Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад оруулахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN
 

УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Монголын Оюун Ухааны Академи"-н захирал, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Х.Хатанбаатар болон амжилт гаргасан сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

"Монголын оюун ухааны академи" одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, 760 медаль хүртээд байна. Энэ онд тус академийнхан олон улсын хэд, хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос Индонези улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдсан өндөр чансаатай тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Тодруулбал, тус тэмцээнд Монгол Улсын баг 21 орны 130 гаруй тамирчидтай өрсөлдөж, 90 медалиас 57-г нь хүртэн багийн дүнгээр 22,531 оноо цуглуулж, үнэмлэхүй ялалт байгуулжээ.

 

Уулзалтын эхэнд Ц.Цогзолмаа сайд монголчууд хэдийгээр цөөхүүлээ боловч оюуны шавхагдашгүй ундаргатай ард түмэн болохыг онцлоод эх орныхоо нэрийг оюуны спортоор цуурайтуулсан Х.Хатанбаатар багш болон сурагчдад баяр хүргэсэн юм. 

Улмаар салбарын сайд ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад багтаахаар шийдвэрлэснээ энэ үеэр дуулгалаа. Түүнчлэн энэ төрөлд олон улсын болон УАШТ-нд амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж, урамшуулах асуудлыг хууль, эрхзүйн хүрээнд шийдвэрлэнэ гэв. 

"Монголын оюун ухааны академи"-ийн хамт олон цаашид орон нутагт хүрч ажиллаж, соёлын болон боловсролын сонирхолтой контент бэлтгэж буйгаа уулзалтын үеэр уламжиллаа. 

 

Эх сурвалж: БСШУСЯ