Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн төлбөрийн цахим системээс таван төрлийн үйлчилгээ авах боломжтой

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn системийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Танилцуулга үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлсэн юм. 

Тэрбээр "Улаанбаатар хотод 450  мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хэрэгцээ шаардлагыг хангасан түүнтэй холбоотой олон төрлийн мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний "Смарткар" системийг өнөөдөр ашиглалтад оруулж байна. 

Тус системийг нэвтрүүлснээр иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд нэг алхам урагшилж байна. Цаашид мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа ашигласнаар хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа хэмнэх, авилгын эсрэг үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байгууллагад талархсанаа илэрхийлье" гэлээ.

Энэхүү Smartcar.mn нь автотээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм. Систем хэрэглээнд нэвтэрснээр ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах,  татвар төлөх, торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж байна. 

 QR код бүхий тасалбар нь татварын гэрчилгээг орлох давуу талтай

 
Гэрэл зургийг mpa.mn

Татварын Ерөнхий Газрын Дэд дарга Б.Заяабал "Иргэдээс авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр гэх гурван үндсэн хуулиар тогтоосон татварыг авдаг. Эдгээр үйлчилгээг нэгтгэсэн байдлаар төлөх боломжийг амжилттай нэвтрүүлээд өнөөдөр ийнхүү танилцуулж байна. 

Энэ систем нэвтэрснээр албан татвар төлбөр төлөх ажиллагааг иргэдэд хялбарчилж, цахим төлөлтийг нэвтрүүлснээр татвар төлөгчийн цаг хугацаа зардлыг хэмнэж, төрийн алба болон банкинд очих шаардлагагүй болгож байгаа юм. Мөн татвар төлөгчийн smartcar.mn-ээс хэвлэн авах QR код бүхий тасалбар байгаа. Энэ нь авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татварын гэрчилгээг орлох давуу талыг бий болгож байгаа юм. 

Харин хөдөө орон нутагт байгаа татвар төлөгчдийн хувьд уламжлалт аргаараа татвараа төлөх юм. Цаашдаа бид системээ илүү сайжруулж хөдөө орон нутагт ч гэсэн ашиглах боломжийг бүрдүүлнэ" гэсэн юм.

SmartCar.mn цахим системийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлжээ. 

smartcar.mn цахим системээр дараах үйлчилгээг авах боломжтой

  1. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллээ хянах
  2. Албан татвар, төлбөрийн мэдээлэл шалгах, цахим хэлбэрээр төлөх
  3. Торгуулийн мэдээлэл, түүх харах
  4. Оношилгооны мэдээлэл харах
  5. Даатгалын мэдээлэл харах

smartcar.mn цахим системийн давуу талууд

  • Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой албан татвар, төлбөр, торгууль, оношилгоо, даатгал зэрэг мэдээллийг нэг дороос шалгана
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг цахим хэлбэрээр төлнө
  • Вэб сайт болон ухаалаг утасны iOS, Android аппликейшнтэй
  • Таны цагийг хэмнэж тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээний харилцааг хялбараар шийдсэн
  • Төлбөр төлөлтийн түүхээ харах боломжтой.