Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Салма Хайек продюсер Уэйнштэйнд дарамтлуулж байсан түүхээ дэлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Холливүүдийн алдартай жүжигчдийн нэг Салма Хайек продюсер Харви Уэйнштэйнд хэрхэн дарамтлуулж байсан түүхээ The New York Times сонинд дэлгэжээ.

Жүжигчин эмэгтэй олон жилийн турш Уэйнштэйний бэлгийн дарамт, сүрдүүлэгт “үгүй” гэсэн хариулт өгч байсан гэнэ. Үүнийхээ төлөө Хайек продюсерийн амнаас “ална” гэсэн сүрдүүлгийн үг сонсож байжээ.

“Буудал бүрт, газар бүрт, шөнийн турш би хаалгаа нээж өгөлгүй түүнийг эсэргүүцдэг байсан. Бүр түүний оролцоогүй кино төслийн үеэр ч тэр гэнэт ирж дарамталдаг байсан” хэмээн Хайек бичжээ.

Тэр "хамт шүршүүрт орох, шүршүүрт орж байгаагаа түүнд харуулах, түүгээр өөртөө массаж хийлгэх, түүний нүцгэн найзаар өөртөө массаж хийлгэх, түүгээр аман сэкс хийлгэх, өөр эмэгтэйтэй хамт нүцгэлэх” гэх мэт Уэйнштэйний олон янзын шаардлагыг биелүүлээгүй өнгөрөөснөө дурссан байна.

Ингэж татгалзах бүрт нь Уэйнштэйн галзууртлаа уурлаж, нэг удаа “Би чамайг ална. Чадахгүй гэж бодож байна уу” хэмээн сүрдүүлж байжээ.

Салма Хайек Мексикийн нэртэй зураач эмэгтэй Фрида Калогийн тухай “Фрида” кинонд түүнтэй хамтран ажиллаж байсан юм.

Унтах хүсэлтээс нь татгалзсаны төлөө Уэйнштэйн жүжигчин эмэгтэйг кино төслөөсөө хасахыг оролдож байсан ч яах аргагүй дүрийн шаардлагыг хангаж байсан тул хамтран ажиллахад хүрсэн байна.

Гэхдээ тэр киноны зураг авалтын турш зохиолын эхийг өөрчилж, Хайекийг аль болох нүцгэлэх, сэксийн үзэгдлүүдэд тоглуулах өөрчлөлтүүдийг оруулдаг байжээ.

Ингээд Хайек нэгэнт эхэлсэн кино төслөө амжилттай дуусгахын тулд уг кинонд нүцгэлж, өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байгаагаар зургаа авхуулахад хүрсэн гэнэ.

Ийм хүнд хэцүү сорилтыг давсныхаа дараа Хайек “Урлагийн замналынхаа түүхэнд анхны бөгөөд сүүлийн удаа сэтгэлээр гүн унаж, бүх бие нь өөрийн мэдэлгүй чичирч, амьсгал нь дээрдэж, зогсоо зайгүй уйлж” байснаа дурсжээ.

 Хайекийн хувьд өндөр үнээр бүтсэн “Фрида” кино сүүлд Оскарын зургаан шагнал авсны нэг нь түүнд ирсэн шилдэг жүжигчний шагнал байсан юм.

Салма Хайек энэ явдлыг олон жил нууцалж ирсэн ч өөр олон жүжигчин бүсгүйчүүд түүхээ дэлгэсний дараа нийтэд зарлахаар шийдсэн гэнэ.

Одоогоор Уэйнштэйн болон түүний хуульчид продюсерыг ганц ч удаа хүчээр бусдыг эзэмдээгүй, бүгд тохиролцсон үйлдэл байсан гэж, бүсгүйчүүдийн гомдлыг няцаасаар байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.