ын зах зээл өсөж байна. Энэ бол хөрөнгө оруулагчид эдийн засагт нь итгэж буйн хэрэг.

Өнөөдөр Трамп эрүүл мэндийн хамгаалалд шинэчлэл хийж чадахгүй байна. Мөн тэр ОХУ-тай харилцаагаа сайжруулж чадахгүй байгаа. Гэхдээ би Орос, АНУ-ын ард түмний ашиг сонирхлын гол асуудлыг шийднэ гэж найдаж байна

-Кейт Де Пюри (“Associated Press” агентлаг)- Америкчууд Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардсаар байна. Кремль Пхеньяны эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг дэмжихгүй байгаа. Цаашид БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг авах уу. АНУ, ОХУ хамтран БНАСАУ-ын эсрэг хатуу арга хэмжээ тус улсын цөмийн пуужингийн туршилтыг зогсоож чадна гэж бодож байна уу?

-Танай Конгрессын гишүүд, сенатууд гоёмсог костюм өмсөөд, маш ухаантай хүмүүс шиг харагдаж байгааг анзаарахгүй байна уу. ОХУ-ыг БНАСАУ болон Ирантай адилхан нөхцөл байдалд аваачсан атлаа Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд оролцохыг ятгаж л байдаг. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг ОХУ эрс эсэргүүцсээр ирсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө бид ажиллах болно. Хойд Солонгосыг “цөмийн зэвсэгтэй улс’’ болохыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ талаар би маш олон удаа халж байна. Хойд Солонгост үзүүлж буй АНУ-ын шахалтууд, тухайлбал хориг арга хэмжээ сөрөг үр дагавартай арга хэмжээ. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Миний бодлоор, АНУ Японы эсрэг цөмийн зэвсэг ашигласан нь шударга бус хэрэг. Одоо дахиад өөр нэг улсын эсрэг үүнийг ашиглах гэж үү.

Энэ нь БНАСАУ-д давтагдах ёсгүй Аливаа өдөөн хатгалга, түрэмгийллээс зайлсхийх хэрэгтэй. Цөмийн зэвсгийн үр дагаврыг дэлхий дахин одоо ч хүртэл амссаар байна шүү дээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга саяхан Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд ямагт бэлэн байх болно гэж мэдэгдсэн. Энэ бол сайн зүйл шүү. 

-Елена Глушакова (РИА Новости)- Би Украины талаар асуулт асуумаар байна. Минскийн гэрээний хэрэгжилтийг “гамшгийн” гэж тодорхойлохоор байна. Өнгөрсөн хугацаанд Украины зөрчлийг шийдвэрлэхийн тулд юу хийсэн бэ. Украины улстөрч Саакашвилигийн талаар ямар бодолтой байна?

-Минскийн гэрээ ямар ч үр дүнгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гэрээ үр дүнгүй байгаа нь биднээс огт хамааралгүй. Харин Саакашвили Гүрж болон Украины ард түмэн рүү нулимж байна Тэр чинь Гүржийн Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр тэр би украйн хүн гээд гудамжид орилоод явж байна.

- Луан Хай (Синьхуа агентлаг)-Ирэх оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн үр дүн БНХАУ болон ОХУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлөх бол мөн хоёр улсын цаашдын харилцааг хэрхэн харж байна вэ?

-Ши Жиньпин даргын баримталж буй бодлогын ачаар БНХАУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өссөөр байна. БНХАУ бол манай улсын хамгийн том худалдаа болон эдийн засгийн түнш. Торгоны зам, Евразийн эдийн засгийн хөтөлбөрөөс гадна Арктикийн төсөлд хамтран ажиллахаар хоёр улс гэрээ байгуулаад байгаа. Зөвхөн эдийн засгийн бус техник, технологи эдийн засгийн салбарт ч хоёр улс хамтран ажилладаг. Тэгэхээр хоёр улсын харилцаа цаашид улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Ксения Голованова (“Interfax” агентлаг)- Сирийн талаар асуумаар байна. Тус улсын дэд бүтцийг сүйрүүлсэн хариуцлагыг хэн хүлээх вэ. Та саяхан Сирид айлчилсан нөхцөл байдал ямар байна вэ?

-Миний энэ удаагийн айлчлал Сирийн аюулгүй байдал эрс сайжирсны илрэл юм. Сирийн хямралыг шийдвэрлэхэд АНУ хувь нэмэр оруулаагүй. Богино хугацааны улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд бодлогогүй алхам хийхгүй байхыг би “холбогдох бүх тал”-д уриалж байна. Террористууд Сириэс Ирак руу зугтахыг бид харсан. АНУ террористуудад цохилт өгөөгүй. Учир нь тэднийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг хожим ашиглах гэж. Энэ бол маш аймшигтай хэрэг. Сирийн дүрвэгчдийн асуудлыг бид хамтдаа шийдвэрлэхгүй бол хүн бүр олон асуудалтай тулгарах болно гэдгийг дэлхий нийт ухамсарлах ойлгох хэрэгтэй. Террористууд ядуусыг эгнээндээ элсүүлдэг гэдгийг бид бүхэн мэднэ.

Зураг