Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрх баригчид өнөөдөр “Net neutrality” зарчмыг цуцлах үгүйг шийднэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын харилцаа холбооны зохицуулах байгууллага FCC (Federal Communications Commission) одоо мөрдөгдөж байгаа “Net neutrality” зарчмыг цуцлах эсэх асуудлаар өнөөдөр санал хурааж, шийдвэр гаргана.

Тус байгууллагын санал өгөх гишүүдийн дунд Бүгд Найрамдахчууд давамгайлж байгаа тул зарчим цуцлагдах нь бараг тодорхой болоод байна.

“Net neutrality” гэдэг нь интернэт хэрэглэгчийн хэрэглэх бүх мэдээлэл, агуулгыг ISP буюу үйлчилгээ үзүүлэгч нь ямар нэг ялгаварлалгүй, бүгдийг ижил нөхцөлтэй дамжуулах үүрэг хүлээх зарчмыг хэлдэг.

ISP болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчид аль нэг сайтыг хаах, ялгаатай төлбөр тогтоох зэрэг эрхгүй болж байгаа юм. Харин дээрх зарчим цуцлагдвал эдгээр компаниудын эрх мэдэл нэмэгдэж, хүссэн сайтаа хаах, хязгаарлах, агуулга бүрт өөр өөр үнэ тарифаар хандах нөхцлийг үүсгэж болох юм.

Тухайлбал YouTube сайтыг их ачаалал үүсгэж байна гэж үзвэл тэд хандалтыг нь хязгаарлах, энэ сайтад хандахын тулд илүү төлбөр төлдөг болгоно гэсэн үг.

Тиймээс “Net neutrality” зарчмыг цуцлах нь интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудад давуу талыг олгож, хэрэглэгчдийг хохироох муу талтай. FCC байгууллага 2005 оноос хойш дээрх зарчмыг хамгаалж ирсэн.

“Net neutrality” зарчмыг цуцлах болсон үндэслэл нь тус байгууллагад нөлөө бүхий либертари үзэлтнүүдийн чөлөөт зах зээлийг хамгаалах бодлого болж байна. Тэд интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн бизнесийн эрх ашгийг ингэж хязгаарлах буруу гэж үздэг юм.

Гэхдээ өнөөдрийн санал хураалтын дараа “Net neutrality” зарчим тэр дороо цуцлагдахгүй ба хэрэгжих хүртлээ доод тал нь нэг жил орчим болно. АНУ-д уг үйлдлийг эсэргүүцсэн интернэт хэрэглэгчдийн тэмцэл эхлээд байгаа.

Мөн “Net neutrality” зарчмыг хамгаалдаг Ардчилсан Намынхан ирэх жил конгресст олонх болох эсвэл 2020 онд Цагаан ордонд эзэн суувал интернэт хэрэглэгчид эрхээ хамгаалуулах боломж гарах юм.

АНУ-д гарах энэ шийдвэр дэлхийн олон улс оронд ч нөлөөгөө үзүүлнэ гэгддэг.

 

Эх сурвалж: Business Insider