Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Террорист халдлагаас сэргийлэхэд тусалсанд Путин АНУ-д талархлаа илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагуудад ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Алба цуврал баривчлах ажиллагаа явуулж, Санкт Петрбург хотоос Исламын улс бүлэглэлийн гишүүд, зэр зэвсэг, тэсрэх бодис зэргийг илрүүлсэн юм.

Террористууд хотын төвд орших Казаний дуган зэрэг бусад олон нийтийн газруудад халдлага үйлдэхээр төлөвлөөд байжээ. Энэхүү террорист сүлжээг илрүүлэхэд АНУ-ын Тагнуулын Төв Газрын дамжуулсан мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Ням гарагт утсаар ярихдаа Америкчуудын тусламжинд талархаж байгаагаа илэрхийлжээ. Цагаан ордны гаргасан мэдэгдэлд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Америкийн тагнуулын албаныхан Санкт Петрбург хотод болох гэж байсан террорист халдлагын талаар урьдчилан мэдээлсэнд талархлаа илэрхийллээ” гэсэн байна. “АНУ-ын өгсөн мэдээллийн үр дүнд Оросын эрх баригчид халдлага болохоос өмнө террористуудыг баривчилж, олон тооны хүн амиа алдахаас сэргийлж чадлаа. Ганц ч орос хүний амь үрэгдээгүй ба террористуудын сүлжээг аюулгүй болгосон байна” гэж цааш нь мэдээлжээ.

Оросын ерөнхийлөгч бас саяхан АНУ-ын Тагнуулын Төв Газрын даргаар томилогдсон Майк Помпеод талархлаа илэрхийлсэн тухай Цагаан ордон мэдээлсэн байна. Хоёр орны удирдагчид “энэхүү ажиллагаа нь терроризмтай хамтран тэмцэхийн сайн үлгэр жишээ” болсныг онцолжээ.

 

Эх сурвалж: Russia Today