Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Энгийн иргэн шалгуулж болдог, УИХ-ын гишүүн шалгуулж болохгүй байгаа нь ШУДАРГА БУС байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газар нотлох баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах эрхтэй байдаг. 

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 6.9.1 дэх заалт:

6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

Дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр цэцэд ханджээ. Үндсэн Хуулийн Цэц энэ асуудлыг 12 дугаар сарын 20-нд Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх гэж байна. Бид түүнээс өмнө Веритас Партнерс ХХН-ийн хуульч Б.Мэргэнээс товч тодруулга авлаа.


-Та бүхэн яагаад Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 6.9.1 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм бэ. Үндэслэлүүдээ тайлбарлана уу?

-2002 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хоёр тохиолдлыг заасан байсан.

Нэгдүгээрт, тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэх явцдаа эд мөрийн баримттайгаар баригдвал Улсын Ерөнхий Прокурорын саналаар УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг.

Хоёрдугаарт, тухайн гишүүн гэмт хэрэгт холбогдсон болохыг нь эрх бүхий байгууллага тогтоовол түдгэлзүүлж болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гишүүн гэмт хэрэгт сэжиглэгдвэл мөрдөн байцаагч, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулах эрхтэй байсан.

Гэтэл 2006 онд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж хоёр дахь үндэслэлийг хасчихсан. Тэгэхээр тухайн гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болсон гэсэн үг.

Цөөн тооны л гэмт хэрэг үйлдэл дээрээ баригддаг. Тухайлбал олон нийтийн газар хүний аминд халдах, дээрмийн хэрэг гэх мэт. Ихэнх гэмт хэргүүд нууц, далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа. УИХ-ын гишүүн олон нийт, цагдаа нарын нүдэн дээр авлига аваад зогсож байхгүй. Мөн хүчингийн хэрэг байна. Ихэвчлэн орон байранд үйлдэгддэг. Үйлдэж байхад нь баривчлах боломжгүй учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй байгаа юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг саатуулж, цагдан хорьж, орон байр, утас, машин, биед нь үзлэг нэгжлэг хийж болохгүй. Тэгэхээр цагдаа нар тэднийг энгийн иргэдтэй адилхан шалгах боломжгүй болчихоод байна.

Тиймээс энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж бид ҮХЦ-д мэдээлэл гаргасан юм.

-Үндсэн хуулийн яг ямар зүйл, заалтыг зөрчиж байгаа вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29.3 дахь хэсгийг зөрчиж байна.

 29.3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь мөрдөгч шалгаж сэжигтнээр тогтоосныг л хэлж байгаа. Түүнээс биш ганцхан үйлдэл дээрээ баригдахыг л гэмт хэрэгт холбогдсон гэж үзэхгүй шүү дээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн энэ заалтыг хэт явцууруулж тайлбарласан гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 14.1, 14.2 дахь хэсгийг зөрчиж байгаа.

14.1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

14.2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.

Энгийн иргэн шалгуулж болдог, УИХ-ын гишүүн болохоор шалгуулж болохгүй байгаа нь шударга бус байна.

"НҮБ-аас авлигын гэмт хэргүүд илрэхгүй байна, тиймээс хуулиа засах хэрэгтэй гэдэг зөвлөмж өгдөг"

 
Гэрэл зургийг MPA.mn

-2006 онд нэмэлт өөрчлөлт орсон гэхээр 11 жил энэ хууль хэрэгжсэн хэрэг үү. Өмнө нь хэн нэгэн ҮХЦ-д хандаж байгаагүй юм уу?

-Яг энэ асуудлаар 2011 онд Энхжин гэдэг хүн хандсан байдаг. ҮХЦ Дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаад, УИХ түүнийг нь хүлээж аваагүй. Тэгээд ҮХЦ Их суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд эцсийн шийдвэр гарсан байдаг.

Гэтэл УИХ дээрх хуулийн заалтаа засаж байна гээд УИХ-ын гишүүн "гэмт хэрэг үйлдэх явцдаа” гэдэг үгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа” гэж солиод “эд мөрийн баримттайгаар баригдсан” гэдгийг “нотлох баримттайгаар баригдсан” гэж өөрчлөөд үндсэндээ үгийг нь сольж, агуулгыг нь хэвээр үлдээсэн.

УИХ ҮХЦ-ийн шийдвэрийг биелүүлэхдээ хүүхдийг чихрээр хуурч байгаа мэт хандсан. Тиймээс бид ахиж ҮХЦ-д мэдээлэл өгч байна.

-Олон улсын байгууллагуудаас энэ асуудлыг хэрхэн үнэлж, дүгнэдэг юм бэ?

-НҮБ-ын авлига, гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ талаар анхааруулдаг. Гадаадын мэргэжилтнүүд УИХ-ын гишүүний Халдашгүй байдал гэдэг зүйл чинь хэтэрхий өргөн хүрээнд байна, авлигын хэрэг хэзээ ч ил баригдахгүй, тэднийг шалгаж болохгүй байна, тэр дундаа авлигын гэмт хэргүүд илрэхгүй байна, тиймээс хуулиа засах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг манайд удаа дараа өгч байсан. Гэхдээ хэрэгжүүлсэн зүйл огт байхгүй байна.

-Хэрэв ҮХЦ-ээс дээрх заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал УИХ-ын гишүүний Халдашгүй байдал алдагдах эрсдэлтэй юу. Магадгүй эсэргүүцэх гишүүд гарч ирвэл юу гэж тайлбарлах вэ?

-Түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байж шийдвэрлэх учраас Халдашгүй байдал нь хамгаалагдаж чадна л гэсэн үг. Бид түдгэлзүүлэх саналыг УИХ руу оруулах эрхийг нь нээж өгөхийг л хүсээд байгаа юм.

-12 дугаар сарын 20-нд ҮХЦ эцсийн шийдвэр гаргана гэж ойлгож болох уу?

-Тийм. ҮХЦ-ийн Их суудлын шийдвэр эцсийнх байдаг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.