Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Амартөгс: БНСУ-руу ажиллахаар жилд 2,800-3,000, Япон руу 200 орчим хүн дадлагажигчаар явдаг

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Уулзалтад хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал хариуцдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагынхан, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. 

Жилд 200 орчим иргэн Япон улсад дадлагажих үйл ажиллагаанд хамрагддаг

ХНХЯ, ХЭХЗГ-ын дарга Ц.Амартөгс "Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөн нь бүхэлдээ хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг шилжин суурьшигч ажиллах хүчээр хангах, ур чадвартай, боловсролтой, үнэлэмжтэй хүн амын тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн салбарын үнэлэмжийг өсгөх гол зорилготой байдаг.

Тиймээс зөвхөн тухайн нэг иргэний, тухайн нэг өрхийн асуудал байдаггүй, харин улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх, нарийн мэргэшсэн, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх зэрэг бусад хүчин зүйлсийг дэмжигч гол хүчин зүйл болж байдаг.

Гадаадаас ажилтан авах тухай хууль 2001 онд батлагдсан. Энэхүү эрх зүйн зохицуулалт өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд зохицуулагдаагүй харилцаа бий болсон. Ийм байгаа учраас бид Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний хуулийг шинэчлэн боловсруулж байгаа.

Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шилжилт хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөнтэй уялдуулах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хэрхэн илүү нээлттэй болгох вэ? гадаадаас ажиллах хүчин авах процессыг шинэчлэх шаардлага байна.

Хичнээн хүн манай улсаас гадаадад ажиллаж байгаа тоо баримтыг тухайн улс бүрийн Элчин сайдын яамд гаргасан байдаг. Одоогоор бол бид зөвшөөрөлтэй албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа БНСУ, Япон улсад дадлагажигч илгээх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

БНСУ руу хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүртгэлээр жилд 2,800-3,000 орчим хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэсэн дүн байна. Жилд 200 орчим иргэн Япон улсад дадлагажих үйл ажиллагаанд хамрагддаг" гэлээ. 

Гадаадад хувиараа ажиллаж байсан иргэд эх орондоо ирээд ажилд ороход хүндрэлтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын харъяа олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ажилтан Р.Оюунбилэг "Хувиараа гадаадад ажиллаж байгаа иргэдийн хувьд тухайн улсдаа олдож байгаа хамгийн хямд хөдөлмөрийг эрхэлдэг. Иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр бид ажилладаг.

Гадаадад хувиараа ажиллаж байгаа ирсэн иргэдийн хувьд олон жил өөрийнхөө үндсэн мэргэжлээр ажиллаагүй, эх орондоо удаан хугацаагаар амьдраагүй учир ажилд ороход хүндрэлтэй байдаг. Мөн санхүүгийн эх үүсвэрээс тусламж авах боломж нь хаагддаг.

Хууль бусаар гадаадад хөдөлмөр эрхлэж байгаа иргэд мэдээлэл дутмаг байна. Хоёр орны хоорондын гэрээгээр гадаадад гарч ажиллах юм бол зохион байгуулалттай ажилд орох боломжтой" гэлээ. 

2018 онд яамны зүгээс хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний чиглэлээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд:  

  • Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр өндөр хөгжилтэй гадаад орнуудад үндэсний мэргэжилтэй ажиллах хүчийг дадлагажуулах ажлыг эрчимжүүлж, дотоодын мэргэжил олгох мэргэжлийн сургалтын байгууллагуудын сургалтын чанарыг дээшлүүлж, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан ажиллах хүчийг бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна. /Япон, Австрали, БНСУ зэрэг орнуудтай шинэ санамж бичиг байгуулах, хуучин санамж бичгийг шинэчлэн боловсронгуй болгох/
  • Гадаадаас авах ажиллах хүчний хэрэгцээ шаардлагыг бодитойгоор тооцон үндэсний ажиллах хүч бүртгэлтэй ажилгүй иргэдийг гадаадаас ирж ажиллаж байгаа өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд дагалдуулан сургаж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн ажлын байраар хангах бодлогыг баримтлан гадаад ажиллах хүчний тоо хэмжээг 50 хувь хүртэл бууруулахаар төлөвлөжээ.