Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

О.Байгаль: Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, гарааны бизнесийг дэмжих нь чухал

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2017 оны 12 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбар байгууллагын ТУЗ-ийн дарга О.Байгалийг урилаа.

ОЛОН ТАЛТ СОЁЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Улс орны хөгжил тухайн цаг үе дэлхий нийтийн чиг хандлагаас шалтгаалаад хувьсаж ирсэн. Ажиглаад байхад даяаршиж буй энэ үед олон талт соёл хосолсон нийгэм, орчинд дасан зохицох чадамжийг чухалчилж байна. Үүнийг ярихаар Үндэсний дархлаа, ондоошил гээд өөр тал руу нь яриад байдаг. Эрх тэгш байдлыг дээдэлсэн дэлхийн иргэн байхыг шаардаад байгаа юм шиг. Олон улсын байгууллагууд IQ, EQ тестээс гадна CQ тестийг авдаг болж байна. Энэ нь чи олон соёлоос бүрдсэн баг, хамт олонтой дасан зохицож ажиллах чадамж, хувь хүний хандлагыг тодорхойлох тест юм.

Энэ нь буцаад л шинэ соёл, соёлын харилцаагаар дамжаад байгаа юм.

Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед бид олон талт эдийн засгийг дэмжиж байж шинэ үе, шинэ хандлагад амжилттай ажиллана. Жишээлбэл, гарааны бизнесүүд, жижиг дунд бизнес эрхэлж байгаа компаниудыг амжилттай, тогтвортой ажиллах таатай орчныг бүрдүүлэх эко системийг суурьшуулах, оролцогч талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлага бий. Өнөөдөр манай улс бүхий л зүйлийг шинээр эхэлж байгаа мэтээр бодлогоо тодорхойлж, ажиллах орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ талаар олон улс болоод дотооддоо ажиллаж байгаа залуу үеийн төлөөллүүд нэлээд идэвхтэй ажиллаж байгаад баяртай байдаг.

Сүүлийн үед дэлхий даяар эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм дэх оролцоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа энэ үед бид ч бас энэ давалгаанд идэвхтэй оролцогч, санаачлагч, дэмжигч байх ёстой.

ХҮНИЙ ХӨГЖИЛ БУЮУ ҮНЭТ ЗҮЙЛ

Сингапурын хөгжлийн тухай хүмүүс ярих дуртай. Голчлон амжилттай эдийн засгийн тоо баримт жишээ болгодог. Элбэг хангалууныг бус эрх тэгш нийгмийн байдлыг дээдлэх нийгмийн төлөө, хүн амын хүчтэй бодлого,  Энэтхэг, Хятад, Малайз гэсэн гурван том соёлыг нэгтгэх гээд угтаа соёлын хүчтэй бодлого түүнийг ягштал тогтвортой хэрэгжүүлсэн нь хүчирхэг үндэстэн болох суурь болсон гэж би хувьдаа боддог.

Хэдийгээр гурван том угсаатны бүлэг ч  гэлээ Сингапурт төрж өссөн бол чи Сингапур хүн гээд үнэ цэнийг нь бага наснаас нь ойлгуулж ирсэн нь тухайн улсыг хөгжүүлэх хүнийг бүтээж байгаа юм. Боловсрол, соёлын бодлогоо зөв тодорхойлж үндэстнийг бий болгосноор эдийн засаг, бизнес нь хөгжиж, тогтвортой болж ирсэн гэсэн үг. Энэ нь Сингапур улсыг хөгжүүлэх эхний алхам бөгөөд зөв эхлэл байсныг хөгжлийн түүхээс нь харж болно.

Тэгэхээр аливаа улс хөгжихдөө тоог чухалчлахаас илүүтэй хүний хөгжлийг нэн тэргүүнд тавих нь илүү өгөөжтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүнийг төлөвшүүлэхдээ дэг журамтай, ёс зүйтэй, үнэт зүйлээ мэдэрдэг байснаар тухайн улсыг хөгжүүлэх, эдийн засгийг чадавхжуулахад хувь нэмрээ оруулна шүү дээ.

БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЕХАНИЗМ ДУТАЖ БАЙНА

Бүх зүйлийг төрөөс хараат мэтээр ойлгож, халамжийн бодлогод хэт автаад байгаа нь бидний сул тал гэж хардаг. Төрийн оновчтой бодлого байлаа гэхэд бүтэц, хэрэгжилтийн менежментийг сайжруулах, тогтворжуулах түүнийг хангаж ажиллах тал дээр Монгол Улсын иргэн бүр хариуц­лагатай байж хэрэгжүүлнэ. Тэгэхээр бодлогыг хэрэгжүүлэх менежмент чухал. Үүнийг тодорхойлсны дараагаар шат, шатандаа хэрэгжүүлэх хэрэгтэй.

Тогтвортой, олон талт хөгжлийг чухалчлах болсон энэ үед бид улс төр, эдийн засгийн тогтворгүй орчинтой гэдэг ангилалд байсаар л байна. Учир нь олон зүйлийг хийхээр төлөвлөж, бодлого боловсруулж байгаа ч түүнийгээ хэрэгжүүлэх бүтэц хэрэгжүүлэх арга замыг шинэчлэх хэрэгтэй. Эргээд харвал, бүхий л зүйлд соёлын суурь дутаж байгаатай шууд холбоотой гэж хардаг. Соёл гэдгийг зөвхөн урлагийн салбарт шууд хамааруулж ойлгоод байдаг.

СОЁЛЫН БОДЛОГЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Соёл бол хүний оюун ухааны программ юм гэж Geert Hofstede тодорхойлсон байдаг. Тэгэхээр соёлоор дамжиж хүнээ бүтээх, хүнээр дамжиж улс, үндэстэн бүрдэх тухай хэлээд байгаа. Соёл нь хүн байхын шалгуур, хүнээр хүн бүтээх улс, үндэстэн оршин байх тухай маш өргөн ойлголт юм.  Нийгэм, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарын суурь ойлголт.

Юуны түрүүнд бид соёлын бодлогоо шинэчлэн батлах, үүнээс дамжаад багц хуулиудаа шинэчлэн найруулах шаардлагатай. “соёлын тухай хууль” гээд соёл гээд үзэгдлийн энэ үгийг хуульчлах бус Соёлын бодлого, хэрэгжилт багц хуулиуддаа чиглэх нь гаргалгаа гэж харж байгаа. Жишээлбэл, бид үнэ цэнэт зүйл, Монгол хүн гэж хэн бэ гэдгээ тодорхойлж байж бидний өдөр тутмын үйлдэл хандлагаар илэрч гарна. Үнэ цэнэ, үнэт зүйлээ тодорхойлоогүй цагт бидний илрэлүүд зорилгогүй тогтворгүй байсаар байна.

Үнэт зүйлийн илрэх өмнө бидний зан үйл билэгдэл гээд өдөр тутмын үйлдлээр илрэн гарч байсан. Тэгвэл өнөөдрийн нийгмийг энэ илрэлүүд бидний соёлын илрэлүүд үү. Бизнес ч бай улс төр ч бай бүгд соёлын суурьтай.Тухайн хөрөнгө оруулах улсынхаа урлаг соёл, ёс заншил, амьдралын хэв маягийг нь судалсны дараагаар ямар байдлаар хамтарч ажиллахаа шийддэг. Тэгэхээр энэ бүхэн соёлтой шууд холбоотойг баталж байгаа хэрэг.

Тиймээс монголчууд гэж хэн бэ гэдгээ тодорхойлон, үнэт зүйлийнхээ талаарх мэдээллийг түгээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орчин цагийн монгол хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. Нөгөөтээгүүр, олон улсын байгууллагад ажиллах хүсэлтээ илэр­хийлэн анкетаа бөглөх үед “Монгол  хүн” гэдэг тодорхойлолтыг хараад тухайн хүнийг сонгох давуу тал болдог, хүний хөгжилдөө анхаарал хандуулах учиртай.

Үүний тулд хувь хүн чадавхтай байхаас гадна бусдаас ялгарах онцлогтой байх ёстой. Түүнийг нь дэлхийн аль ч өнцөг буланд очсон мэддэг байх нь чухал. Монголчууд олон давуу талтай, түүнийгээ ашиглах хэрэгтэй.

“АСЕН”-Ы ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ ХЭРЭГТЭЙ

Бид улсаа хөгжүүлж, бизнесийн хүрээгээ тэлэх гэж олон улсын зах зээлд гарах арга замуудыг хайсаар байгаа. Манай байгууллагын зүүн өмнөд Азийн орнуудын салбар байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Иймд “АСЕН”-ы зах зээлд гарах боломжтой. Тиймээс манай байгууллага “АСЕН”-ы орнууд руу чиглэсэн хамтын ажиллагаанд голчлон ажиллаж байна. Харьцангуй шинэ ойлголт шинэ соёл, шинэ зах зээл гэж болно.

“АСЕН”-д 10 орон багтдаг бөгөөд татваргүй орчныг бүр­дүүл­сэн. Түүнчлэн хоорондоо зорчих дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн байгаа зэрэг нь том боломжийг бий болгож байгаа юм. Бид үүнийг алдалгүй ашиглах ёстой. Европын холбоотой харьцуулахад эдийн засгийн өсөлт нь маш хурдтай өсөж байгаа. Тэгэхээр манай байгууллагын зүгээс энэ боломжийг ашиглан дотоодын үйлдвэрлэгч болон бизнесийнхнийг тэр тавцанд гаргахын төлөө ажиллаж байна.

Манай улсын хувьд “АСЕН”-ы орнууд руу экспортод бүтээгдэхүүнээ гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээний салбараа тухайн улс руу нэвтрүүлэх ямар гарц байгааг судалж байгаа юм. Ингэснээр бид хөрөнгө оруулалт татахаас гадна хөрөнгө оруулагч байж чадна гэдгийг харуулахыг мөн зорьж байна. Хэдийгээр гадагшаа хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа ч бүх мөнгөний урсгалыг гадаад руу чиглүүлж байгаа мэтээр харж болохгүй.

Эцсийн дүндээ олж байгаа ашиг, орлого Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж эдийн засгийг чадавхжуулах болно. Нөгөө талаас нь харвал, олон улсын зах зээлд гарснаар үйлдвэрлэл хөгжих, бизнес өргөжин тэлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний өртөг буурах, массын үйлдвэрлэл хөгжих, дэлхийд танигдсан Монгол брэндийг бий болгох алхам болно гэдгийг онцлон хэлмээр байна.

ОЮУНЫ ӨМЧӨӨ БАТАЛГААЖУУЛАХ НЬ ЧУХАЛ

Үйлдвэрлэлийн тухай ярихаар бүхий л бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр үндэсний брэнд гарах мэт ойлгож болохгүй. Учир нь монголчууд шинэ санаа, шилдэг бүтээлийг оюуны өмчөөр баталгаажуулан “Монгол” гэх нэрийн дор гаднын үйлдвэрлэгч орнуудаар хийлгэх боломж бий. Өөрөөр хэлбэл, монголчуудын оюуны бүтээлийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх явц нь өөр улсад хийгдэж болно гэсэн үг.

Хэрэглэгчийн гар дээр очихдоо “Монгол брэнд” гэсэн шошготой байх нь чухал. Тиймээс бид оюуны өмчөө баталгаажуулах, борлуулж дэлхийд өрсөлдөхүйц үндэсний брэндийг үйлдвэрлэх боломжтой юм. Ер нь бид дэлхийтэй хөл нийлж алхахын тулд чиг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд алдаагаа засахаас гадна үсрэнгүй хөгжих, бүтээлч, тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй.

Аливаа зүйлийг буруу хийсэн гэдгээ мэдсэн даруйдаа түүнийгээ нөхөх гэж оролдох нь орчин цагийн хандлага биш юм. Нэгэнт өнгөрсөнд үлдсэн алдааг засах гэж хичээхийн оронд ирээдүйд хэрхэн ажиллах, юу хийх вэ гэдгээ тодорхойлох нь чухал. Цаашилбал, шинэ цагт хийж байгаа бизнесийг удирдах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй юм. Бүтээлч үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлж гарааны бизнесийг дэмжих нь чухал байна.

Тиймээс цаг үетэйгээ хөл нийлж алхах нь зөвхөн бизнесийнхэнд хамаатай зүйл биш. Энэ нь төрийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн орчин зэрэг бүхий л салбарт хамааралтай. Залуу үеийн төлөөлөл бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж бие биеэ дэмждэг байхыг уриалмаар байна.

Зураг