2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
20:00
S32
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°

С.Алимаа: Төгөлдөр хуур миний амьдрах хүч, гол утга учир

Г.Нарантуул, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 14
Үндэсний шуудан

Хаан хөгжмийн хэлээр өөрийгөө илэрхийлж, урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зай бий болгосон С.Алимааг “Үргэлжлэл” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Д.Лувсаншаравын зээ, төгөлдөр хуурч Л.Халиунсүрэнгийн охин. Түүний хувьд Боловсрол” суваг телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг шоу”-нд амжилттай оролцож, Ами гэж хэн бэ гэдгээ харуулж чадсан.

-Өвөөгийн тань мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд мэргэжлийн дуулаачдын улсын уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ уралдааны талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өвөөгийнхөө 90 насны ойд зориулж мэргэжлийн дуулаачдын дунд уралдаан зарлаж, амжилттай зохион байгуулж дууслаа. Уралдаанд хот хөдөөгийн мэргэжлийн 57 дуучин оролцсон. Тэмцээнийг шүүсэн Хөдөлмөрийн баатар Б.Зангад гуай мэргэжлийн дуучдаас цөөнгүй нь оролцлоо гэдгийг онцолж байсан.

Уралдааны гол зорилго нь тэр болгон дуулагддаггүй, дарагдаад үлдсэн бүтээлүүдийг залуу үедээ сурталчлах байлаа. Мөн өвөөгийн маань бүтээлүүд дотор дуучдын ур чадварыг шалгасан олон сайхан бүтээл байдаг гэдгийг энэ уралдаанаас мэдсэн.

Өвөөгийнхөө мэндэлсний 90 насны ойд зориулж амьдрал уран бүтээлийн үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Өвөө маань хөгжим зохиохоос гадна зураг зурдаг, зурах зурахдаа бурхан их зурдаг байсан.

Эрдэм шинжилгээний хурлаар өвөөг зөвхөн хөгжмийн зохиолч талаас нь бус аялгуу зохиохоос гадна ямар авьяастай, хөгжмөөс өөр урлагийн ямар өв соёлыг үлдээсэн гэдгийг харуулсан. Их ач холбогдолтой, үр өгөөжтэй эрдэм шинжилгээний хурал болсон. Мөн түүвэр номуудыг нь хэвлэн гаргасан зэрэг ойн хүрээнд олон ажил хийлээ.

-Мэргэжлийн дуулаачдын уралдаан цаашид үргэлжлэх үү?

-Энэхүү уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн сонгодог бүтээлээс программд оруулж олон улсын уралдаан болгох зорилготой. Энэ завшааныг ашиглан Монголын урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын филармон, УДБЭТ, БСШУСЯ, СУИС зэрэг олон байгууллага болон хамтарч ажилласан бүх хүнд талархаж буйгаа илэрхийлье.

-Бага байхдаа шинэ жилээ хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Сэтгэлээс гарахгүй хамгийн гоё бэлгийг хэнээс авч байсан вэ?

-Шинэ жилээр өвөөгийндөө очиж бэлэг авах мөчийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Өвөөгийнхөө гэрт олуулаа бужигнаж байсан үе  хамгийн тод үлдсэн байна. Хүүхэд байхад шинэ жилээр хайртай дотнын хүмүүстэйгээ шинэ оныг угтдаг байсан. Харин одоо бол уран бүтээлээ хүмүүст хүргэж, завгүй болсон. Энэ жилийн хувьд "Яг түүн шиг” шоуны үзүүлбэрээр үзэгчидтэй уулзана. Энэхүү үзүүлбэрүүд маань нэлээд эрэлттэй байгаа.

-Таныг “Яг түүн шоу”-нд оролцсоноор өөрийгөө эвдэж чадсан гэж бодож байна. Уг шоунд оролцсоноор өөрийгөө чамгүй дуучин, бүжигчин гэдгээ харуулж, зөвхөн төгөлдөр хуур тоглодог гэх эргэлзээг үгүй болгож Ами гэж хэн бэ гэдгийг харуулсан?

-Миний зүгээс зоригтой бөгөөд зөв шийдэл гаргаж өөрийгөө өөр өнцгөөс харуулж, нээсэн гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ шоунаас маш олон зүйл сурсан. Телевизийн салбар, шоу гэж юу вэ гэдгийг мэдсэн. Тайзан дээр гараад дуулах нь битгий хэл, үг хэлж, дуулж, бүжиглэж үзээгүй, төгөлдөр хуураа дарчхаад ордог байсан хүн бүхэл бүтэн шоунд оролцсоноор надад маш том өөрчлөлт гарсан.

Ер нь сонгодог хөгжим хүнийг өв тэгш хүмүүжүүлдэг болохоор энэ урлагт насаараа суралцсаны ач гавьяа шоуны үеэр нөлөөлсөн. Шоу эхлэх үед нэлээд сандарсан ч дугаар бүрд “задарч”, сандралгүй болж их эрч хүчтэй болж байсан.

-Анх шоунд оролцох санал тавихад хэрхэн хүлээн авсан бэ?

-Би яагаад ч юм маш их баярлаж хүлээн авсан. Анхнаасаа л миний үзэх дуртай шоу нэвтрүүлгийн нэг байсан. Гэхдээ би өөрөө орно гэж зүүдлээ ч үгүй. Шоу дөхөх тусам сандарч, айж, ер нь яах бол гэж эргэлзэж эхэлсэн. Харин ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн маань сонгодог урлагийн хүн байж сонгодог стилээ алдлаа, зарим нь бүр Алимаа дуулдаг байсан юм уу гэх мэтээр нэлээн гайхаж хүлээн авсан.

Миний дуулж бүжиглэж байгааг урьд нь ээж ч харж байгаагүй. “Гайхсандаа юун шоу вэ. Чи ер нь төгөлдөр хуурч хүн болох юм уу” гэсэн. Дугаар өнгөрөх тусам үзэгчид маш их урам зориг өгч, дэмждэг болж байсан бүх эргэлзээ арилж уур амьсгал улам гоё болж тэр болгонд улам хурцлагдаж байсан.

Шоуны явцад монгол дуучдаа дуурайх хүнд байсан. Уг нь түрүүлж болох хэд хэдэн номер байсан ч би түрүүлж чадаагүй. Түрүүлж болох үзүүлбэртээ түрүүлж чадаагүйдээ харамсаж, их хүнд хүлээж авсан. Гэхдээ үзэгчдийн хайр хүндлэл, надад хандаж буй хандлага ялалтаас илүү үнэ цэнэтэй байсан.

-Та ээжийнхээ хэвлийд байхаас эхлэн төгөлдөр хуурт бүүвэйлэгдэж, төгөлдөр хуур таныг өлгийдөж авсан?

-Өвөөгийнд очсон ч гэртээ байсан ч урлагийн алтан үеийнхэн, дуучид, бүжигчид, жүжигчид манай гэрээр орж гардаг тийм л сайхан гэр бүлд хүн болж төлөвшсөн. Ээж маань төгөлдөр хуурч болохоор таны хэлдгээр ээжийнхээ гэдсэнд байхаас эхлэн төгөлдөр хуурын аяыг мэдэрсэн. Би мэндэлсэн цагаасаа төгөлдөр хууртай найзалсан. Миний хамгийн дотно зүйл бол яах аргагүй төгөлдөр хуур. Ээжийнхээ төгөлдөр хуурыг тоглоод суухыг харах үнэхээр гоё санагддаг байлаа. Миний ээж их хөөрхөн.

Эмэгтэй хүн төгөлдөр хууртай их гоё төгс хосолдог шиг санагддаг. Тухайн үеийн жижигхэн Амигийн нүдэнд төгөлдөр хууртай ээж маань гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Ийм учраас би ээж шигээ хүн болно хэмээн эргэлт буцалтгүй сонгодог урлагтай амьдралаа холбосон. Зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглосон гэхээр 25 жил төгөлдөр хууртай нөхөрлөжээ. Миний мэргэжил урт хугацаанд суралцдаг, сурах тусмаа чанарждаг онцлогтой. Хэрвээ төгөлдөр хуурч болоогүй байсан бол би балетчин болох байсан байх.

-Сонгодог урлаг тэр тусмаа өвөөгийнхөө, ээжийнхээ үргэлжлэл болоход өвөө тань дуртай хүлээн авсан нь мэдээж байх. Өвөө нь таны аль уран бүтээлийг илүү тоож хүлээн авав. Юуг чухалчилж захидаг байв?

-Анх намайг уран бүтээл хийхэд маш их дэмжсэн. Өвөө хэлэхдээ “Их зөв зүйл хийж байна, өөрийнхөө мэргэжлийг залуучуудад сурталчлан таниулах хэрэгтэй. Ялангуяа эзэмшсэн мэргэжлээ уран бүтээл болгон залуучуудад хүргэж байгаа чинь маш зөв. Энэ ажлаа цааш үргэлжлүүлэн илүү хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн сонгодог хөгжмийг тоглолгүй яах вэ, угаасаа чиний мэргэжлийн онцлог тэр. Гэхдээ монгол хөгжмийг илүү тогло.

Монголын олон сайхан хөгжим дарагдсан байгаа, олон хөгжмийн зохиолчдын бүтээлүүд орхигдсон байна. Ийм бүтээлийг олонд түгээж, найруулж залуучуудад хүргэж чадвал түүнээс том, буянтай ажил гэж үгүй. Хөгжмийн болон урлагт маш том ажил хийж байна” хэмээн сайшаадаг байсан. Өвөөгийнхөө хүсэлтийн дагуу монгол аяыг түлхүү гаргасан. Үзэгчид ч монгол аяыг илүү их хүлээн авсан. Тийм болохоор миний өвөө намайг дэмждэг, уран бүтээлийн маань том зөвлөгч, шүүмжлэгч яах аргагүй мөн.

-Алимаа 25 жил төгөлдөр хууртай нөхөрлөж хангалттай цаг зарцуулсан байна гэж үзэж болох уу. Хэзээ ээж болох гэж байна, ойрын үед гэр бүлтэй болох төлөвлөгөө байгаа юу?

-Миний хувьд хүнтэй суух гэж яарахгүй байна. Ер нь хүн хийх ёстой зүйлээ хийж, аялах ёстой газраа аялж, үзэх ёстой зүйлээ үзэж, төлөвшсөний дараа гэр бүлийн амьдрал зохиох ёстой гэсэн зарчим баримталдаг. Түүнээс биш юу юугүй 20 дөнгөж гараад хүнтэй суух нь миний бодлоор зохимжгүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ насандаа гэр бүл болсон хүмүүсийг үгүйсгэсэн юм биш. Энэ насан дээрээ хүнтэй сууж жаргалтай амьдарч байгаа хүмүүс зөндөө л байна.

Гэхдээ хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. Гэр бүл болж нэг насаараа амьдрах болохоор хүнээ сайн танихыг эрхэмлэдэг. Иймд хүнээ сайн таньж, судалж энэ л миний насаараа хамт ханилах хүн гэж бодсон үедээ сууна, тийм хүнээ хайж л байна. Миний хувьд одоохондоо найз залуутай, найзлаад, үерхэж байгаа.

-Хэзээ аялж дуусах юм бэ?

-Аялж дуусах болоогүй ээ. Миний амьдралын гол зорилго боломж л гарвал аялах. Өвөлжингөө мөнгө хуримтлуулаад хавар аялалд гараад намар ирдэг уламжлал надад тогтсон.

-Оюутан байхаасаа багшилж эхэлсэн юм билээ. Гэгээлэг, цагаан цаас шиг хүүхдүүдэд өөрийнхөө мэдэж чаддаг бүхнээ зааж сургана гэдэг бахархалтай санагддаг байх?

-Багшийн мэргэжил их гоё. Мэдээж амар ажил биш. Хүүхдэд хөгжим тэр дундаа сонгодог хөгжим зааж түгээнэ гэдэг миний хувьд бахархал. Тухайн хүүхдийнхээ сэтгэхүй, насны онцлогт тохируулан ажиллаж, ганцаарчилж заадаг. Хүүхэд бүр өөр, өөрийнхөөрөө хүлээн авна, тэр болгонд тохируулж ажиллана гэдэг амаргүй. Гэхдээ үр дүнг нь харах сайхан байдаг юм. Тухайлбал, тэмцээн уралдаанд оролцож байр эзлэхэд шавь нарынхаа өмнөөс догдлоод сууна.

Тухайн хүүхэд энэ мэргэжлээр хичээллэхгүй байсан ч урлагийн асар том мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн болж төлөвшдөг. Тэр урлагийн мэдрэмжийг өгч буйдаа маш их баяртай байдаг. Нэг талаараа маш том хариуцлагатай ажил. Хүүхдүүд цагаан, гэгээлэг, гоё энергитэй. Тийм учраас багшлах ажилдаа өөрөө ч дуртай.

-Орчин үед төгөлдөр хуур, балетаар хүүхдээ хичээллүүлэх эцэг эх олширч, урлагийн боловсролд нь анхаарах болсон. Ер нь сонгодог урлаг хүнд юу өгдөг юм бэ?

-Хүүхэд хөгжмийн хүн болох байсан ч болохгүй байсан ч аливаа нэг хөгжмийн зэмсгээр тоглодог, өөрийн хэмжээнд сурсан байх нь тухайн хүүхдийн боловсролд их нөлөөлдөг. Ингэснээр тухайн хүүхэд сууж сурч, аливаа зүйлд нухацтай ханддаг, гоо зүйн боловсрол олдог, аливаа юмыг хүлээн авах мэдрэмж өндөр болдог.

Мөн ой тогтоолтыг сайжруулах зэрэг сайн үр дагавартай. Хөгжмөөр, ер нь урлагаар хичээллэсэн хүүхэд энгийн хүүхдээс эрс ялгаатай. Аливаа зүйлд хатуужилтай, юм хийж сурдаг, хөдөлмөрч, уйгагүй хатуужилтай, дээрээс нь урлагийн хатуу бүхнийг мэдэрдэг. Тийм учраас бусад салбар руу хөрвөсөн ч амжилттай явж чаддаг.

-Багшийн эрдэм шавьд гэдэг шүү дээ.Та хэр чанга багш вэ. Олон жил багшилсан болохоор нэлээд туршлагатай болсон байх?

-Хичээлийн цагаар бол нэлээн чанга багш. Гэхдээ залуу багш учраас шавь нартайгаа илүү чөлөөтэй байхыг хүсдэг. Тэдний санал бодлыг сонсдог, надтай харьцахад чөлөөтэй, найзууд шиг байлгах дуртай. Харин хичээлийн цагаар шаардах ёстой зүйлээ шаардана. Яагаад гэвэл сонгодог урлаг хатуу зарчимтай. Зүгээр нэг аясаар нь аргадсан зөөлөн, байдалтай байж болохгүй. Тийм учраас барих үедээ барина, магтах үедээ магтана.

Мэдээж хүн урмаар тэтгэгдэг болохоор тэднийг урамшуулна. Ер нь залуу багш гэдэг утгаараа хүүхдүүдтэй дотно байхыг хичээдэг. Багшийн ажил туршлагын ажил гэж үнэн юм байна лээ. Хөгжим бол гайхамшигтай. Хэдий чамд өнөөдөр хэцүү байгаа ч чи даван туулж чадвал ард нь амжилт хүлээж байгаа гэдгийг хүүхдүүддээ ойлгуулдаг.

-Хөгжмөөр тухайн уран бүтээлийг хүнд ойлгуулна гэдэг амаргүй байх. Дууг хүнд хүргэхдээ үгээрээ илэрхийлэх жишээтэй. Таны хувьд хөгж-мөөрөө дамжуулан хэлэх гэсэн зүйлээ илэрхийлж чаддаг уу?

-Хөгжмөөр хүний сэтгэлийн бүхий л үйл хөдлөлийг хүргэж болно. Хамгийн хязгааргүй, хэлгүйгээр, орчуулгагүйгээр хүрч чаддаг цорын ганц зүйл бол хөгжим. Хөгжмийн аялгуугаар тухайн хүний сэтгэлийн бүхий л эмоцийг илэрхийлнэ. Хөгжим, урлаг, уран сайхан гэдэг тэр чигээрээ өөрөө хүний амьдралын үйл явц. Хайр сэтгэл, байгаль дэлхий, ганцаардал, баяр хөөр, хурим найр, бүжиг цэнгүүн, хүний сэтгэлийн бүхий үйл хөдлөлийг хөгжмөөр илэрхийлдэг.

Миний хувьд өөрийнхөө дотор байгаа үгээр хэлэхэд хэцүү зүйлээ хөгжмөөр илэрхийлдэг. Хөгжим тоглоход бүтэн зураглал толгойд эргэлддэг. Хамгийн гол нь өөрөө зохиолоо маш сайн ойлгож сэтгэл зүрхнээсээ тоглох хэрэгтэй. Зүрхнээс зүрхэнд гэдэг шиг, зүрхнээс тоглосон хөгжим зүрхэнд хүрнэ. Ийм учраас зохиолоо өөрөө сайн ойлгох нь маш чухал.

-“Яг түүн шиг” шоунаас хойш шинэ уран бүтээл хараахан гаргаагүй. Сүүлийн үед ямар уран бүтээлд төвлөрч байна вэ?

-Ирэх оныг уран бүтээлийн жил болгохоор төлөвлөсөн. Тоглолт хийх санаатай байгаа. Мөн сонгодог талдаа түлхүү уран бүтээл гаргана. Сонгодог талаасаа өөрийгөө сорино. Жил бүр өөрийгөө сорьсон, өөрийгөө хөгжүүлсэн, шалгасан зүйл хийхийг эрмэлздэг.

-Ер нь сонгодог урлаг, төгөлдөр хуур танд юу өгөв?

-Төгөлдөр хуур миний амьдралыг надад өгсөн. Төгөлдөр хуур миний амьдрах хүч, гол утга учир. Одоо уран бүтээл гаргана, эцсийн эцэст миний уран бүтээл үлдэнэ, тийм болохоор тэр чигээрээ миний амьдрал. Миний мэргэжил, миний хийж бүтээж кайф авдаг, намайг хөглөдөг, уйтгар гунигаас авардаг зүйл бол төгөлдөр хуур.

-Төгөлдөр хуургүйгээр та өөрийгөө төсөөлж байв уу?

-Төгөлдөр хуур хөгжим их хартай, хажуунаасаа хэнийг ч холдуулах дургүй. Цаг үргэлж бэлтгэл хийж яг л тамирчин шиг эрч хүчтэй, гараа сайн ажиллуулж формтой байж энэ хөгжмийг тоглож чаддаг. Хөгжмөөсөө бага зэрэг холдоход л эвгүй байдаг.

x