Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд нэг шинэ хэл бүртгэгдлээ, гэхдээ улс төржсөн шалтгаанаар

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан орнуудын нэг Монтенегро өөрийн хэлийг Серби хэлнээс салгаж, тусдаа бие даасан хэлд тооцуулан Олон Улсын Стандартчилалын (ISO) байгууллагаар хүлээн зөвшөөрүүллээ.

2007 онд Сербиэс салан тусгаарласан Монтенегрочууд өөрийн хэлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн юм. Тэд бүр Серби хэлнээс ялгаруулахын тулд 2011 онд цагаан толгойдоо хоёр шинэ үсэг нэмжээ.

Монтенегрогийн үндэсний номын сан эх хэлээ компьютер, архив, мэдээллийн сан зэрэгт ашиглагдах тусдаа кодтой болгохын тулд ISO байгууллагыг 9 жил орчим лоббидсоны эцэст өнгөрсөн долоо хоногт хүлээн зөвшөөрүүлсэн юм.

Үнэндээ Монтенегрогийн хүн амын дийлэнх хэсэг нь Серби хэлээр ярьдаг нь сүүлийн судалгаагаар батлагдсан байдаг. Серби, Монтенегро хэлүүдийг ялгахад ч бэрх. Хэлний мэргэжилтнүүд Серби, Монтенегро хэлүүдийг, бас дээр нь Босни, Хорват хэлүүдийг үндсэндээ нэг хэл гэж маргаангүйгээр үздэг юм.

Гэвч Сербиэс хамаарлаа багасгах хүсэлтэй Монтенегрогийн үндсэрхэг үзэлтнүүд ийнхүү зорьсондоо хүрч байна.

ISO байгууллагын шийдвэрийг хэл судлаачид, эрдэмтэд шүүмжилж, Балканы хойгийн нийт ард түмнийг хагаралдуулах алхам боллоо гэж дүгнэжээ. Ийнхүү шинжлэх ухааны бус үндэслэлээр, тодруулбал улс төржилт, үндсэрхэг үзлийн шалтгаанаар манай дэлхий албан ёсоор нэгэн шинэ хэлтэй боллоо.

Уг үйлдлэл цаашдаа нутгийн аялга бүрийг бие даасан хэл болгон бүртгүүлэх хөдөлгөөнд газар газрын салан тусгаарлагчдыг турхирах магадлалтай байна.

Серби хэлтэй зарим хүмүүс өөрийгөө автоматаар Серби-Монтенегро хэлний орчуулагч болсныг сошиал сүлжээнд хошигнон мэдээлжээ.

 

Эх сурвалж: Quartz