Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Бизнес инкубатор-Бизнесийн хөгжил” зөвлөлдөх уулзалт боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо Дэлхийн бизнес инкубаторуудын өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбоо анх 2008 онд 27 гишүүн байгууллагатай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 17 аймаг, 9 дүүрэгт 72 гишүүн байгууллагатай болон өргөжөөд байгаа бөгөөд Дэлхийн бизнес инкубаторуудын энэ өдөр “Бизнес инкубатор-Бизнесийн хөгжил” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 

Зөвлөлдөх уулзалтын нээлтэд УИХ-ын гишүүн Н.Оюундарь оролцсон бөгөөд “өндөг” мэт эмзэг жижиг бизнесийг эхлэх гарааны үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эхлүүлэх, төслөө боловсруулахад тусалж, хууль зүйн болоод санхүүгийн зөвлөгөө өгөөд зогсохгүй хөрөнгө оруулагчидтай холбох үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн бизнес инкубаторуудад Дэлхийн бизнес инкубаторуудын өдрийн халуун мэндийг хүргэсэн.

Түүнчлэн эрхэм гишүүн Монгол Улсын Их Хурал 2016 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог байгуулсныг дурдаад, УИХ хууль тогтоох түвшинд жижиг, дунд бизнесийн хөгжлийн асуудалд өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн онцолсон. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, жижиг, дунд бизнес бол зөвхөн ажлын байр биш улс орны тогтвортой хөгжил, эдийн засгийн үндсэн суурь хэмээгээд УИХ-ын гишүүдийн нэлээд хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг туулж ирсэн тул баялаг бүтээгчдийг тал бүрээр дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. 
Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч А.Лувсандагва зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, 2017 онд тус холбоо 8,800 иргэнд бизнесийн багц сургалт, зөвлөх үйлчилгээг хүргэж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл болон арилжааны банкуудаар дамжуулан 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон хэмээн онцолсон юм. Үүний үр дүнд 5,650 ажлын байрыг хэвээр хадгалж, 1,420 ажлын байрыг шинээр бий болгожээ.

Мөн гадаад, дотоодын олон удаагийн үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдээ оролцуулан, ашиг орлого, бизнесийн түншлэлийн хүрээгээ өргөжүүлэх, туршлага судлах боломжоор хангасан амжилттайгаар Дэлхийн бизнес инкубаторуудын өдрийг угтаж байна гэлээ. 

Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд оролцсон. 
Тэрбээр, жижиг, дунд бизнесийн улс эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр нь асар өндөр хэмээгээд өндөгнөөс ангаахай болгон даль жигүүрийг нь ургуулан улс орны хэмжээнд бүтээн байгуулалт хийх, цаашлаад экспортод чиглэсэн үйлдвэрлэгч болтол нь хөгжүүлэгч бизнес инкубаторуудад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын нэрийн өмнөөс баярын мэндийг уламжилж, шинэчлэн боловсруулж буй Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийн талаар зарим мэдээллийг өглөө. 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад БНЭУ-ын Засгийн газрын харьяа Жижиг, дунд үйлдвэрлэл, ур чадварын хөгжлийн яамны “NIESBUD” институтын профессор ноён Сингх оролцож тус улсад бизнес инкубаторыг хэрхэн хөгжүүлж, эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлсэн талаар туршлага хуваалцсан бол ОХУ-ын Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Антон Просекин эхлэлийн бизнесийг төрөөс хэрхэн дэмждэг талаар илтгэл тавьж, цаашид хоёр орны бизнес инкубаторууд хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн.

Мөн бизнес инкубаторыг хөгжүүлэх арга зам, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны талаар уулзалтад оролцогчид мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны гишүүн 17 аймаг, есөн дүүргийн бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн сургагч багш нарын төлөөлөл оролцлоо.