Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ийржи Бродский: Чех Улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг хоёр оронтой сая ам.долларт хүргэхийг хичээж ажиллана

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой ярилцлаа.

-Монголд ирэхээсээ өмнө та хаана ажиллаж байсан бэ?

-Миний бие дипломат болон гадаад харилцааны чиглэлээр 2003 онд их сургууль төгссөнөөсөө хойш ажиллаж байна. Эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад харилцааны газрын шинжээчийн албан тушаалаас эхлээд орлогч дарга хүртэл ойролцоогоор 10 орчим жил ажилласан.

Дараа нь Чехийн Гадаад хэргийн яам руу шилжин, Европын орнуудыг хариуцан ажиллаж байгаад улмаар 2013 оноос 2017 он хүртэл Бүгд Найрамдах Чех Улсаас Данийн Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан. Харин өнгөрсөн есдүгээр сард Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирээд байна.

-Өмнө нь Монголд ирж байсан уу?

-2006 онд ирж байсан. Тухайн үед Чех Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад Төрийн айлчлал хийх үеэр би дагалдан ирж байсан. Зургаадугаар сард ирж байсан шиг санагдаж байна.

-Монголын өвөлд хэрхэн дасаж байна даа?

-Чехүүд бид өвлийн улиралд дуртай. Манай улсын номер нэг үндэсний спорт бол хоккей. Чехүүд бас нэлээн сайн цаначид шүү. Учир нь манай улс уулсаар хүрээлэгдсэн. Зул сарын баяраар гэр бүлээрээ цанын бааз руу явж, хамтдаа цагийг өнгөрөөдөг. Би Монголд ирсэндээ баяртай байгаа.

Учир нь энд хоттой ойрхон Скай резорт гэх зэрэг олон цанын баазтай учир амралтын өдрүүдээр ч гэргийн хамтаар цанаар гулгах боломжтой. Түүнчлэн бид хоккейн спортыг Монголд хөгжүүлэх талаар ярилцаж байгаа. Би өмнө нь Данид ажиллаж байсан тухайгаа дээр дурдсан. Тухайн үед надаас “Та Данид даарч байна уу” гэж мөн л асууж байлаа. Тэдэнд би энд наранд биеэ шарах гэж ирээгүй шүү дээ гэж хариулсан.

Харин Улаанбаатарт хамгийн их тулгамдаж буй асуудал бсш агаарын бохирдол байна. Гэхдээ үүнийг тийм ч амархан шийдэх боломжгүй юм даа, Хэрэв шидэт саваатай байсан бол яахав гэхсэн. Гэхдээ би энэ асуудал аажим аажмаар шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь технологи өөрчлөгдөж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулах олон хөтөлбөр хэрэгжүүлж байна шүү дээ.

-Таныг хоёр улсын харилцааг сайжруулахын тулд юу хийх вэ гэдэг монголчуудад сонин байх?

-Миний нэн тэргүүнд хийхээр төлөвлөж буй ажил бол хоёр улсын худалдаа болон бизнесийн харилцааг хөгжүүлэх. Хоёр улсын улс төрийн харилцаа нэлээн дотно, нөхөрсөг. Дээхэн үед олон мянган Монголчууд Чехословакт сурч байсан бол эсрэгээрээ мөн л олон чех, словак хүн тухайлбал геологичид Монголд ирж ажиллаж байсан. Мөн Чехэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Монголд аль хэдийнээ танил болсон.

Тиймээс би улс төрийн найрсаг, өндөр төвшний харилцаа, харилцан айлчлалыг нь үндсэндээ хадгалж ажиллах болно. Түүнчлэн хоёр талт эдийн засгийн дипломат харилцааг идэвхжүүлж, социалист нийгмийн үед Монгол Улс руу экспортолдог байсан бүтээгдэхүүнийг буцаан авчрахыг хүсч байна. Ява мотоцикл, каруса автобус, батиа гутал гэх мэт Чех бүтээгдэхүүнүүд Монгол Улсад хэдийнээ танигдсан. Мөн зетор трактор, шкода суудлын тэрэг, Монголын зэвсэгт хүчин болон уул уурхайн салбарт ашиглах боломжтой татра ачааны машин зэргийг Монголд илүү оруулж ирэхийг хүсэж байна.

Монгол Улсын чухал салбар болох ХАА, эрчим хүч зэрэг олон салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх талаар хоёр улсын холбогдох албаны хүмүүс хэлэлцэж байгаа. Ирэх жил Чех Улс тунхагласны 100 жилийн ой тохионо. Үүний хүрээнд Монгол Улсын Филармонитай хамтран Чехийн сонгодог хөгжмийн тоглолт, арт нуво урсгалын зураачийн бүтээлээр Улаанбаатарт үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. 

-Монголчуудын хувьд Чехэд ажиллах сонирхолтой байдаг. Саяхан Элчин сайдын яаманд виз мэдүүлэх, цаг авах систем өөрчлөгдсөн. Энэ талаар та товч бөгөөд тодорхой мэдээлэл өгнө үү?

Бүртгэлийн системийг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно. Учир нь өмнөх бүртгэлийн систем учир дутагдалтай байсан гэхэд хилсдэхгүй байх. Бид шинэ системтэй холбоотой бүхий л мэдээллээ Элчин сайдын яамны вэб хуудаст байршуулсан байгаа. Элчин сайдын яам хүсэлт гаргасан хүн бүрийг богино хугацаанд хүлээн авч, визний хүсэлтийг богино хугацаанд шийдэх боломжгүй. Харин ирэх жилээс виз мэдүүлэх, цаг авахад харьцангуй амар болно.

-Монгол дахь бусад Элчин сайдын яамтай харьцуулахад харьцангуй олон хүн ханддаг Элчин сайдын яам бол яах аргагүй Чехийн Элчин сайдын яам. Виз мэдүүлж буй хүмүүсийн нэлээн хувь нь татгалзсан хариу авдаг. Монголчууд виз мэдүүлэхдээ юун дээр алдаад байна вэ? 

-Олонх нь татгалзсан хариу авдаг гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Дотоод асуудал тул виз мэдүүлсэн иргэдийн яг хэчнээн хувьд нь виз олгогддог вэ гэдгийг би танд хэлж чадахгүй. Гэхдээ Чехийн Элчин сайдын яам виз мэдүүлэгчдийн олонход нь виз олгодог гэдгийг би итгэлтэй хэлж чадна.

Татгалзсан хариу авсан иргэдийн олонх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлээгүй учраас ийм хариу авсан хэрэг. Миний бодлоор монголчууд виз мэдүүлэхийнхээ өмнө Элчин сайдын яамны вэб хуудас дахь мэдээллийг сайтар уншиж, хэрхэн ямар баримт бичиг бүрдүүлэхээ судлах хэрэгтэй.

-Ажлын виз мэдүүлсэн иргэдийн хувьд визний хариу 2-3 заримдаа бүр 3-4 сарын дараа хариу нь гардаг. Энэ бол маш урт хугацаа. Зарим хүн виз нь гарна гэдэгт итгээд ажлаасаа гараад зөвхөн Чех явах бэлтгэлээ хийж эхэлдэг. Гэтэл виз гарахгүй байх ч магадлалтай. Визний материалыг шалгах хугацааг богиносгох боломж бий болов уу. Өмнөх Элчин сайд Ивана Гроллова энэ асуудлыг Элчин сайдын яаманд хангалттай ажиллах хүч байхгүйтэй холбон тайлбарласан байсан? 

-Виз олголт нь улс орнуудын Элчин сайдын яамд хоорондоо уралдах зүйл биш. Чехийн Элчин сайдын яам Шенгений гишүүн таван орныг төлөөлөн ажилладаг. Хэрэв Шенгений богино хугацааны буюу 90 хоногийн виз мэдүүлбэл ажлын тав хоногт визний хариу гарна. Шенгений кодексийн дагуу бол бид 60 хоногт багтаан визний материалыг шалгах ёстой. Гэсэн хэдий ч үүнээс үл хамааран богино хугацааны виз мэдүүлсэн хүмүүс ажлын таван өдрийн дотор визний хариугаа авдаг.

Харин удаан хугацааны буюу ажлын виз мэдүүлсэн тохиолдолд жаахан түвэгтэй. Учир нь ажлын виз мэдүүлсэн хүн олон төрлийн олон баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай болдог. Бүрдүүлсэн материал бүрийг хянахад хугацаа хэрэгтэй. Түүнчлэн урт хугацааны виз мэдүүлсэн иргэдийн 80 орчим хувь нь шаардагдах баримт бичгийг бүрдүүлээгүй байдаг. Тиймээс манай Элчин сайдын ажилтнууд тэр тусмаа Консулын хэлтсийнхэн виз мэдүүлсэн иргэдэд ямар бичиг баримт дутуу байгааг болон виз мэдүүлэхэд юу шаардлагатай талаар мэдээлэл өгөхөд цаг их зарцуулж байна.

Гэхдээ бид виз мэдүүлэх систем болон визний хянан шалгах хугацааг богиносгохын тулд болон сайжруулахын тулд ихээхэн хичээж ажиллаж байгаа гэдгийг онцолмоор байна. Ирэх жилийн эхээр Чехийн визний төв Улаанбаатарт ашиглалтад орно. Уг төв нь богино хугацааны Шенгений визийг хариуцан ажиллана. Харин Элчин сайдын яам зөвхөн урт хугацааны болон ажиллахаар явж буй хүмүүсийн визний мэдүүлгийг авах болно. Ингэснээр ачаалал хэд дахин буурч, виз мэдүүлэх цаг авахад болон виз шалгах хугацаа богиносох болно гэдэгт итгэлтэй байна.

-Монголчуудын хамгийн их сонирхож буй зүйл бол визний асуудал. Урт хугацааны болон ажлын визний ярилцлагын цаг авахын тулд зөвхөн баасан гаригт Элчин сайдын яам руу залгах хэрэгтэй болдог. Урт хугацааны болон ажлын визний ярилцлагын цаг авах өдрийг долоо хоногийн хоёр өдөр болгон зохицуулах боломж бий юү?

-Бид утсаар цаг авдаг систем нэвтрүүлээд удаагүй байна. Элчин сайдын яам залгасан хүн бүрийн дуудлагыг авах боломжгүй. Бид өмнө нь цахим системээр хүсэлт гаргасан хүн бүрийг бүртгэж авдаг байсан. Энэ системээрээ явсан бол 2030 онд хүртэл нэг ч хүн дахиж бүртгэхгүйгээр зөвхөн бүртгүүлсэн хүмүүсийн визний материалыг хүлээн авч шийдвэрлэхээр байлаа.

Цаг авахад нэг л өдөр байхад хангалттай. Учир нь хоёр өдөр визний цаг авах дуудлага хүлээгээд авчихвал үлдсэн гурав хоногт нь визний аппликейшн хүлээн авах шаардлагатай болно. Тэгэхээр визний материал шалгах, хянах хугацаа бидэнд хүрэлцэхгүй. Үүнийг сайжруулахын тулд хичээж байгаа. Ирэх жил Чехийн Визний төв нээгдчихвэл энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна.

-Тэгэхээр бид Визний төв нээгдтэл хүлээх л хэрэгтэй болох нь дээ?

-Аливаа шинэ систем нэвтрүүлэхэд шилжилтийн үе гэж байдаг. Мэдээж энэ нь Элчин сайдын яаманд ч, виз мэдүүлэгчдэд ч хүндрэлтэй. Тиймээс би монголчуудад хандан тэвчээртэй байгаарай. Энэ бол шилжилтийн үе шүү.Бид илүү сайн шинэ систем нэвтрүүлж улам боловсронгуй амар хялбар болгохын төлөө хичээн ажиллах болно. Хэрэв виз мэдүүлэх процессыг хялбарчлах шинэ арга технологи байвал бидэнтэй хуваалцаарай гэж хэлмээр байна. 

-Маш олон монгол хүн Чех Улсад ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр Чехэд ажлын байр арвин байдаг гэсэн үг үү. Яг ямар төрлийн үйлдвэрлэл Чехэд хамгийн сайн хөгжсөн бэ?

-Чех Улс Европын холбооны орнууд дундаас ажилгүйдлийн төвшин хамгийн багатай нь. Харин монгол иргэдийн хувьд олонх нь үйлдвэрт ажилладаг. Бүхий л төрлийн боловсруулах үйлдвэрлэл Чехэд хөгжсөн. Тухайлбал, бид төв Европын хамгийн том хивс үйлдвэрлэгч. Мөн тээврийн хэрэгслийн эд ангиуд, машин, онгоц болон механизмын үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай.

-Өнгөрсөн жил эсвэл энэ жил Чехээс Монгол Улсад ямар салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ. Зарим хөрөнгө оруулалтаас товчхон дурдахгүй юу?

-Өнгөрсөнд хугацаанд манай хоёр улс хамтарсан төслүүдэд голлон анхаарч ирсэн. Эдгээр төсөлд өнөөдрийг хүртэл ойролцоогоор 50 сая орчим ам.долларыг буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулаад байна. Монгол Улсад ажиллах ирэх гурван жилийн хугацаандаа Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг хоёр оронтой сая ам.долларын дүнд хүргэхийн тулд би хичээж ажиллах болно.

-Таны бодлоор хоёр улсын өнөөгийн харилцаа ямар төвшинд байна вэ?

-Хоёр орны харилцаа найрсаг, ойр байгаа. Цаашид ч сайжрах байх. Манай хоёр улс хоёулаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, коммунизмаас ардчилал руу шилжсэн. Тиймээс энэ үед ч гэсэн зарим салбарын тэр тусмаа бизнесийн төсөл, уламжлалт хамтын ажиллагаа хүчтэй хэвээр үлдсэн.

-Одоогийн байдлаар яг хэчнээн монгол хүн Чехэд амьдарч байна вэ?

-Ойролцоогоор 10 мянган хүн Чехэд амьдарч байгаа.

-Нэлээн их тоо байна шүү. Тэгвэл хэчнээн Чех хүн Монголд амьдардаг бол?

-20 орчим хүн байнга болон урт хугацаагаар Монгол Улсад оршин суудаг гэсэн тоо бий.

-Хоёр улсын хамтын ажиллагааны нэг чухал хэсэг бол боловсролын салбар. Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт жилдээ хэчнээн оюутан хамрагдах боломжтой байдаг вэ?

-Боловсролын салбар бол хоёр улсын хувьд маш чухал гэдэг дээр тантай санал нийлж байна. 1989 оноос өмнө 20 мянга орчим монгол залуус Чехословакид сурч төгссөн нь үүний баталгаа юм. Тэд одоо манай улсын соёлын элч төлөвлөгч болоод хоёр улсыг илүү ойр дотно болгоход хувь нэмрээ оруулаад явж байна.

Харин одоо бол өмнө нь олгож байсан шигээ тийм ч олон оюутанд Засгийн газрын тэтгэлэг олгохгүй байгаа. Жил бүр таван оюутанд Чехийн Засгийн газрын тэтгэлэг олгодог. Гэхдээ Засгийн газрын тэтгэлгээс гадна Чехийн их сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж монгол залууст бий.

-Анагаах ухааны чиглэлээр сургалтаараа Куба, ХБНГУ алдартай, техник технологийн чиглэлийн мэргэжилтэнг БНХАУ мөн сайн бэлддэг. Харин Чөх Улс ямар салбарын мэргэжилтэн сайн бэлддэг вэ? 

-Инженерийн тэр тусмаа тоног төхөөрөмжийн инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэнг манай улс сайн бэлтгэдэг. Олон монгол залуу Чех Улсын техникийн их сургуулиудад суралцаж төгссөн бөгөөд тэд одоо ч машин тоног төхөөрөмж, аж үйлдвэр, төмөр зам, ХАА зэрэг салбаруудад ажиллаж байгаа байх.

-Хоёр орны эдийн засаг ч юм уу, бусад секторын хамтын ажиллагааны хамгийн сүүлчийн жишээнээс дурдвал?

-Би Монголд ирээд хоёр cap гаруй л болж байна. Ирснээсээ хойш цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцах үүднээс сайдуудтай уулзаж байгаа. Одоогоор бол Чехийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод орон сууцны хороолол барих төсөл амжилттай урагшилж байна. Мөн тэнд Махны үйлдвэр барихад хөрөнгө оруулахаар судалгаа хийгдэж байгаа.

Ер нь ХАА, эрчим хүч, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах сонирхол Чехийн компаниудад байдаг. Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь Чех Улсаас Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Ойн төсөл” хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Монголын бусад хэсэгт хуулбарлан ашиглаж болохуйц загвар төсөл болж чадсан.

-Та анх 2006 онд Монголд ирж байсан гэсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? 

-Өнгөрсөн хугацаанд гайхалтай хурдан хөгжсөн байна. Маш олон бүтээн байгуулалт хийгджээ. Монгол Улсад маш их боломж бий. Түүнчлэн монголчууд бол шаргуу, ухаалаг хүмүүс. Ардчилсан системд шилжээд 20 гаруйхан жил болж байгаа ч тогтвортой хөгжлөө хадгалсаар жил ирэх тусам хөгжсөөр байна.

Зураг