Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн улстөрийн намд итгэх ИТГЭЛ 20%-ИАР БУУРЧЭЭ

Б.Ану
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Харьцангуй хараат бус судалгааны үр дүн гаргадаг МЭК судалгааны байгууллага нь Улстөрийн Барометр судалгааг тогтмол хийж байна. 

Арваннэгдүгээр сард хийсэн тэдний судалгаанаас нэгэн сонирхолтой үр дүнг харж болохоор ажээ. 

Тодруулбал,  2017 оны долоодугаар сард хийж байсан МЭК -ийн судалгаагаар "Иргэдийн дэмжиж буй улстөрийн нам"  гэдэг асуултад судалгаанд оролцогчдын 28 хувь нь нам дэмжээгүй гэсэн сонголтыг хийж байжээ. 

Энэ үед хамгийн их буюу 43 хувийн дэмжлэгийг Ардчилсан Нам авч байсан байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй дөхөж очиж байна. 

Харин энэ үеэс хэдхэн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын байдлаар иргэдийн бараг тал нь буюу 48 хувь "Нам дэмждэггүй" гэж хариулсан байна. 

Өөрөөр хэлбэл, нам дэмждэггүй иргэд 5 сарын дотор 28 -аас 48 буюу 20 хувиар нэмэгджээ. 

Гэхдээ энэхүү өөрчлөлтийг харвал долоогоос наймдугаар сарын өөрчлөлт хамгийн огцом буюу 12 хувийн зөрүүтэй байна. 

Тухайн үед буюу наймдугаар сараас эрх баригч буюу Монгол Ардын Намын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах тухай мэдээллийг идэвхтэй гаргаж эхэлсэн юм. 

Өөрөөр хэлбэл 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх буюу 65 гишүүнээр ялалт байгуулсан МАН жил гаруйхан хугацааны дараагаас Засгийн газраа огцруулах тухай асуудлыг сөхсөн нь магадгүй иргэдийн ийнхүү дургүйцлийг төрүүлсэн байх магадлалтай ажээ. 

Судалгаанд оролцогчдын 48 хувь буюу бараг тал нь аль нэг улстөрийн намыг дэмжихгүй байгаа нь 2020 оны УИХ-ын сонгуульд одоогийн улстөрийн намуудад өгч буй томоохон дохио байхыг үгүйсгэхгүй. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй гэсэн иргэд  8.2 хувь байсан бөгөөд эдгээр  "Цагаан сонгогчид" 2020 онд хэд болж өсөхийг таамаглах аргагүй юм.  Нийтдээ 99,494 иргэн 2017 оны сонгуулиар "Цагаан сонголт" хийсэн бөгөөд үүн дээр нэмэх нь 10 мянган хүн л "Цагаан сонголт" хийсэн бол тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид шинэчлэгдэх нөхцөл бүрдэх байв. 

Ер нь дэлхий дахинд ялангуяа хөгжингүй орнуудад улстөрд олон жил ноёлж ирсэн уламжлалт нам, улстөрийн хүчин, улстөрчдийг улстөрийн тавцангаас шахан зайлуулах сонголтын давлагаа өрнөсөөр байгааг энд сануулах нь илүүц биз ээ. 

Иргэд, сонгогчид "Цагаан сонголт"-оороо өөрт таалагдахгүй нэр дэвшигчдийг буцааж улстөрд илүү чансаатай хүмүүсийг дэвшүүлэх, сонгох цаашлаад улстөрийн намуудыг "цэвэрлэх" боломж бүрдэж байгаа билээ. 

График 1,  Иргэдийн дэмжиж буй нам, 

 

Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2017 оны 11-р сарын 16-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулжээ.