Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мэс заслын эмч өвчтөний элгэн дээр нэрийн үсгүүдээ "сийлдэг" байснаа хүлээн зөвшөөрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Британий Бирмингэмийн шүүхэд болсон сонсголын үеэр мэс заслын эмч Саймон Брэмхолл 2013 онд хоёр удаа өвчтөний шилжүүлэн суулгасан элгэн дээр нэрийн эхний үсгүүдээ бичиж үлдээснээ хүлээн зөвшөөрчээ.

Шүүгч нар түүний энэ үйлдлийг өвчтөний эрүүл мэндэд хор хүргээгүй тул хатуу хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Алдартай мэс засалч эрхтэн шилжүүлэх ажиллагааны үеэр цус тогтоох болон эрхтний зүсэх хэсэгт тэмдэг тавихад ашигладаг аргон хийн багажаар өөрийн нэрний “SB” үсгүүдийг бичиж үлдээж байжээ.

Ингэж бичсэн дүрс нь эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, яваандаа арилдаг юм байна. Анх 2013 онд Бирмингэмийн Хатан хаан Элизабетын эмнэлэгт ажиллаж байхдаа тэр ийм үйлдэл хийж байхыг хамт ажилладаг эмч нь илрүүлж байв.

Эмнэлгийн захиргаа түүнд сахилгын арга хэмжээ авах талаар судалж байх үед Брэмхолл ажлаасаа гарах өргөдөл өгсөн юм. Өчигдөр түүнийг батлан даалтаар суллаж, шүүх хурлыг нь нэгдүгээр сарын 12-нд хийхээр товлосон байна.

Шүүгч нар ийм хэрэгтэй анх удаа тохиолдож байгаа тул хэрхэн шийдэх нь эргэлзээтэй байгаа юм. Өвтчөний эрх ашгийг хамгаалагчид хүнийг ухаангүй байх үед зөвшөөрөлгүйгээр эд эрхтэнд нь халдсан тул хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Мөн анагаах ухааны салбарын мэргэжлийн холбоод уг хэрэг нь өвчтөн, эмч хоёрын хоорондын итгэлцлийг алдагдуулж байгаа тул ёс зүйгүй үйлдэл гэж үзэж, шийтгэх ёстой гэж дүгнэжээ.

Харин Брэмхоллоор элгээ солиулж байсан өвчтөн Трэси Скривен “Тэр нэрээ бичсэн байхад юу нь буруу байх вэ? Хэрвээ миний элгэн дээр бичсэн бол би тоохгүй. Миний амь насыг аварсан хүн шүү дээ” гэж хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian