Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны өвөг дээдсийн байлдааны тугийг АНУ-ын Тэнгисийн цэргийн академи олжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Солонгос жанжин У Жэ Ёны тугийг Америкчууд хөлөг дээрээ авчраад байгаа нь

Бараг 100 жил мартагдаад байсан 19 дүгээр зууны Солонгосын цэргийн туг далбааг АНУ-ын Тэнгисийн цэргийн Академийн Аннаполис дахь музейгээс өнгөрсөн долоо хоногт олжээ.

Музейн архивыг нүүлгэх үед 1920 оноос хойш нээж үзээгүй байсан хайрцагнаас бараг шинээрээ хадгалагдаж үлдсэн Солонгосын феодалын цэргийн туг далбаа олдсон юм.

Олдсон тугнууд нь 19 дүгээр зуунд АНУ-Солонгосын хооронд болсон тулааны гэрч ажээ.

 

1866 онд Америкийн худалдааны USS General Sherman нэртэй хөлөг Пёньянд анх удаа хүрч, Солонгостой худалдааны харилцаа үүсгэхийг хүссэн байна. Гэвч харийнхнаас айж болгоомжилсон Солонгосчууд хөлөг онгоцыг галдан шатааж, багийнхныг бүгдийг хөнөөжээ.

Уг явдлыг Хойд Солонгост одоо болтол Америкийн империализмийг анх удаа бут цохисны баяр болгон тэмдэглэдэг ба удирдагч Ким Жон Уны шууд удмын өвөг дээдэс болох Ким Ун У энэхүү довтолгоог төлөвлөж зохион байгуулсан гэж үздэг юм.

 
1866 оны үйл явдлын 140 жилийн ойд зориулж Хойд Солонгосын гаргасан шуудангийн марк

Дараа нь 1871 онд АНУ-ын байлдааны таван хөлөг онгоц сүйрсэн онгоцны араас Пёньянд ирсэн байна. Энэ удаад Солонгосчууд дахин довтолсон тул Америкийн хөлгүүд гал нээж, эрэг хавийн хэд хэдэн бэхлэлтийг эзлэн авч, туг далбааг нь хураан аваад буцсан юм байна.

Ингэж олзолсон туг далбааг ерөнхийлөгч Жэймс Полкийн 1849 онд гаргаж байсан тушаалын дагуу Аннаполис дахь тэнгисийн цэргийн академид хүргэжээ. Дайсны олзлогдсон туг далбааг энд хадгалж байхыг тушаалд заасан байдаг аж.

Солонгосын туг далбаануудаас 1871 оны тулаанд алагдсан жанжин У Жэ Ёны тугийг 2007 он хүртэл музейд үзүүлж байжээ. Дараа нь Өмнөд Солонгосын засгийн газрын хүсэлтийн дагуу урт хугацааны зээлээр Сөүлд шилжүүлээд байгаа гэнэ.

Харин бусад туг далбаанууд 100 орчим жил дарагдсаны эцэст ийнхүү ил гарчээ. Өнөөдөр цөмийн зэвсгээр АНУ-ыг сүрдүүлж буй Кимийн удмынхан бүр 150 орчим жилийн өмнөөс Америкчуудтай сөргөөцөлдөж эхэлсэн сонин түүхтэй юм байна.

 

Эх сурвалж: US Naval Academy