Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Засгийн газрын өнөөдрийн /2017.12.13/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Мөн ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский  Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөг олгохоор боллоо.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа.

Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржина гэж үзэж байна.

 Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, даатгал нь харьцангуй бага зардлаар илүү үр ашигтай, шуурхай ажиллах боломжтой болно гэж Эрүүл мэндийн яам тооцоолжээ.

Соёлын өвийг хамгаалахад санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

  • Соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг баталлаа.
  • Тусгай зориулалтаар 2018 онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах, тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.
  • Уйгаржин монгол бичгийн компьютерийн кодчлолыг шинэчлэн олон улсын стандартад нийцүүлэх талаар Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлөөр хэлэлцэн, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.
  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Сочи хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралдаанд оролцсон дүнгийн талаар танилцуулж, хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
  • “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын Захирамж гаргахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.