Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Холбоодын хэрүүлээс болж Монголын сагсчдын тоглох эрхийг хасах шахжээ

Р.Саруул
2017 оны 12 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Монголд багийн спорт хөгжөөд нэлээд урт хугацаа өнгөрсөн. Гэвч сүүлийн хэдхэн жилд л дэлхийн чанартай амжилтууд үзүүлж байгаа нь урт хугацаанд хуримтлуулсан туршлагын үр дүн гэлтэй.

Гэвч багийн спортын хамгийн том төрлийн нэг болох сагсан бөмбөгийнхөн талцаж маргалдаад хэдэн жил боллоо. Монголд сагсан бөмбөгийн хоёр холбоо, хоёр ерөнхийлөгч, хоёр тамга бий. Чухам энэ шалтгаанаас болж сагсан бөмбөгийн тамирчид, багш, дасгалжуулагч нар хоёр талд, хань хамаагүй хүмүүс шиг байсаар өнөөг хүрсэн.

Уг нь энэ байдлаар үлгэн салган яваад байвал болох ч манай баг тамирчид тив, дэлхийн шилдгүүдийг ялсан амжилт үзүүлсэн, нөгөө талаар цаашид олон улсын чанартай тэмцээнд оролцохын тулд нэгдсэн холбоотой болохгүй бол горьгүй болжээ. Тодруулбал, МҮОХ-нд ФИБА-гаас МСБХ-ны удирдлагын маргаан болох Ерөнхийлөгч нь Ц Цэвэрбал уу, Б. Тамир уу гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн хариуг ирүүлэхгүй бол Монголын багийг Олон Улсын тэмцээнд оролцуулахгүйгээр эрхийг хасах тухай мэдээ иржээ.

Албан бичигт хариу өгөх эцсийн хугацаа тун тулгуу буюу энэ сарын 13-н буюу өчигдөр байжээ. Тиймээс манайхан, ямар ч гэсэн нэгдсэн шийдэлд хүрэхээс өөр аргагүйд хүрч байна гэсэн үг. Ингээд тус спортын хоёр холбооны удирдлагууд МҮОХ-нд уулзаж, Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн холбоог байгуулж, ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг сонгосон аж.

Ингэснээр манай сагсан бөмбөгийн холбоо асуудлыг түр ч болов шийдсэн гэсэн үг. Нөгөөтээгүүр энэ хурлаас хойш Монголын сагсан бөмбөгийн олон жил асуудал дагуулсан хэрүүл, маргаан нэг тийш болно гэж сагсан бөмбөгийн спортын хорхойтнууд үзэж байгаа. Харин энэ нэгдэл цаг хугацааны асуудал уу, эсвэл нэг мөр учраа ололцсон шийдвэр байв уу гэдгийг харуулах сорил ч олон бий.

Энэ талаар Т.Санчир "Би хамгийн энгийн жишээ хэлэхэд. Сагсчид бид бөхчүүд, дуучид жүжигчидтэй сагс тоглоод байж болох уу? Энэ бол сагсны дэвшил биш сүйрэл болоод байгаа юмаа. Энэ спорт чинь өөрөө үнэ цэнэтэй цензуртэй гэдэг байхаа. Тийм байх ёстой биз дээ? Би паласд очоод дуулаад байгаатай яг ижил болчхоод байна. Дээр нь зүгээр Монголчууд хэлдэг муйхраар бүх асуудлыг шийдэх гээд дайраад байх юм. FIBA гээд энэ том дэлхийн сагсан бөмбөгийн холбооны ажил ингэж явдаг гэж бодоод байдаг юм болов уу? 

Хойч үе эх орноо гэсэн шударга үнэн надад өчүүхэн ч харагдахгүй байгаад би үнэхээр харамсаж байна. Энэ бүгдийн цаана эрх ашиг мэдээж байгаа байх тэгэхдээ ядаж сагсаа битгий сөнөөгөөч ээ!!! Тамирчдаа битгий талцуулаач ээ. Спорт шударга байх ёстой!!! Би тулга гэдэг хүнээс үнэн үг олж сонсох гэж хичээгээд ч олдохгүй юм байна. Сагсан бөмбөгийн холбоо бас ажлаа муу хийж байгаа нь бас үнэн. Тийм болохоор нээлттэй хурал зарлаад. Сагсанд сэтгэлтэй хөгжүүлье гэсэн шударга зарчимтай хүмүүс байгаа л байлгүй тэр хүмүүсийг цуглуулаад.

Ерөнхийлөгчөө тэр дундаас сонгоод явбал болох юм шиг санагдаад байгаа юм. Яг өнөөгийн бодит байдал нь миний бодлоор (МСБХ )(МҮСБХ ) үзэл бодол эрх ашиг бүх талаараа хоорондоо нийцэхгүй. Яагаад гэвэл МСБХ эрх мэдлээ ашиглаж луйвар хийдэг хүмүүст сагсны хувь заяаг даатгахгүй гэсэн байр суурьтай. Харин МҮСБХ бол МСБХ холбоог унагааж эрх мэдлийг ямар ч хамаагүй замаар олж авах нь гол зорилго нь.

Голд нь тамирчид болон ирээдүйн хойч үе сагсан бөмбөг чинь сүйрлээ ш дээ. Олон улсад тоглох эрхгүй болчихвол дараа нь хэн хариуцлага үүрэх вэ? ЖИЧ: би хэн нэгний ятгалгаар бичээгүй товчхон миний мэдэж байгаа ойлгож байгаа зүйлсээ бичлээ. Маш олон хүмүүс надаас асууж байна яг юу болоод байгааг хэлээч гэсэн юм шүү!!!!“ гэжээ.

Ингээд харахад дээрх хурал яах аргагүй гал намжаах арга төдий ч юм шиг. Монголын сагсан бөмбөгийн түүхийг сөхвөл 1940-өөд оны сүүлээр манай оронд урилгаар ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүд чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог байжээ. Тэднээс офицерын сургуулийн сонсогчид зарим залуучууд суралцаж байснаар энэ спорт манай оронд үүсэх эхлэл нь тавигдсан гэдэг.

Ингээд 1954 онд сагсан бөмбөгийн анхны УАШТ албан ёсоор зохион байгуулагдаж, 1962 онд сагсан бөмбөгийн спортын ууган мастер Содномын Чойн болон манай улсад уригдан ажиллаж байсан хуучнаар ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат багш В.В.Горохов нар Монголын сагсан бөмбөгийн холбоог анх санаачлан байгуулж байсан түүхтэй юм билээ.

Зураг