Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батболд: Үнэний хэлээр ярьдаг хүн нүдний гэм боллоо

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг

Аюулгүй байдал, тагнуул судлалын чиглэлээр 20 гаруй бүтээл туурвисан Ж.Батболд гэх залуутай ярилцлаа. Тэрбээр Иргэдийн аюулгүй байдлын академийн гүйцэтгэх захирал бөгөөд “Муухай монгол хун”номоо өлгийдөн аваад удаагүй байгаа юм.

-“Муухай Монгол хүн” номынхоо талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Энэ зохиол миний олон жилийн судалгааны ажлын үр дүнд зохиогдсон.Уг бүтээлд 30 гаруй “Муухай монгол хүн”-ий тухай бодит жишээ баримттай өгүүлсэн. Тухайлбал, “Атаархуу монгол”, “Бялдууч монгол”, “Танилтай монгол”, “Хаширдаггүй монгол”, “Худалч монгол””, “Бурхантай ярилцдаг монгол”, “Ховч монгол”, “Харьд дурласан монгол”, “Ямбанд дуртай монгол", “Хэнэггүй монгол” “Гэнэн итгэмтгий монгол”, “Үнэнд өстэй монгол”, “Үүрэндээ зодолддог монгол” “Гэмээ хүлээдэггүй монгол”, “Согтуу монгол”, “Авлигач монгол”, “Ямбанд дуртай монгол" гэх мэтчилэн монгол хүний 30 гаруй муухай зан авирын талаар бичсэн.

Миний хувьд “Муухай монгол хүн” номдоо монгол хүний талаар огтхон ч гоёж, хачирлаагүй. Байгаа байдлыг нь тэр чигээр нь бичсэн. Өнөөдөр XXI зууны монголчууд муухай болж өөрчлөгдөж байгаа нь эцэстээ юунд хүргэж болохыг уншигчдад бодит үнэнээр нь хүргэхийг хичээсэн. Дашрамд хэлэхэд монгол хүний зан чанарын тухай иж бүрэн судалсан судалгааны бүтээл ховор байдаг юм билээ. Бид өөрсдийгөө судлахгүйгээр, нээхгүйгээр өөрчлөгдөж хөгжихгүй шүү дээ. Цаашид энэ чиглэлээр судалгааны ажлаа эрчимжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

-Номоо бичих санааг анх яаж олсон бэ. Ном болон гарахад хэдий хэр хугацаа зарцуулав?

-Би олон жилийн өмнөөс л “Муухай монгол хүн гэдэг ном бичье гэж боддог байлаа. Яагаад ч юм “Монгол хүн хэдийнээс ийм муухай болчихсон юм бол” гэх бодол үе, үе сэтгэл холгон зурсхийдэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Бас “Монгол хүн байна даа, даанч дээ” гэж бухимдах өдөр надад үнэхээр олон байсан. Хамгийн анх АНУ-д “Муухай америк хүн” гэдэг ном хэвлэгдэн гарч, түүнийг АНУ-ын төрийн департмент үйл ажиллагаандаа ашигласан байдаг.

Мөн Япон Улсаас Аргентин Улсад суух Элчин сайдын яамны ажилтан “Муухай япон хүн” ном бичсэнийхээ төлөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тухай уншиж байсан юм. Хожим нь 1980-аад оны дунд үеэс Хятадын төдийгүй дэлхийн олон зуун сая уншигчдыг байлдан дагуулсан Тайванийн зохиолч Бо Яны бичсэн “Муухай хятад хүн" номыг эх хэл дээр нь хэд хэдэн удаа уншиж, орчуулж байсан. Үүнээс хойш “Муухай монгол хүн”-ий тухай бодож эхэлсэн. “Муухай монгол хүн ном”-ыг бичихэд таван жилийг зарцуулсан.

Би “Муухай монгол хүн”-ийг судалж байхдаа зам, талбай цэвэрлэдэг жирийн иргэдээс, төрийн түшээд хүртэл маш олон хүнтэй ярилцсан. Хамгийн баяртай мэдээ нь миний бичсэнийг “Цаг үеэ олсон чухал сэдэв” гэж хүлээн зөвшөөрч, дэмжсэн нь дийлэнх нь байсан. Гэхдээ “үгүйсгэл” гэж үзэх, өөрсдийнхөө алдаа дутагдлыг өмөөрч, шүүмжлүүлэх дургүй хүмүүс олон тааралдсан. Ер нь үнэний хэлээр ярьдаг хүн нүдний гэм болжээ.

-Ер нь нийгэм тэр чигтээ хар бараан болчихжээ. Бие биетэйгээ тэрсэлдэх нь хэрээс хэтэрсэн. Тэгэхээр таны номонд монгол хүмүүс муухай зангаа таягдан гээхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг үзэл санаа багтсан уу?

-Би тантай санал нэг байна. Монголчуудын сэтгэл зүйг ойлгоход тун түвэгтэй ард түмэн. Гаднаа дайсангүй болоод ирэхээрээ л бие биетэйгээ дайтаад эхэлдэг. Манай түүхэнд бид өөрсдийгөө л мөхөөсөн байдаг шүү дээ. Харин гадны дайралтад эзлэгдсэн түүх ховор. Их гүрнээс буурай улс болтлоо доройтож, унаж босож үзсэн. Тэр бүхний шалтгаан нь ихэнхдээ өөрсдөөс нь үүдэлтэй байдаг. Өнөөдөр ч тийм байна.

1990-ээд оноос хойш бид эвлэлдэн нэгдэж, гадаад ертөнцтэй өрсөлдөхийн оронд өөр зуураа тэмцэлдэж, бие биеэ гутаан доромжилж, өчүүхэн ашиг сонирхлын төлөө арчаагаа алдацгаалаа. Энэ л арчаагүйдэл яван явсаар өнөө цагт бусдын ашиг сонирхолд автан өөрсдийн газар шороо, эд баялгаа, цаашлаад өөрсдийгөө худалдахын эх үндэс боллоо. Нэгийг нь нөгөөгийн эсрэг турхирч, байнгын зөрчил тэмцэл дунд байлгах сонирхолтой гадна, дотнын “Хүний арьс нөмөрсөн чоно”-нууд ч олширлоо.

Энэ бүхэн яг л хоёр нохой булууны яс булаалдаж уралцахад гурав дахь нохой ясыг шүүрч аваад ухасхийн зугтаахад бэлэн байдаг шиг тийм дүр төрхтэй. Одоо л бид сэтгэлгээндээ өөрчлөлт хийж алдаа дутагдлаа зөв оношилж, засаж залруулахгүй бол цаашид юунд хүрч болох нь маш тодорхой боллоо. Хэдий болтол ингэж олон үеэрээ ядуу буурай, алт сандайлсан гуйлгачид гэж хочлуулж бусдын доог тохуу болж амьдрах юм бэ.

Улс орны аюулгүй байдлын хамгийн чухал дархлаа нь монгол хүн шүү дээ. Бид өөрсдөө өөрчлөгдөхгүй бол бидэнд хэн ч туслахгүй, улс орон ч хөгжихгүй. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх цаг нь болсон. Хэдий хүртэл үүрэндээ зодолдож, улсаа нурааж, далдын ид шидэнд найдаж, маргааштайгаа зууралдаж амьдрах юм бэ. Миний номонд “Муухай монгол хүн”-тэй бид хэрхэн тэмцэх тухай үзэл санаа бүрэн шингэсэн.

-Номыг чинь уншсан хүмүүс юуг олж мэдээсэй гэж та хүсэж байна вэ?

-Бүтээлийн агуулга нь монгол хүн хэн болж өөрчлөгдөж буйг, хэн болж өөрчлөгдөж болохгүй тухай жишээ баримттай маш тодорхой өгүүлсэн. “Муухай монгол хүн” номын уншигчдаас улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшилд монгол хүний ямар зан чанарууд сөргөөр нөлөөлж буйг тольдож, түүнийгээ аль болох яаравчлан засаж залруулаасай гэж туйлын их хүсэж байна.

-“Муухай монгол хүн” номын хавтасны зураг ихэд сонирхол татаж байна. Б.Ренчин гуайн зургийг яагаад ашиглах болсон вэ. Өнгөц харахад Б.Ренчин гуайг “Муухай монгол хүн” гэж бичсэн юм шиг харагдахаар байна?

-Эр чадал, хүч бяраараа ард түмнийхээ бахархал болсон баатруудын түүх олон бий. Харин эрдэм билиг, оюун ухаанаараа улсаа, цаашлаад дэлхийг бөхийлгөсөн ухаантан хуруу дарам цөөн. Б.Ренчин бол шударга бус явдалтай үл эвлэрэгч, үндэсний хэл соёлоо дээдлэгч, эгэл жирийн хүмүүст элгэмсүү, дарга сайд нарын хоцрогдол, хуудуутай явдлыг ёжтой оноч үгээрээ тууштай шүүмжлэгч байсныг монголчууд сайн мэднэ. “Муухай монгол хүн” ном ийм л үзэл санаагаар үзэглэгдсэн учраас Монголын нэрт эрдэмтэн Б.Ренчин гуайн хөргийг номынхоо нүүр болгосон.

-Өмнө нь та хэчнээн ном гаргаж байсан бэ. Ихэвчлэн ямар чиглэлийн ном бичиж байв?

-Аюулгүй байдал, тагнуул судлалын чиглэлээр 20 гаруй бүтээл туурвисан. Сүүлийн жилүүдэд иргэдийг гэмт халдлагаас, хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох чиглэлээр бүтээл туурвиж байна. Тухайлбал, “Хилийн чанадад” (Гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдэд зориулсан аюулгүй байдлын гарын авлага) боловсруулж улсын хилээр зорчиж буй иргэдэд үнэгүй тараасан.

Уг бүтээл нь иргэдийг хилийн чанадад зорчих үедээ хар тамхи мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох, мөн гадаад тусгай албадын үйл ажиллагаанд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдлэг олгоход чиглэгдсэн. Мөн хүүхдийг 90 гаруй төрлийн гэмт хэргээс хамгаалах зорилго бүхий “Сурагчийн аюулгүй байдал” (Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах гарын гарын авлага) боловсруулж нийслэлийн зарим дүүргүүдийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэгүй тараах ажлыг зохион байгууллаа. 

-Аюулгүй байдал судлаачийн хувьд Монгол Улсын аюулгүй байдал юун дээр алдагдаж байна гэж та бодож байна вэ?

-Үндэсний аюулгүй байдлын асуудлыг ярихад гэгээтэй зүйл ховор. Сэдэв, чиглэл нь тийм байхаас аргагүй. Үндэсний аюулгүй байдлын асуудал нь цутгасан, тогтонги асуудал биш учраас түүнийг хангах асуудал байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байхыг шаарддаг. Манай улсын хувьд дотоод аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарах ёстой. Дотоод дахь улс төр, эдийн засаг, шашны хуваагдал, бүлэглэлүүдийн өрсөлдөөн, баян ядуугийн ялгаа газар авч, үндэсний нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх, эв нэгдлийг сарниулах улмаар нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх төвшинд хүрч байна.

Монголын нийгэмд цөөн тооны эрх мэдэл, эд хөрөнгөтэй болсон хэсгийн хууль бус ашиг сонирхлоос үүдэж шударга бус байдал хүрээгээ тэлж, иргэдийн бухимдал гүнзгийрч, төрд итгэх ард түмний итгэл алдарч буйг анхаарахгүй байж болохгүй.

Сүүлийн хориод жилд нийгмийн сэтгэл зүй хэв шинжийн хувьд, задрах, хуваагдах байдал ажиглагдаж байна. Нам эвсэл, нутаг ус, хөрөнгө чинээ гэх мэтээр. Өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил, тогтолцоо нь монгол төрийг сулруулах үндсэн хэрэгсэл болж байна. Монголчуудыг нам, эвсэл, холбоонд өмчлөн хувааж эцэстээ цөөн хэдхэн монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эв, эе алдрах болсон нь бодит эмгэнэл.

Үүн дээр, нүүдэлчдийн төрөлхийн түнжин муутай байдал, нэгнийгээ хүлээн зөвшөөрч тэвчдэггүй төрөлх мэдрэмж нь нэрмээс болж байна. Цөөхөн монголчууд дахин хуваагдах нь хэнд ашигтай юм бэ. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол эрх мэдэл, үзэл бодол, бизнес нам улс төрийн эрх ашгаас хэд дахин чухал асуудал. Харин өнөөдөр манай улсад дээрх ашиг сонирхлуудын эрэмбэ өөрчлөгдөж болзошгүй тийм эрсдэл, үзэгдэл бий болоод байна. Энэ үнэхээр ноцтой асуудал гэдгийг онцолж хэлье. 

-Үүнээс гадна Монгол Улсын хувьд хар тамхи, хүнсний аюулгүй байдал зэрэг их олон зүйл дээр анхаарах хэрэгтэй байна. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ. Гарц шийдлийг нь хэрхэн харж байна вэ?

-Манай улсын хууль сахиулах байгууллагуудын шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, чадавх цаг үеэсээ хоцрогдсон. Гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлддэг арга заль мэх улам нарийссан. Харин түүнтэй тэмцэж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, боловсон хүчнээ бэлтгэж буй сургалтын үйл ажиллагаа нэг хэв загвартай, хуучинсаг байна. Иргэд хар тамхи, мансууруулах бодисын талаар мэдээлэл, мэдлэг муутай байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна.

Жишээ нь, хар тамхи мансууруулах бодис худалдаалдаг этгээдүүд иргэдийг хэрхэн элсүүлдэг, яаж хуурч төөрөгдүүлдэг, хэрэглэгч, тээвэрлэгчээ болгохын тулд ямар арга заль мэх хэрэглэдэг, хар тамхи хэрэглэгчийг гадна дүр төрх, биеэ авч яваа шинж тэмдгээр нь хэрхэн мэдэх тухай мэдээллийг иргэдэд мэдээлж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй.

Жишээ нь, иргэд дээрх чиглэлийн мэдлэгтэй бол хайртай дотнын хүнээ ийм зам руу хөл алдахад нь эрт мэдэж, хамгаалж чадна шүү дээ. Гэмт явдалтай тэмцэл хийх гадаад орны хууль тогтоомж, туршлагыг үг үсэггүй хуулбарлаж бэлэн будаа идэхээс илүүтэй үндэснийхээ сэтгэл зүйн өвөрмөц онцлогт тохирсон, урьдчилан сэргийлэх аргыг түлхүү ашиглах нь илүү үр дүнтэй гэж боддог.

Харин хүнсний аюулгүй байдлын хувьд хилийн боомтууд дээр орчин үеийн лабораториудыг байгуулж, импортын хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах асуудалд төр онцгой анхаарах ёстой. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын чухал баталгаа бол хүнсний аюулгүй байдал. Манай улс урд хөрштэйгөө хилийн худалдаа эхлүүлээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд манай хил, гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар импортын хүнсний бараа бүтээгдэхүүнд бараг өөрсдийнхөө мэдрэхүйн эрхтнээрээ шинжилгээ хийлээ шүү дээ. Одоо ч үргэлжилж байна. Үүний эцсийн дүнд нь монгол хүн л эрүүл мэндээрээ хохирч байна.

-Мэргэжлийн хяналтын байцаагч нар импортын хүнсний бараа бүтээгдэхүүнд мэдрэхүйн эрхтнээрээ шинжилгээ хийдэг гэж та хэллээ. Элдэв химийн бодисын найрлагатай хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгааг үгүйсгэх аргагүй гэсэн үг үү? 

-Тийм ээ, “Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад зөвхөн элэгний ямар нэгэн өвчлөлөөр өвчилсөн хүмүүсийн тоо дөрөв дахин нэмэгдсэн гэсэн тоо баримт гарсан байна лээ. Жилд дунджаар найман мянган хүн элэгний ямар нэгэн өвчлөлөөр өвчилж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь элэгний В, С вирустэй.

Мөн жилд дунджаар 12,000-13,000 хүн элэгний хорт хавдрыг шинээр оношлуулж байна гэх эмгэнэлтэй судалгааны дүн гарсан байсан. Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Мэдээж уг өвчин олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь тодорхой. Гэхдээ үүний дийлэнх хувийг химийн элдэв бодисын найрлагатай хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

Монгол хүний ходоод хэдий болтол импортын чанаргүй барааны шалгагч байх юм бэ. Монгол төр энэ асуудалд онцгой анхаардаг, бодлого шийдвэр нь тууштай, тасралтгүй хэрэгждэг, монгол хүнээ хамгаалж чаддаг байгаасай гэж боддог.

Зураг