Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

УБ-т байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг НЗД-ын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон.

Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Харин энэ шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9,567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11,552 иргэнээр бага байна.

Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10,161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж.

Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс