Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос крипто валютын зах зээлийг зохицуулах төлөвлөгөөгөө танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Өмнөд Солонгосын эрх баригчид биткоин зэрэг бусад крипто валютын зах зээлийг зохицуулах төлөвлөгөөгөө танилцууллаа.

Төлөвлөгөө ёсоор крипто валютын арилжаанаас олсон орлогоос татвар авч байхаар болжээ. Мөн насанд хүрээгүй хүмүүст арилжаанд оролцохыг хориглосон байна.

Тус улсын банкнууд крипто валютын арилжаанд оролцох хүмүүст виртуал данс нээж өгөхдөө иргэний бүртгэлийг нь баталгаажуулж байхаар болжээ.

Мөн Өмнөд Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудыг арилжаанд оролцох, крипто валют худалдан авахыг хориглосон байна. Арилжааны төвүүд харилцагчдынхаа иргэний бүртгэлийг баталгаажуулж, тэдний хувийн мэдээллийн нууцлал хамгаалалтыг чангатгах үүрэг хүлээхээр болсон байна.

Ингэж бүртгэлжсэн, нэр хаягтай иргэдээс арилжааны ашгийн татвар авахаас гадна луйвар хийсэн бол хатуу шийтгэл оноохоор төлөвлөжээ.

Лхагва гарагт Сөүл хотноо холбогдох албаны хүмүүс оролцсон хаалттай хуралдаанаар дээрх төлөвлөгөөг баталсан байна.

Сүүлийн үед олон улсын эдийн засгийн хоригт орсон Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын арилжааны төвүүд рүү халдаж, крипто валют хулгайлах нь нэмэгдсэн юм. Өмнөд Солонгос нь энэхүү шинэ дижитал мөнгөний зах зээлд тэргүүлэгч орнуудын нэгэнд тооцогддог.

 

Эх сурвалж: Korea Herald