Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ням-Осор: Ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагаас үүдэлтэй

М.Зүйр зууны мэдээ
2017 оны 12 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.

-Төрийн худалдан авалтын талаар янз бүрийн яриа байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар энэ жил хэдий хэмжээний худал­дан авалт зохион байгуулсан бэ?

-2017 оны аравдугаар сарын байдлаар нийт 99 багц тендерээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн 29.9 тэрбум  төгрөг, Дэлхийн банкны санхүүжилтээр 2.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зохион байгуулсан. Улсын хэмжээнд 2017 онд давхардсан тоогоор нийт 4,369 төсөл арга хэмжээний 2.9 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017 онд төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйл­чилгээ худал­дан авах нийт ажлын 0.7 хувийн  ажлыг л зохион байгуулсан. Төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт ажлын 99.3 хувийг яам, агентлаг, орон нутаг, төрийн өмчит компаниуд өөрсдөө зохион байгуулсан.

-Төрийн худалдан авалтын ихэнх хувь яам, агентлагийнхаа мэдэлд байдаг юм байна. Гэтэл олон нийт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг л худалдан авалтыг зохион байгуулдаг гэж ойлгодог шүү дээ?

-Харин тийм ташаа ойлголт олон нийтийн дунд байгаа юм.

Худалдан авах ажиллагаа их олон газар хийгддэг ба маргаан, гомдол гарахаар манай газрыг л гэж ойлгодог. Цахим тендерийн худалдан авалт, мэдээллийг бол манайх хариуцдаг.

-Энэ олон салангид ажлыг нэг тийш нь цэгцэлж болдоггүй юм уу. Заавал яам, агентлагууд өөрсдөө худалдан авалтаа хийх ёстой юу?

-Үүнийг цэгцлэхийн төлөө ажиллаж байна. Засгийн газрын хурал­даанаар саяхан тендерийн хуулийг шинэчлэх ажлыг яаралтай хийх үүргийг Сангийн яам, ХЗДХЯ-нд даалгасан. Хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт манай газрын мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

Минийхээр нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, техник технологийн худалдан авалтыг эрхэлсэн яам, агентлаг нь орон нутгийн худалдан авалтыг орон нутагт нь, нийтийн хэрэглээний  /бичгийн цаас, принтерийн хор, сандал ширээ гэх мэт/ худалдан авалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хийдэг эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Эсвэл худалдан авах ажиллагааны бие даасан мэргэжлийн агентлаг хэрэгтэй.

-Ерөнхий сайд төрийн худалдан авалт дээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг анхааруулсан. Гэтэл үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг авахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Яагаад дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа юм бэ?

-Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, төсвийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөөр  худалдан авалт хийхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бүх гарцыг хуульчилж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч талууд олон жил хамтран ажилласан сүлжээ нэгт нийлүүлэгчээсээ авах сонирхол их байдаг.

Удирдлагууд төдийгүй дунд шатны албан хаагчид, түшмэдүүдийн эрх ашгийн асуудалтай холбоотой. Энэ хувийн эрх ашиг нөлөөлсөн торон сүлжээг хуулийн нарийвчилсан заалтаар л таслан зогсооно. Гуравдугаарт, манай тендерийн хуулийн зохицуулалтад дутагдалтай заалт их бий. Энэ тодорхой биш заалт, зохицуулалтыг хуулийн цоорхой болгон ашигладаг хүн олон байна.

-Тендерийн тухай хуульд байгаа буруу заалт юу байна вэ?

-Тендерийн хуулиар хамгийн бага үнэ өгсөн компани тендерт ялдаг тэр заалт буруу. Гэтэл энэ заалт хэрэгжихдээ хамгийн чанаргүй бараа, бүтээгдэхүүн, муу үйлчилгээ нийлүүлэх хуулийн цоорхой болж хувирсан. Энэ бол хоцрогдсон үнэхээрийн учир дутагдалтай заалт. Энэ заалт нийт төрийн худалдан авалтын нэр хүндийг унагаадаг.  Төр хамгийн муу, чанаргүй бараа авдаг шахааны газар гэдэг нэр үүнтэй холбоотой.

Хямд үнэтэй нэг жилийн нас­тай бүтээгдэхүүн авах уу, боломжийн  үнэтэй хэдэн жил хэрэглэх чанартай бараа авах уу гэдгийг хуулийн энэ бага үнэ гэсэн заалт шийдэж байна.

-Хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж…?

-Хамгийн хямд гэдэг үгийн оронд чанар, стандарт, техникийн нөхцөл хангасан баталгаат хугацаа урттай, төсөвт өртөгт багтсан үнэтэй дотоодын бараа, бүтээгдэхүүнийг давуу эрхтэйгээр шууд худалдан авах заалт оруулах шаардлагатай.

-Ийм заалт хуульд байхгүй юу?

-Уг нь дотоодын бараа үйлчилгээг худалдан авахад давуу эрх олгох  заалт бий. Гэхдээ дотоодод үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээнд чанар, стандартын гэрчилгээ олгох, тэр гэрчилгээг үндэслэн тендерийн худалдан авалтад давуу эрх олгох заалтууд тодорхой биш учраас захиалагч төрийн байгууллагууд өөрсдийн үзэмжээр шийддэг. Дотооддоо бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ажлын байр бий болгосон иргэдийн хөдөлмөрлөх, хийж бүтээх зорилго тэмүүллийг дэмжсэн үйлдвэрлэгчдээ төр дэмжих цаг нь болсон.

-Дотоодын үйлдвэрлэлээ гадаад зах зээлээс яаж хамгаалах вэ?

-Дотоодын үйлдвэрлэ­лийг импортын барааны зах зээлээс хамгаалах гаалийн (тарифын) татварын зохицуулалт байдаг. Энэ үнийн зохицуулалттай барааны жагсаалтыг шинэчилж  гаргахдаа хугацаа их алдаж байна. Тиймээс дотоодод үйлдвэрлэж буй бараатай ижил төрлийн бараанд  импортын татвар ногдуулах жагсаалтыг жил бүр гаргадаг заалт хуульд оруулах шаардлагатай.

Ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаагаас үүдэлтэй. Нэгэнт төр дэмжихгүй учраас үйлдвэр байгуулж өрөнд орсноос наймаа хийх юм уу, банканд мөнгөө хадгалуулж, хүүгээр нь амьдрах сүлжээ үүссэн.Нийгэмд баялаг бүтээх биш мөнгө хүүлэх сонирхол ихэссэн. Энэ нь мөнгөний дутагдалтай ядуу, дунд хэсгээ мөнгөтэй нь мөлждөг тогтолцоо шүү дээ.

-Тендерт шалгарсан компаниуд чанаргүй бараа нийлүүлсэн асуудалд хэн хяналт тавих ёстой вэ?

-Чанар, стандарт, гэрээний хэрэгжилтэд захиалагч хяналт тавих ёстой. Тендерт тавьсан нөхцөл, шаардлага хангаагүй стандарт бус барааг хүлээж авсан захиалагчтай хариуцлага тооцох хуулийн нарийвчил­сан заалт хэрэгтэй.

-Тендерт шалгарсан компанийг нөгөө компани гомдол гаргаж ажлыг нь зогсоодог. Үнэлгээний хорооны гишүүд буруу дүгнэсэн зэрэг зөрчил гардаг. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

-Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Захиргааны хэргийн шүүх гэсэн газарт тендерт ялагдсан компаниуд гомдол гаргаж тендерийн ажлыг гацаадаг тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тендерийн хууль, Өрсөлдөөний тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг уялдуулах шаардлагатай.

Хууль бус үйлдэл хийсэн, үндэслэлгүй гомдол гаргадаг компанийн  тендерт орох эрхийг 3-5 жилээр хасах, хар жагсаалтад оруулах хэрэгтэй. Компанийн нэр сольж орохыг бас хязгаарлах нь зөв. Хариуцлага алдсан тендерийн үнэлгээний хорооны гишүүд, үндэслэлгүй гомдол гаргасан компанид наад зах нь мөнгөн торгууль тавих, албан тушаалын хариуцлага тооцох нь зөв. Тэгвэл янз бүрийн хууль бус зүйл сэдэж, төрийн ажлыг гацааж, бусдыг хохироодог асуудал багасна.  Хуулийн заалт тодорхой биш болохоор будилуулах, ашиг хонжоо хайх, ажил хохироох үйлдэл гардаг.

-Дотоодод үйлдвэрлэсэн барааны нэгдсэн мэдээлэл байдаггүй. Нэгдсэн нэг цахим хуудаст мэдээллийг нь цуглуулж болохгүй юу?

-Үүнийг шийдээд ажиллаж байна.www.tender.gov.mn цахим хуудаст бүх үйлдвэрлэгч өөрсдийн бараа бүтээгдэхүүний загвар, үнийн талаар мэдээллээ байршуулах боломжтой.

-Тендерийг бөөндөж, багцаар зарладаг талаар гомдол их гардаг. Яагаад тендерийг бөөндөж, багцаар зарладаг юм бэ?

-Энэ буруутгах аргагүй гомдол. Тендер зарлахдаа барааны нэр төрөл, гадаад, дотоод үйлдвэрлэж байгаа байдлыг харгалзан багцалж, салгаж тендер зарлах хэрэгтэй. Нэг багц болгож бөөн тендер зарласнаар олон нэр төрлийн бараа тендерийн багцад ордог. Энэ нь зарим дотоодын үйлдвэрлэгч, жижиг компаниуд тендерт орох боломжийг хаадаг.

-Ингэхэд орон нутагт хийх ажлыг Улаанбаатар хотод тендер зарлах нь зөв үү?

-Энэ тухай асуудлыг бид хөндөж байгаа. Орон нутагт хийж чадах ажил үйлчилгээ, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг орон нутагтаа зарлах эрх зүйн тогтолцоог бий болгох шаардлагатай. Энэ жил нэлээд ажлыг орон нутагт эрхийг нь шилжүүлсэн.

-Албан тушаалтнууд тендерийг өөр дээрээ авахыг хүсдэг. Та яагаад тараахыг хүсээд байна вэ?

-Эрх мэдэл, мөнгөнд дуртай нь тендерийн ажлыг төвлөрүүлэх сонирхолтой байдаг байх. Захиалагч нь орон нутагт, гүйцэтгэгч нь хотынх. Тэгэхээр тендерийн гүйцэтгэлийн шаардлагыг хариуцах эзэнгүй болгочхож байгаа юм. Орон нутаг өөрсдөө тендерээ хариуцан зарладаг бол хариуцлагыг тооцох боломж бүрдэнэ. Ийм тогтолцоо хэрэгжүүлэхэд олон албан тушаалтнууд дургүй байгаа нь үнэн.

-Шууд болон харьцуулсан худалдан авалтын талаар сүүлийн үед багагүй хэл ам  гарч байна. Шууд худалдан авалтын босго үнийг нэмэх ёстой гэж зарим хүн ярьдаг. Босго үнийг нэмэх шаардлага байна уу?

-10 сая төгрөгийн төсөвтэй тендерийг шууд худалдан авалтаар хийдэг хуулийн заалт бий. Үүнийг хөдөлмөрийн хөлсний ч юм уу бусад хөрвөх чадвартай хэмжигдэхүүнд шилжүүлэх хэрэгтэй. 30-50 сая төгрөг болгож, босгыг нэмэх шаардлагатай.Томоохон тоног төхөөрөмж, машины нэг сэлбэг хэрэгсэл 50-60 сая төгрөгийн үнэтэй болсон шүү дээ.

Энэ бүгдэд тендер гэж цаг хугацаа зарж, ямар ч хэрэггүй бичиг, цаас, хуурамч баримт бүрдүүлэхээ болих хэрэгтэй. Харьцуулсан худалдан авалт гээд хэдэн компанийн үнийн санал харьцуулж бараа, үйлчилгээ авдаг заалт бий. Тэр нь 50 сая төгрөг байгаа. Үнийн босгыг 200-300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээгээр нэмэх хэрэгтэй.

-Худалдан авалтын хуульд анхаарах асуудал юу байна вэ?

-Нарийн мэргэжлийн бараа, ажил, үйлчилгээний тендерийг салбар нь хариуцдаг, байгууллага бүр хэрэглэдэг нийтлэг барааны тендерийг нэгдсэн хэлбэрээр зарладаг, орон нутгийн тендерийг орон нутагтаа зарладаг байхаар хуульчлах нь зөв.

-Дотоодын үйлдвэрлэгч өрсөлдөгчгүй байвал яах вэ?

-Дотоодод чанар стандарт хангасан барааг үйлдвэрлэж  байгаа нэг компани ч байсан өрсөлдөгчгүй шууд худалдан авч байх хэрэгтэй.  Гэхдээ төсөвт суусан үнээс илүү үнэлгээтэй бол авахгүй. Үүнийг бас хуульд суулгах хэрэгтэй байгаа юм. Ийм жишиг Солонгос улсад бий. Ашигтай бол өрсөлдөөн өөрөө үүсэж шинээр үйлдвэр байгуулагдана. Ашиггүй үйлдвэрлэл бол өрсөлдөөн үүсэхгүй.

-Та ажлаа аваад шууд төрийн өмчит компаниудын өр төлбөр, ашиг, алдагдлын талаарх мэдээллийг олон нийтэд цацсан. Ингэснээр өр төлбөр багасаж, ашиг нэмэгдсэн үү?

-Энэ ажлыг хариуцаж ажилласнаас хойш төрийн өмчит компаниудын өр төлбөр 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар багассан. Нийт төрийн өмчит компаниудын 60-аад хувь нь ашигтай ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг гурван тэрбум төгрөг, контор засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8.8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3.3 тэрбум төгрөгөөр бууруулсан.

Зураг